Засгийн газрын наймдугаар сарын 3-ны ээлжит хуралдаанаар ямар асуудал хэлэлцэн, шийдвэрлэсэн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Засгийн газрын өчигдрийн /VIII.04/ хуралдаанаар нийтдээ 10 гаруй асуудлыг хэлэлцсэн байна. Мөн намырн ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл гээд цаг үеийн асуудлаар Засгийн газар хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэжээ.
Газар тариалангийн бүс нутаг болон төвийн аймгуудаар зуншлага муу, гантай байгаатай холбоотойгоор хадлан тэжээл бэлтгэх ажил хэцүүдэж байна. Хэдийгээр сүүлийн өдрүүдэд бороо хур элбэг байгаа ч бэлчээрийн өвсний гаралт сайжирсан болохоос хадлангийн ургамал ургаагүй байгаа юм. Тиймээс ган, гачиг нүүрлэсэн аймгуудын өвөлжилтөд зориулж, зуншлага сайтаа аймгуудаас хадлан тэжээл бэлтгэхээр болжээ. Тодруулбал, ногоон тэжээл бэлтгэхэд 10 тэрбум, улсын онцгой нөөцийн бүсэд хадлан тэжээлээ хүргүүлэхэд 2 тэрбум гэхчлэн нийт хадлангийн ажилд 12 тэрбум төгрөг зарцуулахыг Сангийн сайд болон Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан байна.
Энэ жил 395 га талбайд үр тариа тариалсан. Үүний 80 орчим га талбай гандуу байгаа. Тиймээс гандуу байгаа тариалангийн талбайн ургацыг ногоон тэжээлд авахыг тариаланчид салбарын сайдаас хүссэн аж. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг ярилцаж, тариаланчдыг дэмжихээр болсон байна.
Энэ өвөл Монгол Улсын хэмжээнд 58 сая мал өвөлжинө гэсэн урьдчилсан тооцоо байгаа аж. Засгийн газар нийт 1,2 сая бог, 250 мянга гаруй бод малыг экспортлохоор төлөвлөсөн байна. Харин дотоодын хэрэгцээнд зориулж хоёр сая бог, мөн багагүй хэмжээний бодын махыг нийлүүлэхээр тооцжээ. Үүнд 180 орчим тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зээлэнд зарцуулахыг Сангийн сайдад даалгасан байна. 58 сая малын өвөлжилтөд 1.2 сая тонн өвс тэжээл шаардагдана гэсэн тооцоо байгаа аж.