“Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч, МУУГЗ, Оросын Засгийн газрын тэргүүн дээд шагналт, Буриадын ардын жүжигчин, Бадамгаравын Наранбаатарынд өнжлөө. Биднийг очиход Б.Наранбаатарын гэргий соёл судлалын доктор Д.Оюун хаалгаа тайлж байна. Тэрээр нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын охин билээ.
“Өдрийн сонин”-ы хүүхдүүд ирнэ гээд бид хоёр хүмүүстэй уулзах байснаа хойшлуулаад гэртээ ирчихээд байна. Сүүлийн хэдэн өдөр уулзалт тасарсангүй. Алдрын одны хөлд үрэгдэх нь байна шүү дээ” хэмээгээд инээмсэглэв. Энэ гэр бүлийн хоёр орост сургууль төгсөөд Буриадад ажилласантайгаа нийтдээ 23 жил хойно байжээ. Мөн сүүлийн арваад жил Өвөрмонголд ажилласан байна. Тиймээс Монголдоо олигтой төвхнөж амжаагүй нүүдэлчин маягаар ажиллаж байгаа болохоор хүүгийнхээ байранд байгаагаа учирлав.
Д.Оюун “Та хэд сууж бай. Дөнгөж л орж ирээд байсан болохоор юм бэлдэж амжсангүй” гэсээр гал тогоо руугаа орлоо. Бидний яриа саяхан болсон Алдрын хүндэтгэл тоглолтын талаар эхэлсэн юм. Б.Наранбаатар “Алдрын од шагнал авах болсныг хэдхэн өдрийн өмнө л мэдсэн. “Чингис хаан”-ы Д.Жаргалсайхан маань урд тоглолттой явж байгаад нэг тоглолтоо орхиод ирсэн байх шүү.
Ч.Насантогтох Увсын баярт яваад ирж чадаагүй юм билээ. Ийм сайхан шагнал хүртээж байгаад нь баяртай байна. Америкт байдаг алдрын одтой ижил биш очир хэлбэртэй, самбар дээр нэрийг мөнхөлж байгаа нь таалагдлаа. Мөн Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн энэ зун Чингисийн талбайд хийсэн зүйлс хүмүүсийн сэтгэлд их нийцэж байна. Үндэснийхээ дуурь, рок поп, морин хуураа дандаа амьдаараа тоглолоо. Саяын алдрын одны арга хэмжээ ч сайхан боллоо. Бараг хүн ирэх юм уу гэж байтал бүр суудал ч олдохгүй арай гэж эхнэрээ урд сандал олж суулгасан шүү” гэв.
Баруун гарынх нь дунд хурууны өндөг цус хураад хүрэн өнгөтэй болчихож. Хүндэтгэлийн тоглолтын үеэр “Цэнхэр залаа”-г ятгаар тоглосноос ингэжээ. Тэр болгон ятга тоглохгүй болохоор жаахан сургуулилт хийтэл нь цэврүүтэж тоглолтын урд өдөр хагарч ус нь гараад давстай хар цайнд дүрж юм юм л болсон гэнэ. Тэрээр “Яг тоглох дээрээ хөндүүрлэж өвдөөд шүдээ зуугаад л тоглосон. Уг нь удаан тоглоод байвал хуруунууд эвэршээд ямар ч өвдөлтгүй болдог. Тоглохгүй удахаар ингэлээ л дээ. Тоглолтын өмнө ер нь болих уу эсвэл хөгжим тавьчихъя гэтэл тогло ам, гар барихыг зөвшөөрөхгүй гээд ээ” хэмээгээд инээмсэглэв.
Чулуу шидэхэд ятгаа хамгаалаад өөрөө цохиулдаг байжээ
Б.Наранбаатар бол анхны 16 мэргэжлийн ятгачны нэг юм. Хөгжим бүжгийн коллежид байхад нь Монголд анх ятга хөгжмийг мэргэжлийн түвшинд бэлтгэхээр анги байгуулжээ. Гэтэл чухам л ятга гэж яриад бусад хичээл ороод байгаа хэрнээ багш ч үгүй, ятга ч үгүй жил шахуу болсон гэнэ. Тэгсээр ардчилсан Солонгосоос Ким Зон Ан гэх эрэгтэй багш, ятгатайгаа ирсэн байна. Дөрөвдүгээр ангийн хүүхдүүд байсныг ч хэлэх үү. Ятганаасаа намхан. Тухайн үед хүүхдүүд их чулуугаар байлддаг. Хичээлээ тараад ятгаа аваад явахаар замд нь хүүхдүүд чулуу шиддэг байж гэнэ. Ингэхэд нь ятгаа хамгаалаад өөрөө чулуунд оногдоод явдаг байснаа хуучлав. Анги нь дөрвөн хүү, 12 охинтой. Эрэгтэйчүүд нь Б.Эрдэнэхуяг, Д.Цэрэнбатаа, Ж.Батсайхан энэ хэд. Төгсөх дөхөх үед нь Говь-Алтай аймагт “Алтай” чуулга дөнгөж нээгдэж байж. Тэгээд Б.Наранбаатар нөгөө гуравтаа “Эмэгтэйчүүдийг ч яахав ассамбль, чуулга аваад явчихна. Бид дөрөв хаана ч үгүй л хүмүүс болох нь. Ерөөсөө Алтай чуулга явъя. Хөдөөнөөс дөрвүүлээ ёстой үзүүлээд өгье” гэж ятгана. Нөгөө гурав нь хөдөө явах дургүй байртай. Ингэсээр төгсөлтийн шалгалт ч болж.
Төгсөлтийн дипломын шалгалтыг урлаг заалныхаа тайзан дээр нэг нэгээр нь тоглуулж авдаг байсан байна. Шалгалтын комисст бүх байгууллагын дарга, уран сайхны удирдаачид сууна. Солонгос багш болохоор солонгос дасгал, ая их заадаг байж л дээ. Харин төгсөх курстээ Б.Наранбаатар, Б.Эрдэнэхуяг хоёр гэртээ “Арван тавны сар”, “Дэлгэрхэн дэлхий” гээд ардын дуунуудыг ятганд тохируулж найруулаад тоглодог байсан байна. Солонгос багшийнхаа заасан нэг амархан аяыг аваад өөрсдийнхөө найруулж бэлдсэн “Арван тавны сар”-ыг чөлөөт сэдэв дээрээ тоглож үзүүлжээ. Шалгалтынхан ч босч алга ташаад их өндөр хүлээж авсан аж.
Ингээд тэр үеийн Ардын дуу, бүжгийн чуулгын уран сайхны удирдагч байсан МУУГЗ, хөгжмийн зохиолч Г.Цэрэндорж бүгдийг нь чуулгадаа авчээ. Чуулгад ороод хэдхэн хоногийн дараа төрийн концерт дээр “Арван тавны сар”-аа тоглосон байна. Гэвч түүнээс цааш эмэгтэйчүүд нь л мандаад байсан юм уу даа. Энэ талаар “Охидууд ятгын чуулга гэж гараад хөгжмөө тоглоод “гайхмаараа хө”, “би чамайг аваад явах уу” гээд Г.Дарамзагд гуайн гоё гоё дуунуудыг бүгдээрээ дуулна. Ятга уяхан дуутай эмэгтэй хүнд их тохиромжтой. Бид дөрөв тайзны шат зөөнө. Заримдаа найрал дуунд хүн дутвал зогсдог байлаа. Жаахан биетэй юмнууд том том жанжин малгай тавьчихна. Тэр нь бараг нүд халхалдаг байсан байх. Тэгээд мал төл, хадланд явуулна. Ерөөсөө л тийм ажилтай болж байгаа юм. Ятгатайгаа дуулах гэхээр дөрвөн барайсан хар юм дуу хоолой нь ч тохирдоггүй. Найрал дуунд байсан Н.Гэрэлт-Од манай командын нөхөр байлаа. Уг нь их сайхан дуулна гэхдээ бас л ер юманд ордоггүй нөхөр л дөө. Хадланд болохоор бид хамт явна. Хүүхдүүд болохоор дуртай ч байж дээ” гэв.
Гэхдээ цаагуураа нийлээд ардын дуунуудыг найруулаад ятгын зохиолууд хийгээд байж. Тэгээд уран сайхны удирдагч Г.Цэрэндорж руу ороод “Багшаа бид ятгаар төгссөн тэгээд мал төл, хадлан, тайзны засал хийж байна. Эсвэл бидний тайзны ажилчнаар шилжүүлчихвэл яасан юм” гээд гоморхсон гэнэ. Б.Наранбаатар “Багш дуугай явж бай бид мэдэж байна гээд гаргачихлаа. Тухайн үед Г.Дарамзагд, Э.Чойдог, Л.Мөрдорж, Д.Лувсаншарав гуай гээд дандаа том бурхдууд байлаа. Тэд Д.Түмэндэмбэрэл хоолой нь намдуу болохоор жаахан дарагдаад байна. Ятга л яг таарна гээд Түмэндэмбэрэл ятгын дөрвөн эрэгтэйтэй гээд хуваарилчихаж. Гэтэл Түмэндэмбэрэл гуай уурлаж “Тэгнээ тэгнэ. Та нар надад тааруулаад дөрвөн мууг нь өгч байгаа биз дээ” гэж байсан гэсэн. Тоглолтод орохгүй болохоор муу гээд ойлгочихсон хэрэг. Бид дөрөв нь ч Түмэндэмбэрэл гуайдаа тал засаад яах уу гэтэл “Монгол транс, Юндэн гөөгөө” гээд нэлээд янзгүй хэлж байна. Бидэнд тэр бол үдийн будаа л даа. Ингээд хоорондоо ярилцаад таван минутын дараа нийлж үзсэн. Тэгээд л шал өөр болж байгаа юм. Уран сайхны зөвлөлдөө ч шалгууллаа. Маргаашнаас нь л төрийн бүх концерт, тоглолтод оролцдог болсон доо” гэж ярив. Тэрээр цааш нь “Тэр үеэс ятгын дөрөв гэж гарсан юм. Нэг үе П.Адарсүрэн гээд дуучид дуулахад ч ард нь эрэгтэй эсвэл эмэгтэй ятгын дөрвөл гардаг байлаа шүү дээ. Ятгыг ардын дуутайгаа холбож ятган дээр анх удаа найруулгатай аккордын хүндрэлүүдийг анх нээсэн. Том том багш нарын нөлөө маш их байдаг” хэмээв. Тэгээд нөгөө хэд өөрийн хүн болох Н.Гэрэлт-Одыгоо татаж авсан байна. Ингээд Гэрэлт-Од, Түмэндэмбэрэл, ятгын дөрвөл хэмээн алдаршиж гадаад, дотоод тоглолт, төрийн концертод оролцож цалин нь нэмэгдэн нэг л өдрийн дотор байдал өөр болсон гэнэ.
“Ж.Батсайхантайгаа хамтлагаа байгуулах талаар мөрөөддөг байлаа”
Тэрээр “1969 онд манайх чуулгаараа Москва, Ленинградад соёлын өдрүүд хийлээ. Тоглолт дээр манай Н.Гэрэлт-Од “Подмосковные вечер”-ийг дуулсан. Мөн бид дөрөв ятгаар Чайковскийн “Хунт нуур”-ын аялгууг тоглож алдаршиж байлаа. Биднийг мундаг хүлээж авсан. Тэгээд зөвлөлтийн радиогоор бидний тоглолт Монголд нэвтэрч байлаа. Большой театрын тэр алдартай сайхан тайзан дээр тоглож байлаа. Ятга таван хөгтэй. Түүн дээр дэлхийн алдартай хөгжмүүдийг тоглож, найруулга гаргана гэдэг нарийн мэдрэмж” хэмээв.
Тэр дөрвийн найруулга гарган тоглож буй ритм, тоглож байгаа аккордын хүндрэлүүд гээд хэв маягийг нь тухайн үед хөнгөн хөгжим гэж ярьдаг байсан байна. Мөн 1970-аад онд барууны социалист хамтлагууд их ирдэг байж л дээ. Тухайлбал, Полшийн “Трубадур”, “Амазонк” гээд алдартай хамтлагууд, Германы том оркеструудын тоглолтыг алгасалгүй үзэж орчин үеийн хөгжмийг хардаг байжээ. Дээр нь орос телевиз үздэг нь ч нөлөөлсөн байна. Б.Наранбаатар “Миний баруун гар болж “Соёл-Эрдэнэ” хамтлагийг байгуулж явсан хүн бол манай Ж.Батсайхан юм шүү дээ. Ноднин нас барсан. Тэр маань сая байсан бол их л сайхан байх байсан байх аа. Тэднийх 120 мянгатад гэртэй. Манайх хоёрдугаар 40 мянгатад байдаг. Бид хоёр ажлаа тарчихаад төв талбай дээр хоёр тийшээ салахгүй баахан ярьж, мөрөөдөж суудаг байлаа. Соёлын яамны орлогч сайд Лодойдамба гуай гадаад, дотоод их явдаг. Тэгэхдээ сонсдог мэддэг хүрээ нь өөр байдаг байсан байгаа юм. Тэгээд нэг өдөр Цох хорхой гэж хамтлаг байдаг та нар мэдэх үү. Тийм хамтлаг болж чадах уу гэж байна. Загатнасан газар маажчихаж байгаа юм. Ингэж л хамтлаг байгуулагдах эхлэл тавигдсан” гэж ярьлаа.
Ингээд Соёлын сайд Сосорбарам гуай Аж ахуйн дарга Шаравтаа “Энэ дөрвөн хүүхэд эстрад хамтлаг байгуулна. Хэрэгтэй юмнуудыг нь өг” гэж үүрэг өгчээ. Нөгөөх нь бараа захисан гээд яваад байдаг. Өнөө дөрөв нь байнга шалаастай сайдад нь очиж хов хүргээстэй хэдэн сар болжээ. Тэгж байтал “Бааз дээр хэдэн гитар ирсэн та нар очоод ачаа барааг нь буулгаад ав” гэсэн гэнэ. Дөрвөн гитараа авах гэж бүх л ачааг нь буулгаж ачиж өгч. Гэтэл дөрвүүлээ басс гитар байсан аж. Тэгээд дахиад хэдэн сар хөгжимгүй явсан байна. Япон руу захисан гээд хүлээж байтал цэцэрлэгийн хүүхдийн сургалтад ашигладаг юм хүртэл өгч байжээ. Ерөнхийдөө “Соёл-Эрдэнэ” хамтлагийг байгуулах гэж бужигнаж байхдаа л Соёлын яам солл, басс гээд гитарууд өөр байдаг гэдгийг мэдсэн гэнэ. Ингээд хагас жил шахуу болсон хойно нь Соёлын сайд байсан Сосорбарам гуай Япон руу хуралд явах гэж байсан сайдад үүрэг өгч хамгийн сайн хөгжим, тоноглолтой болгожээ.
Монгол попыг “Соёл-Эрдэнэ” үндэслэсэн гэв
Хөгжим хэрэгсэлтэй болчихоод Галсанбат, Жаргалсайхан нар нэмэгдээд хамтлагаа байгуулж байжээ. Дуучнаар Гэрэлт-Од, Нандинцэцэг нар байж. Ингээд орчин үеийн хөгжим дээр өөрсдөө тоглож сурсан байна. Ардын дуу бүжгийн чуулгын дэргэд байсан болохоор сууриа дандаа ардын дуунуудаар тавьсан аж. Энэ үедээ “Хүүш Дамдин”, “Хадны орой”, “Сэр сэр салхи” зэрэг ардын дуунуудыг шинэ хөгжмийн найруулгатай олон хоолойгоор салгаж дуулж эхэлжээ. Биднийг ийн хөөрөлдөж байхад Д.Оюун “Монгол попыг үндэслэсэн хамтлаг бол Соёл-Эрдэнэ юм шүү дээ. Д.Болдыг үндэслэсэн гэж яриад байгаа нь том эндүүрэл юм” гэлээ.
Ингээд 1971 онд концертын программаа батлуулжээ. “Соёл-Эрдэнэ” хэмээх 1930-аад оны Дорждагва гуайн дууг Б.Наранбаатар шинээр найруулан тавьж түүгээрээ хамтлагаа нэрлэсэн байна. Тэдний анхны тайзны хувцсыг УГЗ Доржпалам скизийг нь гаргаж урлажээ. Тухайн үедээ материалын хямдыг бодоод танзан хилэнгээр гурван шар, гурван улаан пиджак хийлгэн өмсөж байсан гэнэ. Хэт өргөн биш ч трапиц өмдтэй, бие барьсан содон өнгийн пиджактай тухайн үедээ сонирхол татахуйц хувцастай болжээ. Бас зузаан ултай гутал өмсч тайзан дээр гарчээ.
Энэ талаар Б.Наранбаатар “Тэр үед дотоод хяналт гээд бүх том хөгжмийн зохиолчид, багш нар үзнэ. Дараа нь гадаад хяналт гээд Соёлын яам, Төв хорооны үзэл суртал, Хөгжмийн зохиолчдын холбооноос бүрдсэн хүмүүс үздэг байлаа. “Энэ хэдэн сөөсийсөн банди нар юун ч том нэртэй юм” гээд шүүмжилнэ. Алив Наранбаатар хамтлагийн ахлагч нэрээ тайлбарла л гэж байна. Би ч манайх Ардын дуу бүжгийн үндэсний чуулгын дэргэд байдаг. Тийм болохоор бамбарууш, динозавр гэсэн нэр өгмөөргүй байна. Тэгээд Соёл-Эрдэнэ гэж Дорждагва гуайн сайхан дуугаар нэрлэлээ гэж байсан юм. Чанга, сул байна гээд баахан юм ярьсан ч бидний концертыг 100 хувь баталж байгаа. Манай Цэрэндорж багш их айхтар хүн байсан. Махкомбинатад тэр үед дандаа германы мэргэжилтнүүд ажилладаг. Тэр мэргэжилтнүүдийн баяр дээр биднийг анх тоглуулж байлаа” хэмээн ярив. Тухайн цагт шүүмжлүүлж байсан зүйлсийнхээ талаар “Найрамдлын дуу дуулж байхад яагаад дундуур нь хэй хэй гэж хашгирч байгаа юм. Хүүш Дамдин гэж гуч гаруй хэлдэг нь яаж байгаа юм гэж сонин дээр шүүмжлүүлж байлаа. Бас миний “Эндүүрэл” дууг “Энэ нөхөр эндүүрчээ, андуурчээ гээд орилоод байх юм. Эндүүрсэн андуурсан юмаа бид энд дуулахгүй шүү нөхөөр гээд шүүмжилж радио бичлэгийг нь хааж байсан. Дараа нь болохоор энэ их сайн дуу, маш мэргэжлийн хэмжээнд бичигдсэн дээшээ доошоо их гарсан сайхан дуу” гэж байлаа. Манай Зундарь бид хоёр үзэл суртлын хэлтэст зөндөө дуудагддаг байсан шүү дээ. Одоо чөлөөтэй сайхан болж. “Нисванис”-ийн Амгаа “Зүрхээ зүсээд хуваамаар” гээд дуулж байна ш дээ. Бид одоо 70 хүрэх гэж байгаа хүмүүс. Гэхдээ сэтгэлгээгээрээ залуу. Урлагаар дамжуулж хүмүүжил, соёл, ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдсөн юм” хэмээн ярив.
Ятгын ганцаарчилсан төрлөөр Дэлхийн залуучууд оюутны наадмаас алтан медаль хүртжээ
1973 онд Дэлхийн залуучууд оюутны X их наадамд монголын чуулга, сор болсон хүмүүс, ардын хөгжмийнхөн тусгай программ зохиож оролцжээ. Тэнд Монгол Улсыг төлөөлсөн концертод “Соёл-Эрдэнэ” хамтлаг “Хүүш Дамдин”, “Цэнхэр залаа” болон наадамд зориулж “Залуус их наадамдаа” зэрэг дуунуудаа дуулахаар оролцжээ. Тэр үед болсон нэг хөгтэй зүйл нь “Социалист оронд явах гэж байж ийм байж болохгүй” гээд хамтлагийнхны үсийг нь тайрч сарфан шиг зүйл өмсгөн жигдрүүлж байсан гэнэ. Энэ талаар Б.Наранбаатар “Тухайн үедээ үзэл суртлын юм байсан. Гэхдээ аажимдаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Тийм хөгжмийг чинь зүгээр нэг хөвөнтэй өмдтэй гараад тоглоод байж болохгүй биз дээ. Биднийг анх монгол захтай урт хантааз өмсүүлээд, үсийг нь тайраад байдаг байсан. Тэгээд аяндаа нийгэм, хөгжил хүлээн зөвшөөрч эхэлсэн” гэв.
Берлинд болсон тэр Дэлхийн залуучууд оюутны фестивалийн бас нэг сонин нь Б.Наранбаатар ятга тоглоод алтан медаль хүртэж байжээ. Язгуур урлагийн төрөлд тэмцээн зохиоход нь оролцмоор санагдаад л оролцчихсон гэнэ. Тэгээд Цэрэндорж багшдаа хэлж бүртгүүлээд ангийнхаа найзын ятгыг гуйгаад ганцаараа тоглож очжээ. Бэлдэж очсон хүмүүс тэр хөгжмөөрөө гоцлож ард нь үндэсний хөгжим хавсарч байсан гэнэ. Гэсэн хэдий ч түрүүлж монголдоо анх удаа ятга хөгжмөөр алтан медаль авчирч байжээ.
“Соёл-Эрдэнэ” орцонд архи уудаг хүмүүсийг алга болгов
“Соёл-Эрдэнэ” хамтлаг гарснаар орцонд архи уудаг хүмүүсийг гитар тоглодог залуус шахаж гаргасан байна. Өнөө хэр түүнд Харангын Чука, Энхманлай, Одсүрэн нар “Нараа ах сайхан залуу байсан шүү. Бид ингэж тоглох юмсан гэж боддог байсан” гэж ярьдаг гэнэ. Хөдөө орон нутгаар ч яваагүй газаргүй гэв. Тухайн үед Улсын филармонийн төлөвлөгөөг ганцхан “Соёл-Эрдэнэ” хийдэг байсан аж. Энэ талаар “Тэр үед нэг сард 45 мянган төгрөгийн орлого хий гээд үүрэг өгнө. Бид чинь концертоо тоглоод нийтийн бүжиг явуулна. Ямар сайндаа Дуурийн театр төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй байна гэхээр нь бид хоёр удаа үнэгүй тоглож төлөвлөгөөг нь биелүүлж өгөх жишээтэй. Хүмүүс орох гээд хамаг цонхыг хага цохичихно. Нөгөөдүүл ч мөнгө л бүрдэж байвал эвдэх хамаагүй гэдэг байсан. Циркийн тэр том сайхан шилийг бас л хагалуулна. Очсон газар бүхнийхээ цонх хаалгыг хагалуулдаг байсан даа. Ямар сайндаа “Эх нутгийн дуу” билүү концерт 19:00 цагаас тоглох байтал 20:00 цаг болж байхад үзэгчид нь орж чадахгүй. Сэргийлэх ирээд нохой тавьж, гал команд ирээд гурван есийн хүйтэнд ус цацаж байж замбараатай болгож байлаа. Хөлийн дор дэвсдэг шороотой даавууг нэг сахилгагүй нь л дээш нь гаргачихсан бололтой. Бөөн шороо маналзсан даавуу газар унахгүй явж байгаа харагддаг байв. Би чинь 10-аад жил “Соёл-Эрдэнэ”-ийн уран сайхны удирдаачаар ажилласан. Тэгэхэд хөдөө ч, хотод ч үзэгч пиг дүүрэн, билет олддоггүй байсан” гэж хуучиллаа.
Сургуульд явуулахгүй болохоор нь Ханх сум руу ажиллахаар явж байлаа
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн уран сайхны удирдагчаар ажиллаж байсан болохоор сургуульд явуулдаггүй байсан гэнэ. Энэ талаар “Хэрвээ явуулчихвал дууны найруулга, төлөвлөгөө, ашиг тасарна гэж үздэг байсан юм шиг байна лээ. Тэгээд би өөрөө Ханх сум руу ажиллахаар хүсэлтээрээ явж байлаа. Тэгээд удаа ч үгүй дуудагдаж ирээд ажилласан. Дараа нь Ленинградад сургуульд явсан юм. Оюутан ахуйдаа Д.Оюунтай танилцаж гэр бүл болсон” гэж ярив.
Б.Наранбаатарын хүүхдүүдээс “Сонорын Н.Халиун аавынхаа ажлыг үргэлжлүүлж байгаа. Энэ талаар “Хүү маань хийсэн уран бүтээлээ үзүүлнэ. Надаас зөвлөгөө авах юу байхав. Урам хайрлана. Миний хүү их авьяастай. Анх аранжровшик гэдэг мэргэжлийг албан ёсоор гаргасан хүн нь Халиун шүү дээ. Бүх одууд Б.Сарантуяа, Т.Ариунаа, Камертон. Тэр бүх аранжровшикийг нь хийгээд дашка мастерийг нь хийгээд одооны энэ зүйлийг тавьсан” хэмээв. Д.Оюун ч “Халиун үнэхээр аавынхаа авьяасыг авч төрсөн хүүхэд. Дээрээс нь маш ажилсаг, даруу шүү дээ. Анх аав нь найруулга хийгээд 1990-ээд оноос хүү нь бүр мэргэжлийн болгож байна. Манайд дуучин алдаршаад байдаг тал байх юм. Хөгжмийн найруулга гэдэг хамгийн гол ажил л даа. Байшингаар бол өрлөгчин, шаварчин нар алдаршаад, инженерүүд нь мэдэгдэхгүй өнгөрөөд байна гэсэн үг” гэв. Мөн охин Н.Нар-Оюу нь Ленинградад оюутан ахуйд нь мэндэлжээ. Буриадад цэцэрлэгээсээ эхлээд хөгжмийн дунд, дээдийг төгссөн. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны хамгийн залуу гишүүн эмэгтэй юм байна.
Б.Наранбаатар гуай загасчлах их дуртай гэнэ. Д.Оюун “Халиун аавтайгаа загас л их ярина шүү дээ. Энэ хоёрын дуртай юм нь” гэсэн бол Б.Наранбаатар “Бид оюуны ажил эрхэлдэг хүмүүс. Загасчлах тархинд маш сайхан амралт болдог. Бас өөрөө ч мэдэлгүй их хол алхсан байдаг юм. Монголынхоо бараг бүх голд загасчилсан байх аа. Би бас загас барих түүгээрээ хүмүүст хоол хийж өгч магтуулах дуртай. Ер нь загасчлах бол хэрэгцээнийхээ хэрээр л авах хэрэгтэй. Хэрэгцээнээсээ илүү гаргаж бариад өмхийрүүлдэг хүмүүст дургүй. Ашиг олох зорилгоор дэлбэлэх, тор тавих таалагддаггүй юм. Ер нь тэгээд тул загас Улаан номонд орсон барьж болохгүй л гэсэн бол болохгүй шүү дээ. Дэлхий тэр чигээрээ байгаль орчноо хамгаалах чиглэлд явж байна” гэж ярив.
Улсын томилолтоор монгол туургатнууддаа туслахаар явжээ
1990-ээд онд Буриадаас манай улсын Соёлын урлагийн хороонд ардын урлаг, орчин үеийн урлагийн талаар мэддэг мэргэжилтэн явуулахыг хүсчээ. Тухайн үед дарга нь байсан Б.Бадар-Ууган тэр дагуу Б.Наранбаатар, Д.Оюун хоёрыг гурван жилийн хугацаатай томилолтоор явуулсан байна. Хэдий гурван жилийн гэрээгээр Буриадын “Байгаль” чуулгад очсон боловч тэдний хүсэлтээр гэрээгээ хоёр, гурван жилээр сунгасаар 17 жил болжээ.
Анх очиход нь Буриадын Үндэсний хөгжмийн оркестр гэхэд баянтай, басс гитартай, ёочинтой халтар хултар байсан гэнэ. Тэгээд том оркестр болгосон төдийгүй ОХУ-д дээгүүр орох хэмжээнд хөгжүүлжээ. Тэрээр “Буриадад би 400 дуу хийсэн байдаг. Мөн бүжгийн хөгжим, киноны дуу гэхэд 100 гаруйг бичсэн байна. Арваад драмын жүжгийн хөгжим бичжээ” хэмээв. Түүний Буриадын театрт зориулж бичсэн “Угийн сүлд” хэмээх хөгжимт жүжиг нь ОХУ-ын хэмжээнд 87 мэргэжлийн театр өрсөлдсөнөөс нэгдүгээр байрт оржээ. Өвөрмонголын Одон телевизийн Радио телевизийн улсын хороо том чуулга, найрал дууны бүлгэмтэй аж. Тэнд очиж ажиллан үндэсний хөгжмийн хамтлаг шинээр байгуулжээ. Энэ мэтээр монгол туургатныхаа хэмжээнд хийсэн ажил нь их гэнэ.
Ирэх есдүгээр сард Өвөрмонголд очиж хүүхдийн найрал дууны СD гаргах гэнэ. Тэрээр “Ер нь нас өндөр болсон болохоор Монголдоо амьдрахаар юмаа дөхүүлж байгаа. Одоо ятгынхаа CD-г гаргах гэж байна. Ятгын сурах хийж байна. Дандаа ардын дуугаар хийх гээд бэлдэж байгаа. Гэхдээ энд тэндээс дуудаад юм хийж өгөөч гээд байдаг юм. Баянхошуунд байдаг дүүгийндээ, хүүгийнхээ энэ байранд, XIII хороололд байдаг охиныдоо юмнуудаа тараагаад байж байна” хэмээв. Харин Д.Оюун “Номоо ангилж дугаарлатал 85 хайрцаг болсон. Баянхошуунд амбаарт хураах гэж арав гаруй хоног ноцолдсон. Манай хүний даралт нь өгсчих гээд байдаг. Уг нь манай хүн пянзны цуглуулгатай. Бид хоёр ч гадаадад явахдаа заан их цуглуулдаг. Харин хамаг хогшлоо энд тэнд тараачихаад үзүүлэх юмаар тааруухан байна даа” хэмээх аж.
Ийнхүү биднийг ярилцсаар явах болоход Өвөрмонголын Одон телевизийн найруулагч Хас-Эрдэнэ залгаж нэг дууг дөрвөн ятганд найруулаад даруйхан явуулаад өгөөч гээд байгаа бололтой. Нөгөөхийг нь Б.Наранбаатар гуай “Энэ дуу чинь манай дунд голтой адилхан юм байна” хэмээж байв. Тэгээд утсаа таслаад “Зөвхөн рок поп ч биш би хөгжмийн зохиолч болохоор миний энэ ажил дуусашгүй, ширгэшгүй ажил юм. Одоо нас яваад Монголдоо суурин байж их юм хийх хүсэлтэй болж байна даа” гэсээр хаалган дээрээ үдлээ.
Ж.Баярсайхан
Гэрэл зургийг Г.Лхагвадорж