Энэ жил улсын хэмжээнд 46 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар болсон байна. Эдгээрийн дөчийг нь улсын төсвийн хөрөнгөөр, хоёрыг нь концессын гэрээгээр, гурвыг нь орон нутгийн төсвөөр, нэг цэцэрлэгийг нь буцалтгүй тусламжаар барьж ашиглалтад оруулах юм. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга “Сүүлийн үед шинээр цэцэрлэг, сургууль байгуулах ажил харьцангуй хурдтай өрнөж байна. Энэ онд улсын хэмжээнд 46 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Гэхдээ эдгээрийн хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад орно гэж ойлгож болохгүй. Энэ ондоо багтаан ашиглалтад оруулах юм” гэж ярилаа.
Дашрамд өгүүлэхэд 2013 онд 45 хороо цэцэрлэггүй байсан бол одоогоор 22 хороо цэцэрлэггүй байгаа юм. Түүнчлэн улсын хэмжээнд 1171 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдагаас 394 нь төрийн бус өмчийн цэцэрлэг гэсэн бүртгэл байна.