Энэ сарын 1-нд Москва орчмын Алабино хээрийн сургуулилтын газарт “Танкийн биатлон 2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
Тус тэмцээнд ОХУ, Ангол, Армени, Венесуэл, Энэтхэг, Казахстан, Киргиз, БНХАУ, Кувейт, Монгол, Серби, Азербайжан, Никарагуа, Тажикистан гэсэн орнууд оролцож байна бөгөөд тэмцээн энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлэх юм.
Тэмцээний үеэр танкчид зөвхөн Т-72 танк төдийгүй явган цэргийн БМП-2 машинаар бартаат болон шулуун замаар уралдаж, зогсоо байдлаас болон явдал дундаа бай буудан өрсөлдөнө.
Түүнчлэн танкийн биатлон нь байлдааны байдалд дээд зэргээр ойртсон нөхцөлд, хуягт техник болон экипажуудын чадварыг сорьсон нөхцөлд явагддаг бөгөөд танкууд хэр хурдтайгаар, хэдэн тойрог явах, явдлаас пулемёт болон их буугаар буудах, хүнд саадтай замын хэсгийг туулах зэргээр танкчдын чадварыг нь сорьж, байгаа оноогүй, эсвэл жолоодлогонд алдаа гарсан нөхцөлд хугацааны торгууль ноогдуулах, оноо хасах зэрэг журмаар явагддаг.
Танкийн экипажуудын дунд жолоодох урлаг, буудлагын төрлөөр явуулдаг энэ тэмцээнийг хамгийн анх 1963 онд НАТО-гийн гишүүн орнуудын зэвсэгт хүчний дунд Канадад зохион байгуулж байсан юм байна. ЗХУ-д 1970-аад оны сүүлчээр анх зохион байгуулжээ.
Өнгөрсөн жилийн “Танкийн биатлон”-ы ДАШТ-д багийн нийлбэр дүнгээр ОХУ тэргүүлж, Армен удаалж, өөрсдөө танкаа тээвэрлэн очсон БНХАУ гуравдугаар байр эзэлсэн байна.
Харин Монгол Улсын хувьд багийн нийлбэр дүнгээр IX байранд жагсчээ.
Сонирхуулахад өмнө нь тус тэмцээн хаалттай горимоор явж ирсэн, харин энэ жилээс үзэгчдэд нээлттэй болгох шийдвэрийг гаргажээ. Тасалбарыг зургадугаар сарын 17-ноос эхлэн худалдаанд гаргасан аж.