Categories
арын-нүүр булангууд мэдээ

Харшлаас салъя гэвэл сорил хийлгэхийг зөвлөж байна

Монголын харшил судлалын нийгэмлэгээс ийм нэгэн зөвлөгөө хүргэж байсныг хуваалцъя. Хэрвээ харшилтай эсэхээ сайн мэдэхгүй байгаа тохиолдолд сорил тавиулах хэрэгтэй аж. Сорилыг харшил өвчин байж болох нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах зэрэг амьсгалын замын зовиур илэрвэл, биеийн аль нэг хэсэг газарт загатнах, арьс улайж туурах, бүх бие загатнах, бэлцрүүт тууралт гарах зэрэг арьсанд шинж тэмдэг илэрвэл сорил тавиулах хэрэгтэй гэнэ. Мөн ямар нэгэн хоол идсэний дараа гэдэс гэнэт хүчтэй өвдөх, гүйлгэх, шавьжинд хатгуулснаас том хэмжээний хавдар үүсэх зэрэг шинж тэмдэг илэрвэл сорил тавиулахыг тус нийгэмлэгээс зөвлөсөн юм. Мэдээж харшлыг эмчлэхийн тулд эхлээд шалтгааныг нь тогтоох шаардлагатай тул чухамдаа сорил тавиулж байж уг шалтгааныг тогтоодог байна. Харин сорилыг хэд хэдэн аргаар хийдэг гэнэ.

Тухайлбал, арьсанд хатгах аргаар сорил тавилаа гэхэд жишээ нь, шарилжинд харшилтай бол, гүвдрүү нь шарилжны уусмал хүрсэн тэр хэсэгт улайж, бага зэрэг загатнаж, жижиг хэмжээтэй бэлцрүү илэрдэг байна. Энэ урвал нь биед түргэн зуур явагдаж, сорилын хариу 15 минутад гардаг аж. Ийнхүү сорил тавиулсны ачаар хэн хүн өөрийгөө харшилтай эсэх, эсвэл юунд харшилтайгаа ажиглаж төөрөлдөхгүй байх боломжтойн дээр сорилын үед улайх, бага зэрэг бэлцрүү үүсэхээс өөр шинж тэмдэг илэрдэггүй гэнэ.

Улмаар улайлт бэлцрүү сэлт нь 30-аад минутын дотор арилдаг байна. Мөн арьсан доторх сорил гэж байдаг байна. Энэ сорил нь арьс хатгах сорилоос илүү мэдрэг бөгөөд арьс хатгах сорилоос илүү үр дүнтэй аж. Энэчлэн хавар намрын улиралд хөдөлдөг ургамлын харшил, хоол хүнсний болон бусад төрлийн харшлаас салъя гэвэл зөвхөн харшилд сайн гэсэн нэрийн дор элдэв эм хэрэглэхгүйгээр нэн түрүүнд сорил хийлгэвэл эмчилгээ илүү үр дүнтэй байх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *