Хурим найрын улирал эхэлсэнтэй холбогдуулан хуримын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд хөл ихтэй байна. Сүүлийн үед хосууд хуримаа хийхдээ мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлэхийг илүүд үзэх болжээ.
Учир нь хосуудын ярьж буйгаар бол хуримын даашинз, хослол, машин, ресторан, зурагчин гээд бүхий л зүйлийг нэг дороос хөлслөх нь цаг хугацаа алдахгүй, хийх ажлыг нь хөнгөвчилдөг байна. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд ч олон болжээ. Бид шинээр гал голомтоо бадраахаар зэхэж буй хосууддаа зориулж хэд хэдэн газраар орлоо. “Best event” студи, “Жакс” энтертаймент групп, “Me” энтертаймент, “Crocus event hall” зэрэг олон газар хуримын цогц үйлчилгээг зохион байгуулдаг юм байна. “Crocus event hall” гэхэд л саяхан хуримаа хийхээр төлөвлөж буй хосуудад зориулж хуримын нээлттэй өдөрлөг хүртэл зарласан байна. “Таны хуримын хамгийн жаргалтай мөч бүхнийг бид сэтгэлд тань мөнхөлнө” уриатай ажилладаг “Me marketing” энтертайментаар орлоо. Тус газарт хуримын захиалга өгөхөөр 25 орчим насны хоёр хос уулзаж байв. Тэд энэ сарын дундуур хуримаа хийх гэнэ. Сүйт залуу тус газрын видео бичлэг, зурагчин, гэнэтийн бэлэг зэрэг үйлчилгээг сонгохоор төлөвлөж байгаа юм байна. Харин сүйт бүсгүй даашинз, хослолоо өөр салонд захиалж хийлгэж байгаа талаараа ярив. Тэд хуримаа хийхэд хичнээн төгрөг зарцуулж болох талаар олон талаас нь судалгаа хийжээ. Дунджаар 15 сая төгрөгөөр хурим хийхээр төлөвлөсөн гэнэ. Хоёулаа төрийн байгууллагад ажилладаг бөгөөд хуримаа хийхийн тулд 10 орчим сая төгрөгийн цалингийн зээл авсан байна. Үлдсэн мөнгийг хоёр талын аав, ээж нэмэрлэжээ. Өөрсдөө бүх зүйлээ худалдаж аваад, зохион байгуулна гэхээр явдал ихтэйгээс гадна насан туршид нь дурсагдах ганц аз жаргалтай мөч нь учраас аль болох дурсгалтай хийхийг хүссэн гэнэ. Тиймээс ийн мэргэжлийн байгууллагад хандаж байгаа юм байна.
Ингээд “Me marketing” энтертайментын захирал Т.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танайх хуримын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад хичнээн жил болж байна вэ?
-Манайх үүсэн байгуулагдаад зургаан жил болж байна. Анх найзтайгаа хамтарч хуримын видео бичлэг хийж гүйцэтгэдэг байсан. Эхэндээ хурим зохион байгуулахдаа нийтлэг энгийн маягаар л хийдэг байлаа. Яваандаа илүү туршлага суусан. Ер нь хосуудын амьдралын хамгийн аз жаргалтай мөчийг дахин давтагдашгүй гайхамшигтай зохион байгуулвал үйлчлүүлж буй хүмүүст ч үлдэцтэй, хэзээ ч мартагдахааргүй байх болно шүү дээ. Тиймээс арай шинэлэг санаа, шийдлийг илэрхийлж, аль болох өвөрмөц байдлаар хийхийг хичээдэг болсон. Өнгөрсөн хугацаанд 80 гаруй хуримыг бие даан зохион байгуулсан бол 200 гаруй хуримыг хамтарч ажилладаг байгууллагуудтайгаа хийсэн байна.
-Танайд хуримын захиалга хэр байна?
-Энэ наймдугаар сард манай байгууллага таван хурим зохион байгуулахаар захиалга авчихаад байна. Бид аль болох чанарын өндөр түвшинд хурим зохион байгуулахыг хүсдэг. Тиймээс давхцаж захиалга авдаггүй. Хурим зохион байгуулна гэдэг маш нямбай, хариуцлагатай ажил. Шинэ гэр бүл болж буй хосуудад сэтгэгдэл төрүүлэх нь хамгийн чухал. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд хосууд мэргэжлийн байгууллагад хандах нь эрс ихэссэн.
-Сүүлийн үед хосууд ямар хэлбэрээр хурим хийхийг илүүд үзэж байна. Ерөнхийдөө европ маягийн хурим хийх хандлагатай болсон юм шиг?
-Тийм. Үзэгдэх байдлаараа европ хандлагатай болчихсон. Гэхдээ хуримын агуулга нь үндэсний хэв шинжийг илэрхийлдэг. Жишээ нь ураг батжих үйлийг хийхдээ мөнгөн аяганд сүү хийгээд хосууд солилцож уудаг. Сүүлийн үед олон давхар хундганд хийдэг мода дэлгэрч байгаа. Мөн фэйсбүүк, твиттер гээд сошиал медиа орчноос хүмүүс олон санаа авч түүнийгээ бодит амьдралд ашигладаг болж. Олон сайхан санаагаар хурим хийж болно. Бид ашгийн төлөө байгууллага хэдий ч үндэсний ёс заншил, уламжлалаа хадгалсан хурим зохион байгуулахыг хичээдэг. Тийм санал үйлчлүүлэгчидээ тавьдаг. Өнгөрсөн жил XIII зууны үеийг харуулсан хурим зохион байгуулсан чинь “Соронз” сэтгүүл дээр гарсан Монголын топ 12 хуримын нэгээр шалгарч зураг нь тавигдсан байсан. Ер нь л хуримыг илүү өвөрмөц, энтертаймент байдлаар хийх нь хосуудад илүү сэтгэгдэл үлдээдэг.
-Танайхаар хуримаа зохион байгуулуулхаар гадаадаас хүртэл санал ирдэг гэж сонссон?
-Тийм ээ. Манай хаягаар холбогдоод хуримаа зохион байгуулахыг хүсдэг. Гадаадаас эх орондоо ирээд хуримаа хийнэ гээд хугацаагаа хэлээд захиалга өгдөг. Манайх зөвхөн хурим гэлтгүй хайр сэтгэлээ илэрхийлсэн олон гэнэтийн бэлэг барих үйлчилгээг явуулдаг. Гэхдээ зарим тохиолдолд үйлчлүүлэгчид эхнэрээ гомдоочихоод гэр бүл салах хэмжээнд тулсан үедээ эхнэртээ гэнэтийн бэлэг барихыг хүсдэг. Тийм тохиолдолд би арай өөр зөвлөгөө өгдөг. Асуудал хурцадсан үед ганц гэнэтийн бэлэг бариад хүний сэтгэл өөрчлөгдөнө гэж байхгүй шүү дээ. Бид яахав орлогоо бодоод хийж өгч болно. Гэвч миний хувьд мөнгөнөөс илүүтэйгээр хосуудын аз жаргалын төлөө ажиллахыг хүсдэг. Хэрвээ хайртай л бол эхнэртээ, нөхөртөө өдөр болгон хайртайгаа илчилж өөрөө хичээх ёстой шүү дээ.
Мэргэжлийн байгууллагуудын хуримын цогц үйлчилгээ дунджаар 20-40 сая төгрөгийн үнэтэй байдаг юм байна. Цогц үйлчилгээнд хуримын бөгжнөөс бусад бүх зүйл багтсан гэсэн үг. Тухайлбал, хуримын чимэглэл, гоёлын нүүр будалт, мастер үсчний гоёлын үс засалт, уран сайхны найруулгатай видео цомог, мэргэжлийн гэрэл зурагчин, хөтлөгч, хамтлаг дуучид, сюрприз бүхий эвэнтүүд, хүлээн авалтын ресторан зэрэг үйлчилгээг үзүүлдэг байна. Түүнчлэн сүүлийн үед хосууд бүрэн хэмжээний баримтат кино хийлгэх захиалга их өгдөг болж. Мөн хуримын өмнөх гэрлэх санал тавих үйлчилгээ их эрэлттэй болсон гэнэ. Саяхан нэгэн залуу хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавих үйлчилгээ авчээ. Энэ үйлчилгээнд дөрвөн портер машин цэцэг орсон байна. Ер нь залуус илүү өвөрмөц байдлаар хайр сэтгэлээ илэрхийлэхийг хүсдэг болсон талаар мэргэжлийн хүмүүс ярьж байсан. Хуримын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салон, автомашины үйлчилгээ үзүүлдэг газрууд ч олон байдаг юм байна. Хуримын даашинз дунджаар 500 мянгаас хоёр сая төгрөгийн үнэтэй бол нэг удаагийн түрээс буюу прокатын үнэ нь 200 мянган төгрөг байдаг аж. Мэдээж өнгө дизайн, хэлбэр хийцийн хувьд өргөн сонголттой. Загварын хувьд сиси болон нуруу нь ил гардаг торон даашинз моданд орж байгаа гэнэ.
Харин автомашины цуваа сонирхвол ”Lexus” 470, 570 ”Ланд-200” машинуудыг 150 мянган төгрөгөөр түрээсэлж болох бол Лимузин зэрэг тансаг зэрэглэлийн машин цаг нь 200 мянган төгрөгөөс дээш үнэтэй аж.
Д.Даваасүрэн