Categories
мэдээ улс-төр

“Ургацын 80 хувийг алдлаа гэдэг үндэслэлгүй”

“Сайдын цаг” уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцож, цаг үеийн байдлаар мэдээлэл хийн, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ жилийн хувьд хамгийн хүндхэн зусч байгаа аймаг нь Увс болон Хэнтий аймаг гэдгийг сайд онцлов. Бусад аймгийн хувьд харьцангуй гайгүй байгаа ажээ. Хэнтий аймгийнхан л гэхэд энэ жилийн ургацынхаа 70 хувийг алдахад хүрчээ. Тус аймгийн Дадал, Норовлин сумд сумдад зуншлага сайтай га-гаас 10-14 цэнтнер ургац авахаар байгаа бол Хурх, Биндэрт байдал хүнд, бараг л 80 хувийн ургац алдах шинжтэй байгааг сайд хэлж байна.

Улсын хэмжээнд төлөвлөсөн 365 мянган тонн улаан буудайнаас 230-280 орчим тонныг хураан авах болов уу гэсэн урьдчилсан таамаг гарчээ. Хүнсэнд 350 мянган тонн улаанбуудай хэрэлэхийн сацуу үрийн буудайг нөөцөлнө гэж тооцвол нийтдээ 150 мянган тонн буудай импортлохоос аргагүй гэнэ. Энэхүү нөөц бэлтгэх хөрөнгийн асуудлыг ирэх даваа гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар шийдэх юм байна. Гэхдээ аль болох тариаланчдынхаа тарьж ургуулсан буудайг авахыг чухалчилна. Чанарын шаардлага хангаагүй буудайг нь малын тэжээл болгохоо ч салбарын сайд хэллээ.

Гангаас болж ургацынхаа 80 хувийг алдах магадлалтайг зарим хүмүүс хэлж байгаа. Энэ талаар сайдаас тодруулахад “Энэ бол нийт тариаланчдын үг биш. Цөөн тооны хэдэн хүн л хэвлэлээр ингэж мэдэгдсэн. Ямар ч тооцоо судалгаа, үндэслэлгүй , хариуцлагагүй мэдэгдлээс болж зарим нэг гурилын үйлдвэрүүд үнээ нэмсэн. Гурилын үнээ кг тутамд 80-150 төгрөгөөр нэмсэн байгаа. Цаашлаад гурилан бүтээгдэхүүн, талх, боовны нэмэгдэх аюултай. Иймд тооцоо судалгаагүй, болчимгүй үгэнд итгэж дэвэргэх хэрэггүй юм. Ургацын хэд хэчнээн хувийг хураан авах болмжтой талаарх мэдээлэл ирэх наймдугаар сарын 25 гэхэд тодорхой болно” гэлээ.

“Сайдын цаг”-т хөндөгдсөн бас нэгэн асуудал бол Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээ байлаа. Сайд өнгөрсөн тав, зургадугаар сарын цаг агаарын мэдээ урьдчилсан мэдээллээс зөрсөн, үүнээс болж ажлын горим алдагдсан тал бий гэсэн юм. Үүнд хэн хариуцлага хүлээх ёстой вэ гэсэн асуултад Р.Бурмаа сайд хариулахдаа:

-Хэн нэгнийг буруутгаж чичлэхээсээ илүү цаашид яах вэ гэдгээ сайтар тунгаах ёстой. Цаг уурын мэдээнээс гадна ган зудын давтамж, жил сарын онцлогийг харгалзан ажлаа төлөвлөх учиртай байсан. Манай яамныхан энэ зун огт амралгүй ажиллаж байгаа. Ургацын комиссыг тусгайлан байгуулсан. Хийх ажил тун их байгаа ийм үед хариуцлага тооцохоосоо илүү хэтээ харж, ажлаа зохицуулах чухал байна гэлээ.

Энэ жилийн хувьд хадлан бэлтгэх боломжгүй аймаг, сум бий. Тэдгээрийг зуншлага сайтай Сүхбаатар, Дорнод аймгаас хадлан бэлтгүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Мөн тариалангийн урамшууллыг тонн тутмаар тооцохоосоо илүү цавуулаг өндөртэй сайн чанарын буудайнд олгох бодлогыг барьж буй ажээ. Ингэж гэмээнэ тариаланчид авах ургацынхаа хэмжээнд бус чанарт анхаардаг болно гэж үзэж буй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *