Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангадтай ярилцсанаа хүргэе.
-Наадмын босгон дээр та хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Таны дуулахыг жар гаруй жил сонсож, сэтгэлийн цэнгэл эдэлж ирсэн ард түмэн өөрөөс тань дутуугүй баярлаж байна даа?
-Монголын төр хөдөлмөрийн баатар цолоо хүртээнэ гэдэг их том хүндэтгэл юм. Миний бие баярлалгүй яахав. Их урлагт хөл тавьсан хувь заяагаа бодож, төрүүлж өсгөсөн ижий аав, төрж өссөн ус нутгаа хамгийн түрүүнд боддог юм билээ. Урлагийн алтан харгуйд хөтөлсөн ачит багш нараа, алтан үеийн бурхадтай ойр дотно явсан он цагаа эрхгүй санадаг юм байна. Гэр бүлийнхэн, үр хүүхэд, ач зээ нар маань, баруун Алтай нутгийн олон, мянга мянган шавь нар, их урлагт хамт зүтгэсэн мэргэжил нэгт нөхөд гээд бүх л хүн баярыг минь хуваалцсан. Сүхбаатарын одон, алтан соёмбот тэмдэг энгэртээ гялалзуулаад төрийн ордноос гараад ирэхэд шавь нарын минь төлөөлөл “Тунгалаг Буянт”-ыг минь дуулж угтаад намайг уйлуулчихсан. Олон түмэн надаас дутуугүй баярласныг мэдэж байна. Одоо хэр нь уулзсан бүхэн халуун сэтгэлээ дэлгэн хүндэтгэл үзүүлэх юм. Энэ их өндөр хүндэтгэлийг хүлээсэн хүн чинь дуулж амьдарсан он жилүүдээ эргэж боддог юм байна. Миний нэрийн хуудас болсон дуу бол яалт ч үгүй “Тунгалаг Буянт” юм. Уг бүтээлтэй намайг золгуулсан хүн төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Дагвын Лувсаншарав багш маань юм. Миний анх сонссон дуу хийгээд алдрын дэвжээнд гарсан түүх Лувсаншарав багштай минь холбоотой. Аймгийн клубт хүүхэд нэг төгрөгөөр орно. Би хоёрдугаар ангид байжээ. Хэн гээч юун тухай дуулаад байгааг тэр цагтаа яаж мэдэхэв. Сүүлд нь мэдэх нь ээ, Дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадамд оролцсон жүжигчид орон нутгаар явж тоглолтоо сонирхуулж байсан юм билээ. Анх сонссон дуу маань Лувсаншарав багшийн зохиосон “Талын бэлчээр”. Дуулж байсан хүн нь “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаагийн дүрээр хот хөдөөгүй алдаршсан гавьяат жүжигчин Ванчигданзангийн Сүрэнхорлоо гуай байжээ.
-Лувсаншарав гуай таныг “Тунгалаг Буянт”-тай золгуулсан түүх маань юу билээ?
-“Тунгалаг Буянт” дууг Чимидлхагвын Балдан, Довчингийн Лхашид гэж эгэл жирийн хоёр хүн зохиосон байдаг. Жирийн олны зохиосон тэрхүү бүтээл жаран дамжигдан дуулагдана гэдэг гайхамшиг. Ховд аймгийн соёл урлагийн өдрүүд Улаанбаатар хотноо болох гээд хөл хөгжөөнтэй байлаа. Нэг өдөр аймгийн театрт дуудагддаг юм. Тэр дороо гүйгээд очно биз дээ. Дагвын Лувсаншарав, Ламзавын Ванган гээд нэр алдар нь холоос дуулддаг хүмүүс хотоос ирж аймгийнхныг шалгаад бөөн ажил болж байна. Нөгөө агуу их Лувсаншарав чинь “Танай аймгийн соёл урлагийн арав хоног болох гэж байна. Энэ бол том арга хэмжээ. Энэхүү тоглолтод нутаг усаа магтсан сайхан дуу заавал оруулах ёстой. Нэг дуу байна аа. Үгийг нь Д.Лхашид, аяыг нь Ч.Балдан бичсэн. Одоо чи амилуулна. Чиний хоолойд яг тохирно” гэдэг юм. Үүнийг сонсоод айдас ч төрөх шиг. Гэхдээ тэр том аварга хүний өмнөөс юу хэлэх билээ. “За” гэж сулхан дуугараад л гарсан. Тэгээд битүүдээ бэлтгэл хийж эхэллээ. Одоо бодоход уран бүтээлийнхээ хувь тавилантай уулзсан нь тэр байжээ. Дараа нь энэ дуугаа нийслэлд дуулсан. Варшавт дуулсан. Москвагийн хөгжмийн их сургуульд элсэлтийн шалгалт өгч байхдаа дуулсан. Амьдралын минь зүг чигийг заасан дуу. Сурагчаас гавьяат дараа нь ардын жүжигчин, тэгээд хөдөлмөрийн баатар болтлоо жар гаруй жил дуулж байна даа. Энэ дуутай холбоотой бас нэг түүх хэлье.
“Мөнгөн давалгаа хаялсан
Мөрөн голын минь урсгал
Мөнх цаст Алтайн сугаас
Мяралзан урсах нь бахдалтай” гэж дуулах цээл хоолойн яруу сайхан эгшгийг театрт дүүрэн суусан олон амьсгаа даран чагнаж, тайзан дээр арван найм орчим насны цогтой залууг бахархан ширтэж байлаа. Тунгалаг сайхан Буянт голын мяралзах урсгал, Алтайн цаст ноён оргилыг үзэх мэт залуугийн нүд баясгалантайгаар гялалзан түүний яруу тунгалаг аялгуу нь нэг үе цогтой цээлхэн, нэг үе намуухан ялдамхан эгшиглэхийг бахдаж баршгүй ээ. Үзэгч олны баяр талархлын илэрхийлэл болох алга ташилтын чимээ дахиад л нижигнэв. Оросын нэрт хөгжмийн зохиолч Гурилевийн зохиол “Гурвалсан морьд” хэмээх дууг тэр залуу орос хэлээр цэвэр сайхан дуулав. Энэ бол Ховд аймгийн дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч Зангад байлаа” гэж 1954 оны “Залуучуудын үнэн” сонинд бичсэн байдаг юм. Ингэж л би гэдэг хүн энэ сайхан дууны буянд баруун Алтайн хол нутгийн ангийнхаа хүүхдүүд дундаас Улаанбаатарт түрүүлж ирэн, улсын хэмжээний сонинд бичүүлж орон даяар мандаж байлаа.
1951 онд Ховд аймгийн Жаргалант хотын театрын нэгдсэн концертод оролцож улмаар ардын хувьсгалын гучин жилийн ойгоор урлагийн үзлэгт шалгаран эх орныхоо нийслэлд уригдан ирсэн. Тэгээд баярын концертод оролцож арван таван настайдаа Улсын хөгжимт драмын тайзан дээр дуулж эхэлсэн байна. Түүнээс хойш нэгэн жарныг их урлагийн алтан харгуйд элээжээ. Самбын Гончигсумлаа, Лувсанжамбын Мөрдорж, Билэгийн Дамдинсүрэн, Дагвын Лувсаншарав, Эрэгзэнгийн Чойдог, Цэгмидийн Намсрайжав, Жамьянгийн Чулуун гээд ХХ зууны Монголын хөгжмийн урлагийн их хүмүүстэй нэгэн үед амьдарч, зохиосон дуунуудыг нь анх амьдруулна гэдэг аз завшаан, нэр төр, басхүү өндөр хариуцлага байлаа. Үүгээрээ миний бие шинэ зуунд хуучин цагийн бурхдын нэгэн болж таарах нь. Одоо эргээд бодох нь ээ, олны зүрх сэтгэлд хоногшсон бүтээлүүдийнхээ ихэнхийг жараад оны тэртээд дуулсан байх юм. Тухайлбал, жаран хоёр онд “Хавар ирлээ шүү, хүүхнүүдээ”, жаран гурван онд “Жаргаах зүрхэн”, “Сүлд модны наадмын дуу”, “Чиний минь хайр”, “Намрын шөнө”, “Хар ус нуурын шагшуурга”, “Гоёхон ч чимэг юм уу даа”, “Өссөн нутаг” дуунуудаа, жаран дөрвөн онд “Чамдаа дуулъя”, “Ятгын эгшиг” тэргүүтнээ дуулсан байна.
-Гончигсумлаа гуай “Жаргаах зүрхэн” дуугаа таны хоолойд зориулж бичсэн гэдэг. Тэр тухай сонирхуулахгүй юу?
-Гончигсумлаа гуайтай уран бүтээлийн төдийгүй хүний ёсны ойр дотно харилцаатай явснаа санах бүр надад бахархах сэтгэл аандаа төрдөг. Жаран хоёр оны өвөл шинэ жил болох гээд хөл хөдөлгөөн орох үед “Сүлд модны наадмын дуу”-гаа надаар анх дуулуулсан. Жамцын Бадраа гуай шүлгийг нь бичсэн. Зөвхөн төгөлдөр хуураар хөгжимдөж дуурийн театрын эмэгтэй дуучидтай хамтарч дуулуулахаар тогтсон юм. Т.Григорьева багш (гавьяат жүжигчин Бандийн гэргий төгөлдөр хуурын багш) анх удаа хөгжимдөж арванхоёрдугаар сарын хорин есөнд радиогийн бичлэг хийлгэж бай.. “Жаргаах зүрхэн” дуугаа жаран гурван онд туурвисан. Мөн л Бадраа гуайн шүлэг. Авьяас билэг, эрдэм чадал нь ид жагсаж байсан хоёр эрхэм дуугаа надад өгсөн бас л хувь заяа юм. Уг дууныхаа гар бичмэлийн эхэнд худам монгол бичгээр “Авьяас билэгт дүү, нэрт дуучин Зангадын хоолойд зориулан бичсэн болно. Гончигсумлаа” гээд гарын үсгээ зурсан нь одоо ч надад хадгалагддаг. Гончигсумлаа багшаас аваад олон гайхалтай хөгжмийн зохиолчийн сод бүтээлүүдийг амьдруулах хувь надад оногдсон байна. “Миний зохиосон дууг бараг бүгдийг нь манай Зангад дуулсан юм шүү дээ” гэж Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Гончигийн Бирваа агсан дурсдаг байсан. Бирваа гуайн хөгжим “Гоёхон ч чимэг юм уу даа” гэдэг дуу бас л миний брэнд бүтээлүүдийн нэг. Төрийн шагналт, ардын уран зохиолч Балжирын Догмид “Гоёхон ч чимэг юм уу даа” дууг Зангадын солонгорсон цээлхэн аялгуугаар сонсоод тэрхүү аялгуунд миний хөл орооцолдох шиг болсон гэж миний тухай бичсэн “Алтан одны аялгуу” хөрөг нийтлэлдээ өгүүлсэн байдаг.
1964 оны зун юмдаг. Дундговь ороод буцаж явлаа. Зам зуураа Төв аймагт буудаллав. Аймгийн зочид буудалд амарч байхдаа Г.Бирваа гуайн дан хөгжмийн нэг сайхан аялгуу радиогоор эгшиглэхийг сонслоо. Нэг л сайхан дуу баймаар. Дараа нь би бодсоор яваад нэг өдөр “Та үүнийгээ дуу болгож өгөөч” гэж хүссэн юм. Бирваа гуай ч уриалгахан хүлээн авсан. Тэгээд Жамцын Бадраа гуайгаар үгийг нь зохиолгож зохируулсан дуу болгосон нь “Гоёхон ч чимэг юм уу даа”. Тэр намартаа радиод бичүүлж олны хүртээл болгосон. Сонсогчдын хүсэлтээр радиогоор хүртэл зааж байлаа. Миний дуулсан олон сайхан дуунуудаас нийтийн дунд тэгж хурдан түгсэн бүтээл. Ардын жүжигчин Жамъянгийн Чулуун гуай цөөхөн дуутай. Тэгэхдээ дуу болгон нь содон. “Хонины найр” киноны Барсын дуу, “Талын дуу”-гаа надаар дуулуулахдаа симфони найрал хөгжмөө өөрөө удирдаж байсан нь сэтгэлд хоногшин үлджээ. Төрийн хошой шагналт Билэгийн Дамдинсүрэн гуай “Хаврын шувуу ирлээ”, “Улаанбаатарын тухай дуу” тэргүүт гурван бүтээлээ өөрөө бичиж өгсөн. Тэгэхдээ төгөлдөр хууртай дуулж радиод бичүүлж байсан юм даг. Урлагийн гавьяат зүтгэлтэн Гаадангийн Алтанхуягийн “Монгол бүсгүйн үзэсгэлэн гоо”, Мооёобуугийн Булганы “Насны баясгалан”, мөн урлагийн гавьяат зүтгэлтэн Зундуйн Батсүх, Дашдаваагийн Баттөмөр, Чойгивын Сангидорж гээд үе үеийн олон сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлийг дуулан амьдруулжээ.
-Таны шавь төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноровын “Алтан намар” дууг бас л ярихгүй өнгөрч боломгүй?
-1982 онд “Алтан намар” наадам анх удаа зохиогдсон санагдана. Уг наадмыг өөрийн сүлд дуутай болгох тухай намын төв хорооны тогтоол гарсан гэдэг. Тэгээд хөгжмийн зохиолч нарын дунд уралдаан зарлагджээ. Л.Мөрдорж гуай “Намрын баяр” гэсэн дуугаа чамаар л дуулуулна гэсээр ноотыг нь авчираад өгчихлөө. Уг уралдаанаас гарын шавь нарын нэг алдарт хөгжмийн зохиолч Жанцанноровын хөгжим, Дожоогийн Цэдэвийн шүлэг “Алтан намар” дуу шилдгээр шалгарсан. Тэр л цагаас хойш жил жилийн “Алтан намар”-ыг миний бие нээсэн түүхтэй юмаа.
-Нэрт сэтгүүлч Даваасамбуугийн Хатанбаатарын эрхлэн гаргадаг “Билгийн чуулган” цувралаар таны тухай бүтээл гарч байсан. Тэрхүү бүтээлд та өвөг эцэг болоод аавынхаа тухай ярьсан байдаг?
-Тийм л дээ. Миний өвөг эцэг Юнрин төрөлхийн ядуу тариачин гаралтай хүн байсан гэхээс өөрийг мэдэхгүй. Харин аав Баартуу 1895 онд Хятадын Сянши мужид ядуу тариачин Юнрингийн нэгдүгээр хүү болон төржээ. 16 нас хүртлээ эцэг эхийн ядуу амьдралд туслалцаж байтал эцэг, эх нь нас барж амьдрал нь улам хүнд болсон байна. Энэ үеэс Монголд ирж Даашинхүүгийн пүүсэнд тэмээ, мал хариулж хар бор ажил хийж амьдарсан байдаг. 1930-аад оны үед анх байгуулагдсан Ховдын сангийн тариаланд усан тээрмийн эрхлэгч, нярав хийж байгаад гучаад оны дунд үеэс аймгийн эмнэлэгт тогоочоор ажилласан. Аав минь 40 гарауй жил ард түмний эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эгэл даруухан нэгэн байлаа. Ховдын гол Монгол Алтайн нуруунаас, Буянт гол Хөх Сэрхийн нуруунаас эх авч урсаад Хар Ус нуурт цутгадаг. Гадагшаагаа бус дотогшоогоо урсч уул нутгийнхаа сүр чимэг болж байдаг тул уугуул түмэн нь өөрсдийнхөөрөө “Эх оронч гол” гэж өргөмжилсөн байдаг. Олноо ундаалсан өндөр өргөмжлөлтэй, энэ хоёр голын бэлчир Шар харганы баруун хаяанд би гэдэг хүн дуугаа хадааж төрсөн түүхтэй.
-Монголын урлагийн ажилтны холбоо гэх байгууллагыг та олон жил удирдсан. Тэр тухай сонирхвол?
-Энэ айлыг 1975 онд анх гал голомтоо бадрааж байхад нарийн бичгийн дарга нь сонгогдсоноос хойш дөчөөд жил зүтгэсэн. Анх нарийн бичгийн дарга гэсэн нэрийн дор босгоор нь алхаж дараа нь орлогч дарга бүр цаашлаад “том” дарга нь болж хэсэг зүтгэсэн. Халуун ам бүлийн өрхийн тэргүүн нь Э.Оюун багш минь байлаа. Оюун багшаараа удирдуулж, Ц.Сэвжид, Д.Лхасүрэн, Д.Норовцэрэн, Р.Доржпалам гээд урлагийн томчуудаар зүг чигээ заалгаж явж өдий хүрчээ. 1990-ээд оны их савалгааны үед энэ айлыг авч явна гэдэг амаргүй байлаа. Урлаг соёлын олон ч газар үүд хаалгаа барьсан. “Огцор” гэдэг үг моодонд ороод байсан үе шүү дээ. Харин Монголын урлагийн ажилтны холбоонд тийм өргөх бичиг ирж үймээн шуугиан болж байгаагүй. Төрийн соёлын бодлого алдагдсан тэр үед уран бүтээлчдийн ханддаг газар нь манайх л байлаа шүү дээ. Тэр үед Э.Оюун багш минь их түшиг болсон доо. Бид Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн уралдааныг анх зохион байгуулсан. Түүнээс хойш С.Гончигсумлаагийн нэрэмжит төгөлдөр хуурч, чавхдаст хөгжимчдийн улсын уралдаан, Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари романс дуулаачдын, Д.Лувсаншарав багшийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол цөөхүүл бүжигчдийн , Л.Цогзолмаагийн нэрэмжит ардын богино дуу дуулаачдын, Л.Мөрдоржийн нэрэмжит ардын хөгжимчдийн улсын уралдаан гээд уламжлал болгон зохиогддог олон тэмцээн уралдааныг санаачилж, явуулсан байна.
Н.ГАНТУЛГА