Нийслэлийн Засаг даргын дагуу “Ил тод Улаанбаатар академи” – Зөвлөлдөх ардчиллын танхим байгуулжээ. Уг академи нь авлигын эсрэг сургалт, судалгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулж, нийгэмд үйлчлэх зорилготой юм байна. Тус танхимын даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ажиллана.
Академийн үндсэн чиглэл нь авлигын эсрэг ил тод байдал, нээлттэй засаг, зөвлөлдөх ардчиллыг дэмжих зорилгоор нийслэлийн иргэд, нийтийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, олон нийтэд авлигыг үл тэвчих уур амьсгалыг бий болгох, авлигаас ангид байх нөхцлийг бүрдүүлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, эрдэм шинжилгээний практик судалгаа, сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг явуулах, олон улсын тэргүүн туршлага солилцох, хамтран ажиллаж түншлэх, үйл ажиллагаагаараа Зүүн хойд Ази болон Төв Азийн дэд бүс, улмаар Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээнд манлайлан ажиллахад оршино.
Уг академийн үйл ажиллагаа ирэх долоо хоногт болох бөгөөд энэ талаар өнөөдөр мэдээлэл хийх юм байна. Энэ үеэр НЗДТГ, Бүгд найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах аж.