МХБХ анх удаа эмэгтэй тамирчдын дунд лигийн тэмцээнийг зохион байгуулж өчигдөр аваргаа тодрууллаа. Энэ сарын 21-нд эхэлсэн “Эмэгтэйчүүдийн Үндэсний Лиг”-ийн тэмцээнд нийтдээ 8 баг өрсөлдлөө. Арвис, Эрчим, “Хан-Уул” дүүрэг, “Монголын Тэмүүлэл”, “Туулын Том Тулнууд” Хад болон хөдөө орон нутгаас оролцож буй Өвөрхангай аймгийн “Титэм Хужирт” Дархан- Уул аймаг гэсэн эдгээр багууд 7 хоногийн турш тасралтгүй тоглолтуудаа хийж амжилттай дуусгалаа. Анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү түүхэн тэмцээний ялагч, тоглолтын шилдгүүд, хамгийн анхны шар карт ч мөн түүхэн болж үлдэж байгаа билээ.
Тэмцээний эхний өдрөөс л өнгөтэй байж өрсөлдөгчдөө онооны зөрүүтэй буулган авж байсан Хад багийн охидууд 7 тойргийн дараачаар 7 хожилтойгоор лигийн аварга багаар тодорч байна. Тэд эсрэг багийн хаалганд нийтдээ 22 гоолыг оруулж 2 гоол алдсан бөгөөд нэг тоглолтонд дунджаар 3 гоолыг оруулж байгаа гэсэн гайхалтай үзүүлэлтийг гаргаж чадлаа. Мөн багийн хаалгач хамгаалагч гээд байрлал бүр дээр тамирчид өөрсдийн үүргээ тун сайн биелүүллээ. Харин тэмцээний сүүлийн өдөр тэдэнтэй тоглосон “Монголын Тэмүүлэл” баг дэд байранд орсон.
Лигийг сонирхолтой болгож төгсгөлийн өдөр ялагч тодрох тэрхүү өрнөлийг Монголын Тэмүүлэл баг үүсгэж чадсан билээ. Ердөө нэг ялагдалтай байсан тэд хэрвээ Хад багийг ялж чадсан бол анх удаагийн лигийн цомыг өргөх байлаа. Харамсалтай нь “Спортын ертөнцөд” гэхдээ гэж байдаггүй. Талбайд өнгөрүүлэх 90 минут л тэдний хувьд боломж бололцоог үүсгэх талбар байдаг. Хөлбөмбөгийн гоо сайхныг үзэгчдэд бэлэглэж чадсан бүх багууддаа баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна.
МХБХ-оос анх удаагаа Эмэгтэйчүүдийн Үндэсний лигийн тэмцээнийг зохиож байгаад багш дасгалжуулагчид таатай хүлээн авч байгаа юм. Доорх линкээр та бүхэн дасгалжуулагчдын ярилцлагийг хүлээн авч үзэх боломжтой.
МХБХ тэр дундаа ерөнхийлөгч А.Ганбаатарын хөгжлийн бодлогийн хүрээнд багтсан эмэгтэй тамирчдыг дэмжиж ажиллах, уралдаан тэмцээнийг олонтаа зохиох болсон энэхүү үйлс нь хөлбөмбөг сонирхогчид төдийгүй мэргэжлийн эрэгтэй тамирчид, багш дасгалжуулагчдын дунд талархууштай үйл явдал болж чадлаа. Энэхүү хөгжлийн бодлогийн хөтөлбөрт багтсаны дагуу МХБХ-ны ерөнхийлөгчийн тушаалаар “Монголын Тэмүүлэл” багийн дасгалжуулагч Ц.Ганболдыг гавьяаны одонгоор шагнасан бөгөөд шагналыг МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, МХБХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан нар гардууллаа.
Мөн тус үйл ажиллагааны үеэр 2014 оны МХБХ-ны дээд лигийн аварга Хоромхон клубд МХБХ-ны зүгээс дэмжлэг үзүүлэн амжилтыг хүсэж 15 сая төгрөгийн батламж гардууллаа. Тэд Азийн Хөлбөмбөгийн Холбооны Цомын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байгаа юм.
Дэлхий дээр хөлбөмбөгийн олон төрлүүд үсрэнгүй хөгжиж сая сая үзэгчдийн анхаарал сонирхолыг эрхгүй татсаар байна. Элсний, футзалны, гудамжны, ногоон талбайн гээд. Энэ дундаас эмэгтэй хөлбөмбөгийн төрөл сүүлийн жилүүдэд өмнөхөөсөө илүү хүчтэй өргөн хүрээнд яригдаж хийгдэж байгааг бид бүхэн харах боллоо. Ялангуяа Ази тивийн эмэгтэй тамирчид өнөөдөр дэлхийд тэргүүлэх хэмжээнд бичигдэж байна. 1991 оноос эхлэн “ФИФА”-ийн зүгээс эмэгтэйчүүдийн дунд ДАШТ-ийг анх удаа зохион байгуулах болсон. Анхны тэмцээн БНХАУ-д зохиогдож байсан бөгөөд тэд түүхэндээ 1995 онд хүрэл медаль, 1999 онд Норвегийн багийг хагас шигшээд 5:0 харьцаатай ялж түүхэн тоглолтоо шигшээд зохион байгуулагч АНУ-ын эсрэг хийсэн ч торгуулын цохилтоор хожигдон мөнгөн медалийг хүртэж байсан билээ. Харин сүүлийн 2 дэлхийн аваргад мөн Азийн шилдэг Япон улсын тамирчид дараалан финалдаж 2011 онд түрүүлэн алтан дагиныг өргөсөн бол энэ жил АНУ-д ялагдан дэд байранд бичигдсэн.
Манай улстай ойр байх хөрш зэргэлдээ орнууд өндөр амжилтыг үзүүлж байгаа нь бидэнд ямар их боломж бололцоо, амжилтын гарц байгааг харуулж байгаа хэрэг. Тиймээс ч ерөнхийлөгч А.Ганбаатар үүнийг олж харан өөрийн улсад эмэгтэй тамирчдын дунд лигийн тэмцээнийг зохиож шилдэг тамирчдыг олж нээн шигшээ багийг бүрдүүлэх, цаашлаад дэлхийн тавцанд гаргах гэсэн хөгжлийн бодлого болгож өнөөдөр биелэлээ олж байна. Дотоодын өрсөлдөөн чанартай сайн байх тусам тамирчдын бэлтгэл хангагдаж тив дэлхийд гарах боломж үечлэлийг түргэвчлэх сайн талтай юм. Үндэсний лигээс тодрон гарсан шилдэг тамирчдаар эмэгтэй шигшээ багийг бүрдүүлж ирэх 9-р сараас эхлэн Япон дасгалжуулагчаар удирдуулан ажиллах гэж байна.
“Эмэгтэйчүүдийн Үндэсний Лиг”-ийн мэргэн буучаар эсрэг багийн хаалганд 12 гоолыг оруулж чадсан “Хан-Уул” дүүрэг багийн 13 дугаартай Ө.Ундрах тодорлоо. Тоглолт бүр дээр гоол оруулж чадсан түүнийг эсрэг багийн хамгаалагч нар зогсооход тун бэрхтэй байлаа. Шагналыг МХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн Б.Болдбаатар гардууллаа.
Шилдэг хагас хамгаалагчаар: “Хад” клубын тамирчин Б.Намуун
Шилдэг хамгаалагчаар: Монголын Тэмүүлэл багийн тамирчин Б.Мөнгөнзул
Шилдэг хаалгачаар: Эрчим клубын тамирчин Б.Номингэрэл нар анхдугаар лигийн шилдгүүдээр тодорлоо
МХБХ-ноос зохиосон Эмэгтэйчүүдийн Үндэсний лигnay анхдугаар тэмцээнд оролцсон бүх тамирчиддаа талархаж сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэе.