Сэтгүүлч С.Баттулгыг эх сурвалжтай нь хамт баривчлаад хорьчихсон. “Ноёд” группээс гаргасан сэрэмжлүүлгийг сайтдаа байршуулсных нь төлөө түүнийг одоогоос нэг жилийн өмнө хууль бусаар 32 цаг хорьж байв. Буух эзэн, буцах хаягтай тов тодорхой мэдэгдлийг нийтэлсэн атал гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэтгүүлч бүсгүйг буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэжээ. Улмаар түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан ноцтой явдал байлаа. Харамсалтай нь Монголын хууль хяналтынхан үүнд дүгнэлт хийхийг хүссэнгүй. Түүнийг дээрх асуудлаар хоёр дахь удаагаа, олон хоногоор цагдан хорих хууль бус шийдвэрийг өнөө жилийн Үндэсний их баяр наадмын өмнөхөн гаргасан юм. Мөн С.Баттулгын нийтэлсэн мэдээллийн эх сурвалж болох Г.Буяндоржийг ч саатуулаад авсан. Ардчилсан засаглалтай Монгол Улсад анх удаа сэтгүүлчийг эх сурвалжтай нь хорьж, цагдаж буй уг явдал нийгмийг гайхшруулж байна. Шуудхан хэлэхэд энэ бол Ардчилсан намын нэр хүндийг нийгэмд гутаан доромжлох гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа. “Ард түмний итгэл хүлээлгэж, төрд гаргасан нам нь ийм өөдгүй зан гаргаж, та нарын эсрэг турхирч байна шүү” гэж АН-ыг муухай харагдуулахыг оролдсон ядмагхан заль юм даа.
Хорвоогийн буруу, зөвийг дэнсэлж, зөвхөн чин үнэнч, шударгаар ажиллахаа амлан тангараг өргөж, Монгол Улсынхаа туганд мэхийн сөгддөг хууль, шүүхийнхний гишгэлт бүрийг энгийн иргэд анхааралтай ажиглаж суудаг. Гаргасан шийдвэр болгон нь хаашаа хазайж, үнэний дэнс хэрхэн дийлж байгаа нь ч ард түмний нүдэнд ил байдаг болохоор түвэггүйхэн “шүүчихнэ”. Тиймдээ ч тэдний явуулж буй үйл ажиллагаа, гаргасан шийдвэрүүд нь санаандгүй эсвэл бодлогогүй алхам байжээ гэдэгт итгэх хүн байдаггүй. Малын хулгайчид л үнэмшдэг байх. Уг нь хууль шүүхийнхэн хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтний нөлөөнд орохгүй, бие даасан хараат бус ажиллах ёстой салбар. Гэтэл энэ бол зүгээр л үлгэр юм байна гэдгийг болж буй үйл явдлууд тод харуулсаар. Дээрээс нь хууль шүүхийнхэн авлигыг хамгийн их өөгшүүлсэн гэдгээ өөрсдөө зарлачихсан шүү дээ. Авлигаас ангид байхын тулд цалингаа нэмүүлэх гаргалгааг эрэлхийгчид юм, тэд. Үнэндээ хууль шүүхийнхэн бүх зүйлийг санаатайгаар, бодлоготойгоор, урьдчилан төлөвлөж, зохион байгуулалттайгаар хийдэг. Энэ салбарын дунд шатныхан цэнхэр тугтай бүдүүлгүүдэд үнэн голоосоо дургүй. Хууль шүүхийнхний хэд хэдэн үе дамжсан, удам залгасан нөхдүүд зөвхөн Ардын намдаа л хайртай. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суухав гэгчээр тэднийг ингэж хардах болсон үндэслэл өөрсдөөс нь улбаатай. Дан ганц сэтгүүлч С.Баттулгад тохиолдоод буй явдалтай ч холбоотой биш. Түүн дээр явуулсан зохион байгуулалттай ажиллагаа шиг үйл явдал урьд нь олонтаа давтагдаж байсан гашуун түүх бий. Ардчилсан нам Монголын парламентын түүхэнд хоёр удаа олонхи болж төр барьсан. Энэ хугацаанд ардчилсан хүчний нэрийг сэвтүүлж, хийсэн гавьяаг нь баллуурдах гэсэн оролдлого бүрийг хамгийн ихээр уухайлагчдыг ард түмэн ч андахгүй. Ардчилсан намыг засаг барьж байх тэр үед юу болсныг эргэн саная.
1996-2000 онд Ардчилсан нам дангаараа УИХ-д 50 суудал авч, олонхи болсон. 1998 оны аравдугаар сарын 2-нд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан. Өнөө маргаашгүй Ерөнхий сайдын албан тушаалд томилогдох тухай шум гараад байхад ийн харамсалтайгаар бусдын золиос болсон юм. Бүхэл бүтэн 17 жилийн нүүр үзсэн энэ хэргийн гогцоо одоо болтол тайлагдаагүй. Харин хэрэг дээр ажилласан, талийгаачтай урьд нь ямар нэгэн сэжмээр холбоотой байсан гэгдэх хүмүүс амиа алдсан тухай жагсаалт гарсан нь ч бий. Тэр жагсаалтад хэргийн мөрдөн байцаагч, прокурор, гэмт этгээдийг анх харсан гэгдэх жирийн иргэн, таксины жолооч гээд 20 орчим хүн учир битүүлгээр хорвоог орхицгоосон гэж тэмдэглэсэн байдаг юм билээ. Ерөөсөө С.Зоригийн хэргийг илрүүлэхийг манай хуулийнхан хүссэнгүй. Тэд огт хөдөлж өгөөгүй. Тэр бүү хэл “Ардчилсан нам төр барьж байгаа цагт С.Зоригийн хэрэг илрэхгүй” гэсэн мессэжийг ард түмэнд өгч байсан юм. Ардчиллынхан төрийн эсрэг байсан мэтээр хуулийнхан харагдуулж чадсан. Тэд ийм л хүмүүс. Нөгөө талд талийгаач С.Зоригийн амиа алдсан явдал зарим нэг олз хайгчдад аманд нь орсон шар тос мэт болж байв. Тухайлбал, 2000 оны сонгуульд зарим нэг нэр дэвшигч нийгэмд хүлээлт дагуулсан энэ хэргийг далимдуулж, “Намайг сонговол С.Зоригийг хөнөөсөн этгээдийг илрүүлнэ” гэхчилэн лоозогнож, уриагаа болгон шоудаж байсан удаатай.
С.Зориг амиа алдсанаас нэг жилийн дараа буюу 1999 онд Казиногийн хэрэг мандсан. УИХ-ын гишүүдийн 80 орчим хувийн дэмжлэгтэйгээр батлагдаж байсан энэ хууль олонхийн саналаар унах нь тэр. Дараагийн ээлжит сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдээд байхад тухайн үеийн МАХН болох одоогийн Ардын намын тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд Казиногийн хуулийг хүчингүй болгуулах ажиллагаа явуулсан юм. Судлаачдын тэмдэглэснээр С.Зоригийн хэрэг илрэх магадлал өндөр байсан учраас Казиногийн хэргийг зохиомлоор үүсгэж, өндрийг нь авахуулсан гэх юм билээ. Ийнхүү Монголын түүхэнд анх удаа Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг энэ хэрэгтэй холбогдуулан түтгэлзүүлж байв. Одоогийн НИТХ-ын дарга Д.Баттулга, баригадын генерал Д.Энхбаатар, тухайн үеийн Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд С.Батчулуун агсан нарыг казиногийн хэргээр хоморголон шоронд хорьж байсан юм.
Харамсалтай нь С.Батчулуун сайд хоригдож байх хугацаандаа нас барсан. Харин Казиногийн хэрэгт нэр нь холбогдон ганц нэг удаа асуугдаж байцаагдаж байсан МАХН-ын хэд хэдэн гишvvн ямар ч ял зэмгvй өнгөрч байсан нь хэн бүхэнд сэжиг төрүүлдэг. Тэр үеийн МАХН-ын нарийн бичгийн дарга асан Б.Энхмандахын нэр ч дуулдаж байсан санагдана. Тэрбээр 25 саяыг авлигаар биш зээлээр авсан гэж гvрийхэд хуульчид “итгэж” мань хvнийг сулласнаар барахгүй Их Британид дипломат ажил эрхлүүлэхээр томилж байсан. Түүнээс гадна МАХН-ын хэд хэдэн гишүүний нэр дуулдаж байгаад намжсан байдаг.
Ингээд 2000 оны сонгуульд МАХН буюу өнөөгийн Ардын нам УИХ-д 72 суудал авсан юм. Өмнөх парламентад нь сөрөг хүчин болоод сууж байсан Ардын намынхны явуулсан хор уршиг нь ийм л байна. Нэг ёсондоо хууль, хяналтынхныг ашиглаж санасандаа хүрч чаджээ. Тэд төрийн эрхийг аваад тендер, газар, лицензийн наймааг жинхэнэ цэцэглүүлсэн. Өөрсдийнхөө бохир бизнесийг гүйцэлдүүлэхийн тулд увайгүй башир арга хэрэглэдэг нь одоо ч хэвээр. Ардчилсан хүчнийг дараагийн сонгуульд ялахаас болгоомжилж “Хамгийн муу ёрын нам” болгон харагдуулж, нийгэмд ийм сэтгэхүйг суулгахыг оролдож байна. Ардчилсан намыг улс төрөөс арчиж, нийгэмд байхгүй болгох Ардын намын ажиллагааг хууль шүүхийнхэн зохион байгуулалттайгаар гүйцэлдүүлдэг. Тэд өөрсдийнхөө бусармаг үйлдэлдээ бат итгэлтэй байдаг бололтой. “Тэртэй тэргүй дараагийн сонгуульд Ардчилсан нам ялагдана” гэсэн хандлагаар засаг төр барьж байгаа эрх баригч намынхаа удирдлагуудын үгэнд орохоо больдог нь гэм биш зан болжээ. Хууль, шүүхийнхэн яг одоо энэ өнгөндөө орж ирж байна. Үндсэндээ хууль шүүх, цагдаагийнхан гол зорилгоо Ардчилсан намын нэрийг уландаа гишгэхэд чиглүүлж, төрийн эсрэг ажиллаж эхэлдэг.
Өмнө нь тэд Хууль зүйн сайдаа шоронд хорьж, хөнөөсөн. Тэгвэл Ардын намын нөхөд иймэрхүү зүйлд орооцолдлоо гэхэд яах бол. Хууль зүйн сайд байсан Ц.Нямдоржийг ингэж чангалж чадах болов уу. Арай ч шоронд илгээчихгүй, ихэд хайрлана даа. Ардын намын хуучцуул болон багачуудын хийсэн балмад танхай явдал, дээрэм луйвар гээд хууль зөрчсөн явдал нь өнгөрсөн 25 жилд хэрээс хэтэрсэн. Жишээлбэл, Монголын түүхэнд хар толбо болон үлдсэн ойрын жишээ болох долдугаар сарын 1-ний үйл явдлыг бүгд тод санаж байгаа. 2008 оны сонгуулийн дүнг эсэргүүцэн Ардчилсан намд саналаа өгсөн иргэд ардын нам буюу хуучин ху-гийн нөхдөөс ам асуух гэж намын байрных нь өмнө эсэргүүцлээ илэрхийлж жагссан. Монгол хүн монгол хүн рүүгээ гал нээх тушаалыг тухайн үеийн ху намын удирдлагууд гаргаж таван хүний алтан амийг авч одсон. Ингээд Ардын нам УИХ-д 45 суудал авч, олонхи болсноор гэмт этгээдүүд уснаас хуурай гарцгаасан юм. Гэвч хэрэг хуучирдаггүй гэдэг.
Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг Монгол Улс баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдаа хорьж, дүрвүүлэн, ардчиллын нүд, чих, дуу хоолой, амин сүнс болсон сэтгүүлчийгээ ч эх сурвалжтай нь шоронд хийсэн явдлыг дэлхий нийт нүдээ бүлтийлгэн харж байна. Хорьж цагдана гэдэг бол бусад оронд шившиг болж байна гэсэн үг. Нийгэм даяар Ардчилсан хүчнийг харааж, зүхэж эхэллээ. Энэ хэрээр Ардчилсан намын нэр хүнд хүссэн хүсээгүй шороотой хутгалдаад ирж байгаа юм. Ингэж төр барьж байгаа намаа зохион байгуулалттай гутаан доромжилдог ажиллагаандаа хууль, шүүхийнхэн бүр өөгшөөд байна.
Цаана нь зохиомол хэрэг гэж яригдаад байгаа Л.Гансүх, Г.Дэнзэн нарын асуудал юу болох юм бэ. Хууль шүүхийнхний зохион байгуулалттай ажиллагааны цаад зорилго бол Ардчилсан нам төр барьж буй үед нөлөө бүхий гишүүд нь шоронгийн хаалга татаж, ээлж дараалан бусармаг үйлдэл гарган, төр барьж чаддаггүй гэсэн сэтгэхүйг нийгэмд суулгах юм. Өнөөдөр Засгийн газрыг Ч.Сайханбилэг толгойлж, Хууль зүйн яамыг Д.Дорлигжав даргалж байгаа юм бол одоо доод албан тушаалын хүмүүсээ захирсан шиг захирч, дэгэнд нь оруулах цаг ирснийг болж буй үйл явдлууд сануулаад байна. Тэднийг зангидсан гар шиг нэгдмэл бодлогоор “хүмүүжүүлэх” хэрэгтэй болжээ.