-Дүүгээ хайж цагдаад хандчихаад байхад амиа алдсаныг нь мэдэгдээгүй-
Энэ сарын 13-ны өдөр ажилдаа яваад сураггүй болсон эмэгтэйг ар гэрийнхэн нь хайж байгаа тухай зар facebook-ээр тарсан. Харамсалтай нь тэр эмэгтэй галт тэргэнд мөргүүлж амиа алдсан байсныг ар гэрийнхэн нь долдугаар сарын 17-ны орой мэджээ. Цагдаагийнхан талийгаачийн цогцсыг энэ сарын 14-ний үүрээр олсон ч гурван хоногийн турш хэн болохыг нь тогтоож чадаагүй гэдгийг ар гэрийнхэн нь ярьсан. Талийгаач Д-ийн ах Э.Өрнүүн-Ундрахтай ярилцлаа.
-Дүүгээ хайж байгаа талаар зарыг facebook хуудсаар олон хүн түгээсэн байсан. Харамсалтай мэдээ сонслоо.
-Манай гэр бүлд маш хүнд байна. Гэхдээ гэмт этгээдийг илрүүлж үйлдсэн хэргийнх нь хариуцлагыг хүлээлгээсэй гэдэг үүднээс танай сонинд хандаж байна. Дүү минь 19 настай. Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн хоёрдугаар курс төгссөн. Гурван ахтай, айлын бага охин. Хичээлдээ сайн. Гэр, сургууль хоёрын дунд явдаг даруухан охин байсан юм, миний дүү.
Зуны амралтаараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тасалбар тасладаг цагийн ажил хийж байсан юм. Энэ сарын 13-ны өглөө ажилдаа яваад эргэж ирсэнгүй. Бид гурав хоногийн турш хайж, сураглаж яваад 17-ны орой амиа алдсаныг нь мэдлээ.
-Талийгаач хамгийн сүүлд хэзээ гэрийнхэнтэйгээ холбоо барьсан бэ. Энэ сарын 13-нд ажил нь оройтож тарсан юм болов уу?
-Цагийн ажил нь ихэвчлэн орой тардаг. Хажуу талын байранд байдаг охинтойгоо хамт ирдэг байсан юм. Аав гэрийнхээ гадаа тосдог. 13-ны шөнө аав гэрийн гадна хүлээгээд ирээгүй. Хажуу байрны охинтой хамт яваагүй байсан. Миний дээд талын ах шөнийн 1.40 цагт гар утас руу нь залгахад “20 минутын дараа очлоо” гэж ярьсан. 20 минутын дараа залгахад гар утсаа тасалчихсан. Дахиад залгасан утас нь салчихсан байсан.
-Хэзээнээс хайж эхэлсэн бэ?
-14-ний үдээс хойш хүртэл утсаар сураглаж байсан. Наадмаар найз нөхөдтэйгөө уулзсан юм болов уу гэж найдаж байлаа. Гэсэн ч гар утас нь салчихсан, огт сураг гарахгүй болохоор санаа зовоод 14-ний 17.00 цагийн орчимд цагдаагийн 102 дугаарт залгаж мэдэгдсэн. Дараа нь 19.00 цагийн орчимд Баянгол дүүргийн цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Дүү минь сураггүй болсныг цагдаагийн байгууллага 14-ний орой мэдсэн гэсэн үг. Гэтэл гурвалжингийн гүүрний доод талаас эмэгтэй хүний цогцос 14-ний өглөөний 05.00 цагийн орчимд олдсон байсан. Цагдаа жаахан л анхаарал хандуулсан байсан бол бидний хайгаад байгаа хүн нас барсан гэдгийг мэдэх байсан. Өргөдөл авснаас хойш 17-ныг хүртэл цагдаагийн байгууллагаас бидэнд ямар ч сураг өгөөгүй.
-Танайхан дүүгээ хайсаар л байсан уу?
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр очиж хамт ажиллаж байсан, ажлаасаа хамт гарсан байж болох хүмүүсийн утасны дугаар авсан. Тэр байгууллага оюутнуудыг шөнө дүл хүртэл ажиллуулчихаад гаргаад явуулчихдаг. Ядаж чиглэл чиглэлд нь нэгдсэн унаа явуулдаг байсан бол ийм зүйл болохгүй байсан байх гэж харамссан. Тэндээс сураглаж байгаад дүүгээ нэг эмэгтэйтэй хамт явсныг олж мэдсэн. Тэр эмэгтэйтэй уулзахад “Бид хоёр манай гэр хүртэл алхаад Ус цаг уурын хүрээлэнгийн уулзвараас танай дүү таксинд суусан. Бараан өнгийн машин байсан. Машинд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан” гэж ярьсан.
-Замын хяналтын камер шүүлгэсэн үү?
-Хоёр удаа очиж шүүлгэсэн. Гэтэл талийгаачийн таксинд суусан гэх газраас цаадах нь харагдаад яг тэр хэсэг камерт ороогүй байсан. Бид гурав хоногийн хугацаанд хайж, сураглаж болох бүхий л аргыг хэрэглэсэн. Гэмтлийн эмнэлэг, цогцос хадгалах байраар хүртэл явъя гэж ярьж байсан. Тэгтэл 17-нд таньдаг цагдаа маань ярьсан. Танил цагдаагийнхаа компьютерээс цагдаагийн байгууллагын дотоод сүлжээгээр эрэн сурвалжилж байгаа, гэмт хэргийн хохирогч болсон хүмүүсийн мэдээллийг шүүсэн. Гэтэл 14-ний 05.50 цагийн орчим үл танигдах эмэгтэй хүн галт тэргэнд мөргүүлж амиа алдсан гэсэн мэдээлэл байсан. Зургийг нь хартал дүү минь байсан.
-Цагдаагийн байгууллагаас танайхад хэл хүрээгүй. Хувийн шугамаар мэдсэн юм байна. Тийм үү?
-Танил цагдаагаа гуйж байж мэдээллийн санг шүүлгэж олсон хэрэг. Гурав хоногийн турш цагдаагийн байгууллага юу хийж байсныг мэдэхгүй. Цагдаагийн мэдээллийн сангаас тэр мэдээллийг авсан даруйдаа Төмөр замын цагдаагийн хэлтэст 17-ны орой очиход цагдаа нь “Маргааш цагдаагийн баяртай. Энд унаа, машинтай хүн алга” гээд халгаагаагүй. Тэгээд өөрсдөө очиж үзэхэд дүү минь мөн байсан.
-Гурван хоногийн хугацаанд талийгаачийг хэн болохыг цагдаагийн байгууллага тогтоож чадаагүй юм болов уу?
-Ерөөсөө оролдлого хийгээгүй. Бид дүүгээ хайж байна гээд цагдаагийн байгууллагад хандчихсан. Хайж байгаа хүнтэй төстэй эмэгтэй амиа алдчихсан байхад харьцуулж болдоггүй юм уу. Тэр өдөр дүү минь иргэний үнэмлэх, гар утастайгаа явсан. Гэтэл цогцсыг олоход юу ч байгаагүй гэсэн. Энэ хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ариунтунгалаг гэдэг эмэгтэй хариуцаж байсан. Тэр хүний ярьснаар иргэний бүртгэлээс дүүгийн минь мэдээлэл гарахгүй байсан гэсэн. 16 настай иргэний үнэмлэх авсан хүний мэдээлэл яагаад байхгүй гэж. Хэргийг илрүүлье гэсэн сэтгэлгүй, зөвхөн цагдаагийн баяртаа сатаарч байсны илрэл. Хэрвээ бид хувийн шугамаар мэдээгүй бол 18-нд цагдаагийн баяр, маргааш нь амралтын өдөр гээд өнгөрсөн даваа гаригт л мэдэх байж. Цагдаа нар баяраа тэмдэглэхээр хүлээсэн үүргээ мартчихдаг юм болов уу.
-Талийгаач мөнгөтэй явж байсан уу. Мөргөсөн галт тэрэгний ажилчид юу гэж мэдүүлсэн бол?
-Samsung маркийн гар утас, 10-20 мянган төгрөгтэй л гэрээсээ гарсан. Төмөр замын ажилчид “Хажуугаар явж байгаад гэнэт урдуур орж ирээд мөргүүлсэн” гэж мэдүүлсэн. Үүнээс болоод талийгаачийг амиа хорлосон гэж таамаглаад, хэргийг хэрэгсэхгүй болгох сонирхол цагдаад байгаа. 01.40 цагт ахтайгаа “Очиж байна” гэж ярьсан хүн 05.50 цагийн орчимд амиа хорлотол хаагуур явсан нь сэжигтэй. Мөн ах нь дахиад залгахад утсаа таслаад, салгасан нь бас сэжигтэй байгаа. Гадны нөлөөтэй нас барсан гэж бид таамаглаж байгаа. Дүү минь амиа хорлох хүн биш. Найз залуугүй. Гэрийнхэнтэйгээ ч түр тар хийгээгүй. Ганц охин дүүгээ ах нар нь дарамтална гэж юу байх билээ. Өдрийн тэмдэглэл дээрээ ирэх намар тийм хичээл сонгон, ийм дүнтэй суралцана гээд ирээдүйгээ төлөвлөөд биччихсэн байсан. Магадгүй хүчинд автаж шоконд орсон явж байсныг ч үгүйсгэхгүй.
-Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй биз дээ?
-14 хоногийн дараа гардаг гэнэ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач хүчинд автсан уу, гадны нөлөө байсан уу гэдэг нь тодорхой болно гэж найдаж байна.
-Хамт явсан эмэгтэйгээс мөрдөн байцаагч мэдүүлэг авсан болов уу?
-Уг нь замын камер шүүлгэх, хамт явсан охиноос мэдүүлэг авах гээд бүх ажлыг цагдаагийнхан хийх үүрэгтэй. Гэтэл бид л хийгээд байсан. Тэр хооронд цагдаа нар баяраа л тэмдэглэж явсан байх. Баярын дараа 14-ний үүрээр хотын төвөөр цөөн машин явж байсан. Замын камерт багтсан машинуудыг шүүчихэд асуудалгүй баймаар юм. Мөн хамт явсан эмэгтэйгээс мэдүүлэг аваад өгөөч гэж хэсгийн байцаагчид 16-ны орой утасных нь дугаарыг өгсөн. Тэр өдөр хэсгийн байцаагч тэр эмэгтэйгээс мэдүүлэг авсан гэсэн. Төмөр замын цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж эхэлсний дараа Ариунтунгалаг байцаагчид мөн л нөгөө эмэгтэйн утасны дугаарыг өгсөн. Гэтэл өнөө өглөө л мэдүүлэг авч байна. Ингэж хугацаа алдахаар хэрэг илрэх магадлал улам бүр багасна биз дээ. Өмгөөлөгчтэйгөө хүсэлт гаргаад очтол Ариунтунгалаг байцаагч өнөөдөр үдээс хойш эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн. Талийгаачийн хэрэг Мөнхсайхан гэдэг байцаагчид шилжсэн гэнэ. Мөнхсайхан байцаагчтай уулзахад “Ер нь ийм хэрэг болсныг мэдэж байгаа. Хавтаст хэрэгтэй танилцаагүй байна. Албан ёсоор намайг ав гэж хэлээгүй. Тэгж байгаад хэрэгтэй танилцана” л гэсэн. Тэгж байгаад гэдэг нь хэзээ гэдгийг мэдэхгүй. Хүн амиа алдчихаад байхад цагдаа нар хэзээ ажлаа хийж эхлэхийг мэдэхгүй юм. Төмөр замын цагдаагийн хэлтэс ачаалал багатай. Гэтэл энэ хэрэг дээр үнэхээр хойрго, хайнга хандаж байгаад гомдолтой байна.
-Талийгаачтай хамт явсан эмэгтэйгээс өөр гэрч байгаа юу?
-Бид тэр эмэгтэйтэй хэд, хэд уулзсан. Эхлээд уулзахад талийгаачтай хоёулахнаа байсан гэсэн. Дараа нь уулзахад “Бид хоёр манай гэрийн ойролцоох пабад орж жаахан суусан. Тэнд үйлчлэгч, түүний найз хоёр хүн л байсан. Гарахад үйлчлэгчийн найз нь бид хоёрыг гаргаж өгсөн” гэж ярьсан. Ард кино театрын хавиар хайж байгаад орсон пабыг нь олсон. Тэнд байсан залуу “Би талийгаачийг таксинд суулгаж өгсөн. Мөнгөлөг саарал өнгийн машин байсан. Талийгаачийг машинд суулгаж явуулчихаад хамт явсан эмэгтэйг гэрт нь хүргэсэн” гэж ярьсан. Тэр залуугаас гэрчийн мэдүүлэг авч өгөөч гэж цагдаад бас хүсэлт гаргасан. Мөрдөн байцаагч энэ хэрэг дээр анхаарал хандуулахгүй, цаг алдсаар байна. Энэ хойгуур гэмт этгээд ул мөрөө баллах вий, хэргээс яаж мултрахаа төлөвлөчихсөн байх вий гэж айж байна.