“Амьд явбал улсын наадам үзнэ” гэж их зохиолч Д.Нацагдорж мөн ч онож хэлжээ. Наадам дөхөхөөр сэтгэл нэг л гэгэлзээд, бөхсөн бол барилдмаар, морьсон бол уралдмаар санагдана. Нүүдэлчний цус судсанд нь лугшсан хүн бүхэн л ийн догдолдог биз. Энэ жилийн наадмаар хэний хүү түрүүлж, хэний морь магнайдаа тоосгүй ирэх бол гэсэн таавар зон олны дунд салхилна. Үсэргээний наадам дээр өвгөд дурангаа арчин арчин өндөлзөж, төө цагаан соруултай гаанснуудаар гангарах мэт ээтэн гутлынхаа түрийг алдан газар унагана. Хурдан морьдын түрүүч барианы зурхай руу ойртох тусам унаач хүүхдүүдийн гийнгоолох дуу хөндий талаар нэг цангинаж, нулимс өөрийн эрхгүй цийлэлзэж, тэртээх холын уулс зэрэглээнд торолзох мэт бүрэлзэнэ. Дээлээ сугалдаргалсан хүдэр хүрэн эрс тэнзэн ташуураа өргөн, түмний дуунд хөөрсөн эргэцээ омголон хүлгийнхээ дөрөөнд өлмийдөхүй агаарт нисэх мэт сэвхийн мордож, бүсэндээ хавчуулсан хадагтай хусуураа тэмтрэн тэмтчин давхилдана. Дэлхийд ганцхан монгол наадам минь ингэж дээл, бүстний бахархлыг төрүүлнэ. Наадамаа гэж юу сан билээ хэмээн бодохуй юун түрүүнд хангайн буга мэт ханагар цээжээ ханхалзуулан харцага шонхор мэт дэвэн дэлж, уран мэхийг уралдуулан барилдах хүчит бөхчүүд, эрчит дөрвөн туурайгаараа ээрэм талыг бөмбөрдөн давхих тод магнай, торгон жолоо өргүүлэх шандаст хурдан хүлгүүд санаанд бууна. Жил жилийн наадам зэл зэлний унагад шиг сонин содхон үйл явдлуудаараа сэтгэлд дотно санагдана.
УЯАЧ БОЛОХЫГ ШАХАВ
Тавдугаар анги төгсөх жилээ эгчийнхээ бидэрт хул морийг өөрөө сойж, наадамд уралдсан гэнэхэн нас минь инээд хүргэж бодогдоно. Тэр жилийн наадмаар би соёолон нас хүртлээ сумын наадмын цээжинд давхиж, айрагддаг хул морио унаган ижлээс нь алсын эрхэнд аргамжаагаар сойсон нь одоогийн Улсын их хурлын морины хорхойтнуудад үлгэр болмоор паянтай өнгөрсөнсөн. Аймгийн алдарт уяач Содной, улсын сайн малчин Галсансүрэн нарыг дуурайж тэдний морио хөлслөх үеийг анаж байгаад мөн адил тарлана. Өнөө цагийн алдар цолтой уяач хэмээгдэх их хурлын гишүүд, компанийн захирлуудыг бодохноо морио өөрөө сойно гэсэн тэрүүхэн тэндээ додигор санаатай уяач, цодгор унаач байсан юм уу даа. Нэг гэм нь өөрөө сойсон морио өөрөө унаж уралдсан тэр наадмын урд шөнө аргамжаатай хул морь минь хүний адууны араас тэлүүлж гадсаа аван бэлчээрт гарч, идшээ ихдүүлсэнээс барианд ч оролгүй ихэд ичээж, морь уях сонирхлыг минь мөн ч сайхан унтрааж билээ.
ИЧИНГҮЙРЭЛ ТӨРҮҮЛСЭН СУГАЛАА
Баянхонгор аймгийн Заг сумын дунд сургуулийн есдүгээр анги төгсөх жилийн наадмаар Бөлтүүш, Цолмон бид гурав ангийнхаа охидод хуушуур авч өгсөн шиг их л дотно наадсансан. Сумынхаа Шавгийн толгойн морь барианы газарт ачааны тэрэгний тэвшин дээр зарж байгаа хуушууранд дугаарлана гэдэг одоо бодоход яггүй бэрх даваа байж. Сумын хоршооноос наадамчин олны дунд бор эсгий, халуун савны хонжвортой сугалаа явуулна. Бид ангиараа сугалаатай машин дээр очиж таван төгрөгөөр сугалаа сугалцгаав. Дийлэнхид нь гурвын бал, тавын дэвтэр таарч байна. Миний ээлж болоход нэг хуйлсан сугалаа аваад дэлгэж үзвэл сексологич Д.Болдцэрэнгийн “Эр эмийн ёсон” хэмээх цэнхэр хавтастай ном таарч, худалдагч эгчээс гардан авахдаа жигтэйхэн ичиж, нөгөө номыг хожим харах бүр инээд хүрдэгсэн.
БӨХИЙН КАРЬЕРАА ӨНДӨРЛӨВ
1992 онд аравдугаар ангиа төгсөөд Бөмбөгөр суманд алтны хайгуул шинжилгээ хийж байсан Архангай аймгийн Тариат сумын өнгөт чулуу олборлолтын ангид туслах ажилчин болов. Энэ хээрийн шинжилгээний сумын заан Нармандах, сумын начин Лхагвадорж нараас гадна Жонхоон, Дэлгээ гээд хөөрхөн ноцолдчихдог үе тэнгийн залуус байв. Бид өдрийн ажлын дараа голын зүлгэн дээр очиж байнга барилдах. Хэрдээ наадмын бэлтгэл хийгээд байгаа царай нь тэр. Наадмын өглөө монхор ногоон “ЗИЛ-130” машины тэвшинд суугаад Бөмбөгөр сумын наадмыг авахаар гарч өглөө дөө, хөөрхий. Сумын наадам сайхан эхэлж байна. Хэдийгээр таньж мэдэх газар биш боловч анзаарвал бөх гэчихээр хүн цөөхөн харагдана. Бүгд л барилдахаар бөхийн комисст нь бүртгүүлчихлээ. Нэгийн даваанд нөгөө хэд маань цөмөөрөө л давлаа. Надтай бүсгүй хүн шиг гулжганасан алхаатай унжийсан шар нөхөр таарч. Газар шорооны ажилд нухлагдсаных цаанаа л нэг бяр амтагдаад учраа нөхрөө давчихмаар санагдаж байна шүү. Гарлаа. Өрлөө. Гулжгар шар баригддаггүй дээ. Хоёр шуун дээрээс атгаад авах санаатай хөөж явтал “юу болов оо” гэж бодогдох ч завдал өгөлгүй нэг их цэлийсэн цэнхэр юм бүрхээд ирдэг юм байна. Тэгэхнээ учраа бөх маань ухарч зугтаж байгаа мэт хуурч байгаад гишгэдэл тааруулан намайгаа тэнгэр харуулсан нь тэр юм байж. Надаар даваагаа ахиулсан залуу сүрхий барилдаанч эр болох нь тодорч үзүүр, түрүү булаалдсан юм. Бөх болох карьер минь тэр жилийн наадмаар Бөмбөгөр суманд ингэж төгссөн билээ. Юун төлөө эрийн гурван наадам гэдэг билээ, багадаа холбооны шонгийн цагаан вааран лонхыг онож явсных улсын наадамд цэц мэргэнээ нэг сорьж үзнэ дээ гэж бодож явдаг юм.
ШҮЛЭГТЭЙ СОНИНГОО АВЧ МАГНАЙ ХАГАРТАЛ БАЯРЛАСАН МИНЬ
1994 онд манай сум байгуулагдсаны 70 жилийн ой нижгэр сайхан болов. “Зангиагүй, дипломгүй сэхээтэн болно” гэж мал дагасаар жилийн нүүр үзсэн ч мянгат малчин болох ирээдүй маань Баянхонгорыг нэрмэсэн байгалийн гамшигт нэрвэгдээд бүүдийсэн эл үеэр нутгийн найрагч Тангадын Галсанд монгол бичгээр хэдэн шүлгээ сийрүүлээд шуудангаар илгээсэн байсан юм. Сумын ойн хүндэт зочид ирцгээж, наадам сайхан болох төлөвтэй айл саахалтаараа хөл хөгж өөн ихтэй зун байлаа. Наадмын өглөө сургуулийн бага ангийн багш Ж.Мөнхжаргал анд маань манайд ирж “Галсан найрагч урьд шөнө гэр бүлээрээ ирээд сурагчдын дотуур байранд байрлаж. Хоёулаа очиж золгонгоо явуулсан шүлгүүдийнхээ хувь заяа хэрхсэнийг мэдье” хэмээж байна. Алд цэнхэр хадаг, нутгийн “Ламын гэгээн” сархад өвөртөлж, жаал жуул ааруул бяслагхан ээжээрээ боолгож аваад, яваад очлоо. Багш бид хоёрыг гүн хүндэтгэлтэйгээр хүлээж аваад “Нутгийн малчин, сурган хүмүүнж үүлэгч та хоёрын тансаг найраг өвгөн надад таанын сэнгэнэсэн айргийг санагдуулж, “Хөдөлмөр” сонинд хэвлүүлсэн байгаа. Та хоёр Д.Пүрэвдаш эрхлэгчтэй уулзан, сониноо авна буй заа” хэмээдэг юм байна. Эдүгээ зурхай судлалын ухааны доктор болсон Мөнхжаргал бид хоёр нутгаас төрсөн нэрт сэтгүүлч Д.Пүрэвдаш гуайтай уулзвал шүлгүүд маань хэвлэгдсэн 1994 оны долдугаар сарын 1-ний өдрийн дугаараас тус бүр нэг ширхгийг бэлэглэж, цээжинд нар мандаав. Ирээдүйн ламтан, найрагч хоёр хөвүүн наадмын тэр өдөр Загийн голынхоо хаяаны цагаан дэрсэнд нуугдах шахан байж өөрсдийн хэвлэгдсэн шүлгүүдээ уншин, ертөнцийг эрхшээсэн бурхад болсны дайтай магнай хагартал баярлан, наадмыг марттал “наадсан” минь одоо ч санаанд илхэн байнам.
НОХОЙН МАХТАЙ ХУУШУУР ЗООГЛОСОН ХҮЙ ДОЛООН ХУДГИЙН НААДАМ
Сониноосоо хурдан морь сурвалжлах томилолт өвөрлөн Хүй долоон худгийн хөндийг зорилоо. Морины зурхай дээр “Улаанбаатар таймс” сонины сэтгүүлч, яруу найрагч Д.Баянтунгалаг ахтай тааралдан, морины комиссын дарга Самданжамц гуайн жийпийг хөлөглөн уяачдын галаар зочилж, богц дүүрэн олзтой, алга нойтон соёолонгийн тоостой сайхан наадсан минь 2007 оны наадам. Хүн зон хөлхсөн Хүй мандлын дэнж дээр очсоных наадмын хуушуур амталсуу хэмээн сэтгүүлчид бид “Нүүдэлчин” иж бүрдэл зоогийн хуушуураас авч, айргаар даруулан хөөрхөн тансагласан сан. Орой нь хариад зурагт харжээ суутал “Нүүдэлчин” иж бүрдэл хоолны газрынхан нохойн махтай хуушуур хийж наадамчин олонд худалдсаныг Улсын мэргэжлийн хяналтын газрынхан илрүүлсэн байна” гэсэн мэдээ гарч, хамтран хуушуурдагч нөхөд рүүгээ утас цохивол “Нохойн мах уушгинд сайн гэсэн биз дээ” хэмээн харин ч нэг үл тоосон билээ. Жил жилийн наадмыг эргэн санахын цагт хүн бүхэнд олон янзын дурсамж үлддэгийн адил сэтгэлд ойрхон наадмуудын бяцхан сэтгэгдлээ хуваалцахад нэг иймэрх үү. Нар хур тэгширсэн дэлгэр зунаар тохиодог дэлхийд ганцхан монгол наадмаа орхиод явж чадах хэн л байдаг сан билээ дээ.
Л.БАТЦЭНГЭЛ