Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын соёолон насны хурдан морины уралдаанд Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд үрээ торгон жолоо өргүүлсэн юм. Түүнтэй уулзлаа.
-Төрийн их баяр наадамд соёолон үрээ тань түрүүлж, тод магнай боллоо. Баяр хүргэе.
-Баярлалаа. Одтой сайхан наадаж зээрд үрээ минь түрүүллээ. Сайхан байна. Энэ жил хурдтай байна.
-Зээрд үрээ хаанахын угшилтай вэ?
-Миний унаган адуу Сартын үр төл байгаа юм. Олон түрүү, айраг авсан хурдан Сарт азарганы минь төл. Зээрд үрээгээ мордуулахдаа дотроо битүүхэн горьдож л байлаа. 2008 онд миний Ухаа халзан монгол түмний сэтгэлд хоногштол тарлан түрүүлж байсныг олон хүн санаж байгаа байх. Өнөөдөр бас түрүү авлаа. Сайхан хурдан буянгууд заяасан байна. Алтай нутгийн минь уул ус, түмэн олны минь түшиг их байсан болов уу гэж бодож байна. Хийморьтой сайхан наадлаа.
С.АЛТАН