Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар олны танил алдартай эрхмүүд хэрхэн нааддаг тухай манай www.admin.dnn.mn сайт онцолж байгаа юм. Энэ удаа Мэргэжлийн боксын Дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэвийг баяр наадмаа хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэгийг сонирхлоо.
-Та хүүхэд ахуй цагийнхаа баяр наадмаас хуваалцахгүй юу?
-Би багадаа наадмаар морь унадаг байсан.
-Хурдны морь уу?
-Тийм ээ. Манай аав морь уяна. Би хурдан морины унаач хүүхэд байлаа. Морь унах сайхан шүү.Манайх Түргэний гол Бугын сангийн аж ахуйд малчин байсан юм.
-Унасан морь тань хэр хурдан байв. Морь хэр хурдлах нь унаач хүүхдийн сийрэг ухаанаас их хамааралтай шүү дээ. Айраг түрүү хүртэж байв уу?
-12-13 настай л байсан байх. Улсын наадмын даага насанд уралдаж үзсэн. Зургаад давхисан. Үнэхээр их баярлаж, бас нэгэн бодлын чамлаж байсан.
-Айрагдах тун ойрхон байжээ?
-/Инээв/. Харин тийм ээ. Хурдны морь унана гэдэг тийм ч амар биш. Улсын наадамд хурдан морь унаж уралдана гэдэг унаач хүүхдүүдийн хувьд том баяр. Хүүхэд байхад наадам, цагаан сар хоёрыг л тэсч ядан хүлээдэг байлаа.
-Тулаанч маань бөх хэр сонирхдог вэ. Барилдахгүй монгол эр хүн бараг ховор байх шүү…
-Бөх үзэх дуртай. Мэдээж монгол наадам сайхан шүү дээ.
-Аль бөхийг илүү дэмжиж байна?
-Дархан аварга Г.Өсөхбаярын барилдааныг үзэх дуртай. Жудагтай сайхан эр хүн. Өнөө жил дархан аварга маань Зүүнийг манлайлаад сайхан өнгөтэй харагдсан. Сайхан барилдаан харуулах байх аа. Манай аавын талд сайхан бөхчүүд олон бий.
Д.Сүрэн