Categories
мэдээ улс-төр

С.Одонтуяа: Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа өнөөдөр тайлагналаа.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт тайлангийн хугацаанд тус Байнгын хорооноос хийж гүйцэтгэсэн ажлын талаар товч мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийхэд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа нар байлцав.

2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо 12 удаа, гишүүдийн 73.8 хувийн дундаж ирцтэйгээр хуралдаж, 25 асуудал хэлэлцэн, энэ хугацаанд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 3 хууль, 1 тогтоолын төсөл хэлэлцүүлэгт бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлж батлуулсныг байнгын хорооны дарга Д.Батцогт мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэлээ.

Мөн тус байнгын хорооны бүрэлдэхүүнд байдаг “Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо” хуралдаж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Тус байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд бие даасан хууль нэг, Улсын Их хурлын тогтоол нэг, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 3 хууль, хуулийн төсөл буцаах тухай нэг тогтоолыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцүүлэн батлуулжээ. Хүүхэр харах үйлчилгээний тухай хууль, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого болон Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг батлан гаргасан нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой ажил болсныг байнгын хорооны дарга онцолсон юм. Түүнчлэн байнгын хорооны тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэлээр ахлуулсан “Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах болон тэтгэврийн зээлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар холбогдох хууль, тогтоомжийн төслийг боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаар ахлуулсан “Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх” үүрэг бүхий ажлын хэсэг тус тус байгуулагдан ажилласан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагаар ахлуулсан “Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний тухай” байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж, Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Байнгын хороо “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга” болон “Элэгний хорт хавдартай тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийг холбогдох яамдтай хамтран зохион байгуулжээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ, хаврын чуулганы үеэр хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих асуудлуудтай холбоотой хуулиудад онцгой анхаарал хандуулж ажиллах зорилгоор “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих” хориод гишүүний бүрэлдэхүүнтэй лобби бүлэг Улсын Их Хуралд байгуулагдан ажиллаж байна. Аливаа хуулиуд хоорондоо уялдаатай, цогц байж сайн хэрэгждэг учир хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн чиглэлээр Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэр бүлийн тухай хуулиудад онцгой чухал заалтуудыг оруулж чадсан. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд ялангуяа бага насны хүүхдүүдийг осол эндэгдлээс сэргийлэх зорилгоор олон чухал заалтуудыг оруулж өгсөн. Хүүхдийн сантай хамтарч хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд “Хүүхдийн төлөө ногоон аян”-ыг улс орон даяар хэрэгжүүлснээр нийт 22 мянган саналыг хөдөө орон нутаг, аймаг, нийслэл, дүүргээс ирүүлээд байна. Эдгээр саналууд Хүүхэд хамгаалалын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулиудын төсөлд тусгахад чухал хувь нэмэр болох саналууд байгаа. Мөн сургууль, цэцэрлэгийн хангамжийн талаар ойрын 5, 10, 20 жилд хүрэлцээ нь ямар байх, санхүүжилт нь ямар байх чиглэлээр нарийвчилсан судалгаа гаргуулж авсан. Түүнчлэн манай байнгын хорооны гишүүд Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт өгөөд байна гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийсэн олон ажлуудаас олон нийтийн анхаарлыг татаж байгаа гол хуулиудын нэг бол Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль байсан. Түүнчлэн Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого ахмадуудын болоод ирээдүйд тэтгэвэр авагчдын анхааралд байлаа. Энэ хоёр хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллах явцад ямар нэгэн улс төрийн санал зөрөлдөөн гарахад дор бүрд нь шийдэж, намууд болон бүлгүүд, эмэгтэй гишүүд, хууль санаачлагч, байнгын хороодын гишүүдийн саналуудыг бүрэн тусгасан байдлаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдан гарлаа. Энэ хууль 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөнө. Энэ намрын Улсын Их Хурлын ээлжит чуулганаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг батлуулахад идэвхтэй оролцох үүрэг хариуцлага тулгарч байгаа. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлагдсанаар ирэх 20-30 жилд тэтгэвэр авах хүмүүсийн тэтгэврийн бодлого ерөнхий чигээ олсон гэж хэлж болно. Учир нь хүн ам зүйн хувьд Монгол Улс наслалт ихтэй улсын тоонд орох түүхэн он жил 2015 оноос эхэлж байгаа. 2015 оноос хойш манай улсад ахмад настны тоо хүн амд харьцуулсан харьцаа цаашид өсөх хандлага бий болж байгаа. Энэ хандлагад нийцүүлж Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого хэлэлцэгдэж батлагдсан гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *