Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын зүүний магнайд хэн гарах гэх маргаан наадамчин олны дунд талцал үүсгээд байгаа билээ. Монголын үндэсний бөхийн холбоо болон, наадмын салбар хорооноос дүрэм ёсоороо Г.Өсөхбаяр зүүнийг магнайлах ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Энэ маргааныг Х.Баянмөнх аварга тасалж магадгүй нь. Тэрээр “Ийгл” телевизийн “Зочны цаг”-аар өнөөдөр орохдоо “Би 35 жил зүүний магнайд гараагүй. Энэ жилийн баяр наадмаар зодоглох гээд зодог шуудгаа хайж, оллоо. Хэрэв Ж.Мөнхбат аварга зодогловол би барууны магнайдаа гарна. Улсын наадамд Ж.Мөнхбат надаас бага түрүүлсэн ч Дархан аварга цолыг миний өмнө авсан учраас зүүний магнайд гардаг. МҮБХ бөхчүүдийг амжилтаар нь эрэмблэхээр боллоо гэдгийг сонсоод баярлаад зодог шуудгаа эрсэн. Миний хөл муудаж байна. Тариа энэ тэр хийж байгаад ч болтугай гаръя гэж бодлоо. Ирэх жил миний хөл бүр ч муудчих юм бил үү хэн мэдлээ. Тиймээс гишгэдэг байсан дээрээ зүүний магнайд гараад тугаа тойрмоор байна. Би барилдаж чадахгүй л дээ. Гэхдээ нэгийн даваанд оноолт таарсан бөхийг сайн бөх болоорой гээд духан дээр үнсэнэ. Ямар ч байсан А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарыг харна. Энэ хоёр хүн маргалдаад байвал би гарсан ч яадаг юм. Зүүний магнайг эзэлдэг ёс журмаар нь эзлэе л дээ” хэмээн ярилаа.