Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Монголын Хуульчдын холбооны үндсэн чиг үүргүүдийн нэг нь хуульчдын эрх, хуульч ёсны ашиг сонирхлыг хамгаалах юм. Тус холбоо энэ чиг үүргийнхээ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлд албан бичиг илгээсэн байна.
Шүүх байгуулах тухай хууль 2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан Шүүхий ерөнхий зөвлөлөөс санал болгосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198, 199 дүгээр зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчийг албан тушаалаас чөлөөлж, буцаан томилсон. Ингэхдээ зарим шүүгчийг урьд нь эрхэлж байсан албан тушаалд буцаан томилоогүй, эсхүл өөр шүүхэд сэлгэн томилсон ба энэ нь тухайн шүүгчдийн эрх ашгийг зөрчиж байгаа талаар Хуульчдын холбоонд удаа дараа гомдол ирүүлж байгаа аж.
Гомдлын дагуу уг асуудлыг Хуульчдын холбооны Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооноос судалж, тухайн үед шүүгчээр ажиллаж байсан хуульчдыг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн болон шүүгчээр буцаан томилоогүй, өөр шүүхэд шилжүүлэн томилсон зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.7 дахь заалт, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.4 дэх заалт, Шүүхийн хараат бус байдлын суурь зарчмуудын тухай Бээжингийн тунхаглалын 27-29 дүгээр заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэлтийг гаргасан байна.
Иймд тус холбооноос нэр бүхий зарим хуульчийг урьд нь ажиллаж байсан орон нутаг болон шүүхэд нь томилох асуудлаар шаардлагатай арга хэмжээг авч, шүүгчийн хараат бус байдалд халдсан үйл ажиллагааг залруулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүссэн байна.