Өчигдөр болсон буриад сурын харваанд 160 харваач найман зурхайд цэц мэргэнээ сорьж, дүнгээ гаргалаа. Үндэсний их баяр наадмын буриад сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Дорнод аймгийн Баяндун сумын харваач, буриад сурын хошой мэргэн О.Сүхбаатар түрүүлж гоц мэргэнийн болзол хангав. Харин Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, “Хангарьд” спорт хорооны харваач Н.Өлзийхутаг, “Алдар” спорт хороо харваач Б.Батбаатар нар удаалав. Харин эмэгтэйчүүдээс Хөвсгөл аймгийн уугуул, Сүхбаатар дүүргийн тамирчин Ж.Нямдаваа түрүүлж хошой мэргэн боллоо. Тэгвэл Дорнодын Хөлөнбуйр сумын харваач Ч.Гандаваа дэд байрт шалгарсан бол Өмнөговь аймаг Баяндалай сумын харваач Б.Сугар гуравдугаар байр эзэлсэн байна. Түүнчлэн буриад сураар Н.Өлзийхутаг, Д.Чулуунбаатар, Ж.Баттөмөр нар спортын мастер цолын болзолыг хангаснаас гадна дэд мастер цолны болзолыг Б.Мөнхтөр, Ж.Болд, Б.Пүрэвсурэн, З.Сүлдболд, Б.Пүрэвжаргал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбаатар, Э.Ганчулуун нар биелүүлжээ.