Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулган өнөөдөр /2015.07.10/ өндөрлөлөө. Хуралдааны эхэнд баталсан хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг сонссоны дараа Улсын Их хурлын дарга З.Энхболд 2015 оны хаврын чуулганыг хааж үг хэллээ.
Өнгөрсөн хугацаанд нэгдсэн хуралдааныг 33 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 196 удаа хийж, бие даасан хууль 20, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 64, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 16, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 18, Улсын Их Хурлын тогтоол 32, Байнгын хорооны тогтоол 93-ыг тус тус хэлэлцэн баталжээ.
Хаврын чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг” болон эдийн засаг, нийгэм, эрх зүйн чиглэлийн томоохон хуулиуд батлагдсаныг Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ дурдсан. Тэрбээр, “Төрөөс аж үйлдвэр, эрчим хүчний талаар баримтлах бодлого, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудыг шинээр баталж, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг тодорхойллоо.