УИХ-ын нэгдсэн хуралдаанаар өчигдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Хуулийн анхаарал татахаар заалтуудыг хүргэе.
Өмнө нь жолооч зөрчил гаргалаа гэхэд торгосон цагдаатайгаа эргэж таарахгүй бол 1000-10000 төгрөгөөр торгуулаад хариуцлагаас мултрах бүрэн боломжтой байсан бол шинэ хуулиар өөр болжээ. Жолоочийн зөрчил тус бүрийг мэдээллийн санд бүртгэх юм байна. Жолоочийг өмнө нь ямар зөрчил гаргаж байсан талаар тусгай мэдээллийн санд байрлуулж тус сангаас тухай бүрт шүүж, хариуцлага оногдууулах гэнэ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараар хасах аж. Жолооч согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодсон зөрчлөө давтан гаргавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 768 мянган төгрөгөөр торгож, гурван жил хүртэлх хугацаагаар жолоодох эрхийг хасах юм байна. Шаардлагатай гэж үзвэл баривчилж, Захиргааны хариуцлага хүлээлгэхээр хуульд тусгажээ.
Хөдөө орон нутгийн зам дагуу 100 километр тутамд эмнэлгийн тусламж үзүүлэх цэгийг байрлуулахаар болжээ.
Жолоочийн эрх олгох шалгалтыг зөвхөн замын цагдаагийн газар эсвэл нэг талын төрийн байгууллага авч байгаа. Шинэ хуулиар Замын цагдаагийн газар, Хууль зүйн яам, Зам тээврийн яам, Боловсрол шинжлэх ухааны яамны төлөөлөл болон бусад энэ чиглэлийн олон нийтийн байгууллага оролцсон мэргэжлийн комисс шалгалтыг авах нь. Жолооны курст суралцахдаа дүрмийн хичээлийг бие даан суралцаж болохоор зохицуулжээ.
. Шинэ хууль намраас буюу ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна. Дашрамд дурдахад энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн сургалтын хөтөлбөрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хичээл орохоор болжээ. Мөн бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчийн хараа хяналтад хөдөлгөөнд оролцуулах юм байна.