Тулгар төрийн 2224, их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын соёл урлагийн үзвэр, үйлчилгээний хөтөлбөрийг толилуулж байна.
Долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 10:00-18:00 цагийн хооронд урлагийн тоглолт болох бөгөөд 09:00-17:00 цагийн хооронд “Монгол хуушуур-2015” фестиваль болох юм. Долдугаар сарын 11-нд Хүй долоон худагт 16:00-19:00 цагийн хооронд холч морьдын уралдаан болох бол 14:00 цагт Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа болно. Мөн 11-13-ны өдрүүдэд 14:50-15:20, 11:40-12:10 цагуудад “Морьтон монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр үзүүлэх аж.
Долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд 10:00-18:00 цагт “Сэрсэн тал” соёлын наадам болох бол долдугаар сарын 12-нд 08:30-09:00 цагт шүхрийн буултын үзүүлбэр үзүүлэх гэнэ. Долдугаар сарын 13-нд 07:00-18:40 цагт “Уяачдын наадам” болж, долдугаар сарын 14-ний өдөр 10:00-17:00 цагийн хооронд “Монгол адуучин баяр” болох юм.
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд долдугаар сарын 14-ний 22:00 цагт “Best of classics” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн болно. Долдугаар сарын 11-нд 15:00 цагаас “Хөсөгтөн” хамтлаг, Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар хүндэтгэлийн концертод ая дуугаа өргөх юм байна.
Чингисийн талбайд долдугаар сарын 10-нд 19:00 цагт “Дээлтэй монгол” наадам болж 22:00 цагт “Учиртай гурван толгой” дуурь тоглогдоно. Долдугаар сарын 11-нд 21:00 цагт “Улаанбаатарын үдэш-Эх орноо хамтдаа дуулъя” рок попын урлагийн тоглолт болох юм. Долдугаар сарын 12-нд 21:00 цагт “Талын бүжиг” Монгол үндэсний бүжгийн наадам болно. Мөн долдугаар сарын 13-ны 20:00 цагт “Морин хуур” олон улсын фестиваль болж, долдугаар сарын 14-нд 21:00 цагт “Ulaanbaatarswing night” фестиваль тус тус болох аж.
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад долдугаар сарын 09-15-нд 18:00 цагт “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт болно. Монголын хүүхдийн ордонд долдугаар сарын 09-нд 11:00 цагт наадмын хүүхдийн гала концерт болох юм байна. Нийслэлийн “Улаанбаатар” чуулга долдугаар сарын 10-ны 19:00 цагт “Ариун хаврын тахилга” этно балет тоглох гэнэ.
Долдугаар сарын 11-нд 19:00 цагт “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл, долдугаар сарын 12-нд 19:00 цагт “Colors of mongolia” ардын урлагийн тоглолт болно. Үндэсний соёл, амралтын хүрээлэнд долдугаар сарын 12-нд 22:00 цагаас “Silence white” дижи урлагийн шоу болох юм байна.
Улаанбаатар хотын музейд долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд үзмэрээ дэлгэх аж. Монголын уран зургийн галерейд долдугаар сарын 01-25-ны өдрүүдэд 10:00-22:00 цагийн хооронд “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн үргэлжилнэ.
Монголын үндэсний музей, Дүрслэх урлагийн музей долдугаар сарын 06-15-ны өдрүүдэд 08:00-22:00 цагийн хооронд өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.
АВТОБУС БАЯРЫН ӨДРҮҮДЭД ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛНЭ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үндсэн 81 чиглэлд их багтаамжийн 615, туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн гурван чиглэлд дөрөв, нийт 725 автобус нийслэлчүүдэд үйлчилнэ.
Тухайлбал, долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд “Дүнжингарав”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Мишээл экспо” гэсэн гурван чиглэлд 20 том оврын автобус үнэгүй үйлчлэх юм байна. Мөн “Хүй долоон худаг”, “Дунд голын гарам” чиглэлд рэйлбус зорчихоор болжээ. Улмаар дээрх рэйлбусын зорчигчдыг “урбанек”-ийн зогсоолоос төв цэнгэлдэх рүү хүргэх “Дунд гол-Төв цэнгэлдэх” чиглэлд таван автобус иргэдэд үнэгүй үйлчлэх юм. Харин “Хүй долоон” худаг дахь рейлбусын зогсоолоос морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн таван автобус энэ сарын 10-15-ны өдрийг хүртэл богино эргэлтээр үнэ төлбөргүй иргэдэд үйлчилнэ гэж Зорчигч тээврийн нэгтгэлээс мэдээлж байна.
Мөн долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд “Гандангийн гудамж”-ны автобусны зогсоолоос, долдугаар сарын 13,14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу ”МУБИС”-ийн баруун талын автобусны зогсоолоос их багтаамжийн 20 автобус, “3,4 дүгээр хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ы зогсоолуудаас нийт 20 бага багтаамжийн автобус тус тус “Хүй долоон” худаг руу явах юм байна.
НААДМЫН ҮЕЭР ХААЛТТАЙ ЗАМУУДЫГ НЭЭХЭЭР БОЛЖЭЭ
Улсын баяр наадмаас өмнө нийслэлд хийгдэж буй авто замуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, баярын үеэр хаалттай замуудыг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Хойд зуслангийн чиглэлд Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх таван км авто замын эхний 1500 метр авто замын суурь хучилтыг хийж хөдөлгөөнийг долдугаар сарын 08-нд нээх юм. Шарга морьтын уулзвараас Хандгайтын зам хүртэлх 6.75 км авто замын ажлын хүрээнд Шаргаморьтын уулзвараас Нямдоржийн гүүр хүртэл 2.8 км авто замын хучилтыг хийж зорчих хэсгийг долдугаар сарын 09-нд нээх аж.
Мөн Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын эхний 1.1 км-ээс зургаан км хоорондох нийт таван км замын асфальт бетон хучилтыг бүрэн хийж долдугаар сарын 09-ний орой тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх гэнэ. Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг гурван үе шаттайгаар хааж, засвар, шугам хоолой солих ажлыг хийж буй. Эхний үе шат буюу Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл зам, хоёрдугаар үе шат буюу Цэцэг төвийн уулзвараас Улсын Их дэлгүүрийн уулзварын дагуух шугам хоолой солих ажлыг товлосон хугацаандаа гүйцэтгэж, замыг нээсэн юм. Харин гуравдугаар үе шат буюу Улсын их дэлгүүрээс баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг 2015 оны долдугаар сарын 14-нөөс наймдугаар сарын 10 хүртэл хааж шугам хоолойг солихоор төлөвлөөд байгаа ажээ.
НААДМЫН ӨДРҮҮДЭЭР ИХЭНХ НУТГААР ХАЛУУН БАЙНА
Улаанбаатар хотод 11, 12-ны өдрүүдэд бороогүй, 30 хэм давж халах төлөвтэй байгаа учраас ард, иргэдийг наршихаас сэргийлэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна. Харин 13-ны өдөр бороо орж сэрүүсэх төлөвтэй байгаа гэнэ.
Малчид, тариаланчдын анхааралд 11-12-нд баруун аймгийн ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 18-23 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх аж.
Төвийн нутгаар 12-нд зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус дулаан, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 15-20 градус өдөртөө 32-37 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 26-31 градус хүрч халах юм байна.
Зүүн зүгийн нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 33-38 градус хүрч халах бол говийн ихэнх нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй байна.
ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
Алтайн нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Сагсай, Түргэн, Харбут, Чигэртэй, Булган, Төгрөг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Ус судлалын Ховд-Өлгий, Сагсай-Буянт, Харбут-Алтай, Булган-Байтаг, Төгрөг-Манхан, Халх-Баянхошуу харуул орчмоор үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот орчимд үерийн аюултай түвшинг 5-10 см даван тус тус үерлэж байна. Долдугаар сарын 8-нд Ховд гол Мянгад сум орчимд усны түвшин 10 см орчим нэмэгдэнэ. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж, аялж, амарч, зугаалж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол ус руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.
С.АРИУН