Хас банкны Картын менежментийн газрын захирал Ц.Бямбадоржтой ярилцлаа.
-Монгол төгрөг дэлхийд гарлаа гэсэн мэдээлэл яваад байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-2012 оноос хойш манай банкууд зөвхөн Монголдоо хэрэглэх ₮ карт брэндийг гаргаад явж байгаа шүү дээ. Харин бид Монголдоо анх удаа ₮ картыг Юнион Пэй карттай холбоод хосолсон брэнд гаргаж байна. Ингэснээр ₮ карт гэдэг брэндийг олон улсад ашиглах боломжийг нээж өгч байгаа юм.
-Технологийн хувьд?
-Одоо бидний ашиглаж буй карт соронзон туузны мэдээллийн технологитой. Өнөөдөр ихэнх газрууд цалингаа аль нэг банкны карт ашиглаж авдаг болсон. Түүнтэй адил манай хас картаар цалингаа авдаг байсан бол тэр нь автоматаар хосолсон карт болоод олон улсад шууд хэрэглэгдэх боломж нь нээгдсэн гэсэн үг. Хүмүүс гадаадын аль нэг орон руу явахдаа заавал өртөг өндөртэй олон улсын карт авах биш зөвхөн цалингийн картаа авч яваад хэрэглэх боломжтой болж байна. Цалингийн карттайгаа байхад хаана ч явсан алзахгүй.
-Төгрөгийн данс ашигладаг Юнион Пэй картууд байдаг. Үүнээс юугаараа ялгаатай хэрэг вэ?
-Зарим банкинд зөвхөн төгрөгийн данс ашигладаг Юнион Пэй карт гэсэн юм бий. Гэхдээ манай онцлог нь ₮ картыг шууд хосолсон байдлаар ашиглаж болохоороо онцлог. Манай харилцагч цалингаа картаар авдаг эсвэл хас картыг хэрэглэдэг байсан бол шууд олон улсад гүйлгээ хийх боломжтой гэсэн үг. Манай хувьд шууд Юнион Пэй карт гээд гаргаад явчихсан ч болох л байсан. Гэхдээ бид үндэсний брэндийг олон улсад гаргая гэдэг үүднээс хамтарсан карт зах зээлд гаргаж байгаа юм.
-Гадаадын улс орнуудад картны хэрэглээ ийм л байдаг уу. Манайд яагаад өнөөдөр нэвтэрч байгаа юм?
-Олон улсад дотоодод ашигладаг картаа олон улсад ашиглах зорилгоор хосолсон брэнд карт гаргадаг, хамтарч ажиллах зарчим байдаг юм. Бидний хувьд яагаад одоо хийж байгаа вэ гэхээр өмнө нь олон улсын, дотоодын гэж ялгадаг. Олон улсынх нь өртөг өндөртэй байдаг байсан. Тиймээс хөгжлийн дараагийн үе шатанд гарах шаардлагатай гэдэг үүднээс л бид ингэж байгаа юм. Харилцагч нар ам.долларын ч юм уу тусдаа данс захиалж нээлгээд олон улсын карт гэж авахгүйгээр цалингийн картаараа шууд олон улсад гүйлгээ хийдэг болох ёстой гэж л Хас банк ийм юм хийлээ.
-Бэлтгэл ажлын хувьд?
-Бид Юнион Пэйгийн үндсэн гишүүн болсон. Ингээд мөн Монголбанктай хамтарч ажиллаад гурван талын хамтарсан ажиллагааны үр дүнд энэ бүтээгдэхүүн бий боллоо.
-Хосолсон карт гаргаснаар хэчнээн оронд хэрэглэх боломж нээгдчихвээ?
-Юнион Пэй дэлхийн 150 гаруй улсад төлбөр хүлээн авах боломжтой гэсэн мэдээлэл албан ёсоор явж байгаа. Гэхдээ энэ нь Виза мастерийг бодвол хожуу үед гарсан Хятадын залуу брэнд. Тиймээс виза мастер шиг бүх газар ажилладаггүй юм гэхэд Хятад, Зүүн өмнөд Ази, Япон, Солонгост асуудалгүй ажиллана. Ер нь хойд хөршид ч хүрээ нь нэлээд тэлсэн.
-Шууд Виза мастертай нь холбоо тогтоочихсон бол илүү өргөн боломжтой байсан юм биш үү?
-Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Виза Мастер картууд ажиллах үйл ажиллагаа, заавар, журамд нэлээд өндөр шаардлага тавьдаг. Тэр хэрээр хамтарч ажиллахад хэцүү байдаг. Юнион Пэйгийн хувьд манайд төлөөлөгчийн газартай. Төлөөлөгчийн газрынх нь захирал н.Бат картын системд олон жил ажилласан хүн байдаг болохоор банкууд юу хүсээд байгааг мэдэж Монголын зах зээл дээр Юнион Пэйгийн нэр хүндийг өсгөж яваа хүн. Тэр хүрээндээ бид Юнион Пэйг сонгож карт гаргасан.
-Шинэ бүтээгдэхүүн гаргасантай холбогдуулж хийж байгаа ажил байна уу?
-Бид шинэ бүтээгдэхүүн гаргасан гэдэг үүднээс энэ жилийн турш хураамжгүйгээр харилцагч нартаа карт олгож байгаа. Харилцагчид энэ жил ямар нэгэн шимтгэл хураамжгүй шууд карт нээлгээд авах боломжтой гэсэн үг. Цаашид ч олон шинэ бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа.
-Юнион Пэйтэй хамтарсан гэдэг утгаар карт ашиглахад шимтгэл, хураамж өөрчлөгдөх үү?
-Дотооддоо ашиглаж байвал дотоодод мөрдөгдөж байгаа үнэ тариф тэр чигээрээ л мөрдөгдөөд явна. Олон улсад гүйлгээ хийвэл яг тэр улсын тарифаар л явна гэсэн үг. Түүнээс биш хосолсон карт гаргасан гээд шимтгэлээ өндөрсгөсөн юм байхгүй. Төлбөрийн картын гол зорилго нь бэлэн мөнгийг багасгах, бэлэн бус төлбөр тооцоог дэмжих байдаг шүү дээ. Тиймээс ч бид төлбөрийг аль болох бэлэн бусаар хийлгэх үүднээс үйлчилгээний байгууллагуудаар гүйлгээ хийвэл ямар нэгэн шимтгэл хураамж авдаггүй. Тэр бүгд хуучин хэвээрээ мөрдөгдөнө. АТМ болон бусад банкны салбаруудаас мөнгө авдаг хураамж урьдынхаараа хэвийн явна. Ямар нэгэн өөрчлөлт байхгүй.
-Хосолсон карт гэдэг утгаараа бусад валютын данс нээлгээд картандаа уяж болох уу?
-Төгрөг, юань, ам.долларын гурвалсан данс нээлгээд нэг картандаа уяад явж болно. Холбоогүй дан төгрөгийн данстай байсан ч ямар нэгэн бэлэн бус гүйлгээ хийвэл банкны бэлэн бус ханшаар хөрвөгдөөд л хийгдэнэ гэсэн үг. Ханшийн хувьд уян хатан. Хосолсон данстай байж болох зарчим нь Хятадад их гүйлгээ хийдэг хүн бол юанийн данс нээлгэвэл ханшийн алдагдалд орохгүй шууд юаниараа уншигдаад явах боломжтой хэрэг. Харин Хятадаас өөр газар их зорчдог бол доллароор данс нээлгэчихвэл гүйлгээн дээр ямар нэгэн ханш нөлөөлөхгүй. Гэхдээ бидний хүсээд байгаа зүйл нь хүмүүс төгрөгийн дансаа голчилж ашиглаасай, заавал доллар гээд энд тэндээс авч дансандаа хийлгүй шууд л төгрөгөө л хөрвөөж ашигладаг болоосой гэсэн хүсэлтэй байдаг.
-Хэзээ нээлтээ хийлээ?
-Энэ сарын нэгнээс албан ёсны нээлтийг хийгээд явж байна.
-Тэгвэл одоо шууд гадаад руу нисчихвэл цалингийн картаа ашиглаж болох нь ээ?
-Бид тестийн орчинд гүйлгээ гээд бүх юмаа нарийн шалгасан. Одоо ер нь бол идэвхжсэн байгаа. Туршилтын гүйлгээ хийх гээд юмнуудаа явуулчихсан л байж байна. Зах зээлд шинэ гарч байгаа гэдэг үүднээс тооцоолоогүй зарим нэгэн асуудал гарч магадгүй. Гэхдээ ер нь гүйлгээ хийх боломжийг бид нээлгэчихсэн байгаа. Төлбөрийн картыг зарим тохиолдолд ажиллахгүй байдаг гээд хүмүүс гомдол санал гаргадаг л юм. Энэ юунаас болдог вэ гэхээр техник л учир цаад АТМ, пост төхөөрөмж нь заримдаа ажиллахгүй. Эсвэл сүлжээ нь ажиллахгүй байх тохиолдол гардаг л даа. Харин одоо энэ систем маань өөрөө 99,98 хувийн найдвартай ажилладаг картын систем юм.
Ж.БАЯРСАЙХАН