Categories
мэдээ цаг-үе

Монгол наадам бидний бахархал болоод зогсохгүй үндэстнийг нэгтгэдэг байх ёстой

Өдрийн сонины 2015.07.05-ны архиваас

Дэлгэр хангайн наадам

Дэнж хотойлгон эхлэв

Дээд тэнгэрийн нарыг

Газарт дэвсэн эхлэв гэж ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн монгол наадмаа шүлэглэжээ. Үнэхээр ч Монголын наадам хурц тод өнгө алаглуулж, хурд хүчийг бахдуулсан эрч хүчний цогц нийлбэр байдаг. Байгаль дэлхий цэцэглэн найгах нь наадамчин олны өнгө өнгийн гоёлтой хосолж монгол наадмыг цогцлоодог. Төв Азийн өндөрлөгт хатуу ширүүн уур амьсгалтай манай улсын наадам дэлхий дэлгэрэх цагаар болдог ганцхан баяр. Намар, өвөл, хаврын тарчиг цагийн хүйтэн салхийг мартан сэтгэл тэнэгэр баясахаар нүүдэлчин олон хуран цуглаж монгол наадмаа хийдэг билээ. Монголын наадам дэлхийн баяруудтай эн тэнцүү алдар цуутай болдог болсон. Дэлхийн наадам гэж юуг хэлээд байна вэ гэхээр Бразилийн самба бүжиг, Испанийн бухтай тулаан,Венецийн багт наадам гэх мэт дэлхийг донсолгосон баяруудыг хэлж байна. Эдгээр баярыг үзэхээр орон орны хүмүүс цуглаж тухайн үндэстний баярыг улам бүр чимдэг. Монгол наадам эдгээр баярын нэгд гарцаагүй тооцогдоно. Баярын жавхааг илтгэсэн хурц тод өнгө, эрэмгий зоригт зон олны эрч хүчийг монгол наадмаас мэдэрдэг. Ингэж дэлхийн анхааралд эрхгүй өртдөг эрийн гурван наадмаа одоо улам өргөжүүлмээр байна. Нэг талаас төрт ёсны их баяр наадам байхын зэрэгцээ нийтийг хамарсан цэнгүүн болгох хэрэгтэй. Хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, эрхий мэргэн харваачдын цэц булаалдах гэдэг бол ямар ч хүний сонирхлыг эрхгүй татаж сэтгэлийг хөдөлгөнө. Тавхан настай хүүхдийг 40 км цагийн хурдтай давхих морин дээр мордуулна гэдэг нэг талаасаа хүний санаанд багтамгүй үйлдэл. Гэхдээ морин дэл дээр өссөн монгол түмэн бидний хэн ч үүнийг аймшигтай гэж хардаггүй. Үүнийг харсан гадаадын ямар ч хүний сэтгэл түгшиж , амьд ирэх болов уу гэж эрхгүй боддог юм. Бас бахдан биширч хүндэлнэ. Гарааны зурхайгаас тэнхээ мэдэн урагш зүтгэх адгуусны ширүүн өрсөлдөөн дунд хүүхэд ойчих нь бий. Түмэн агтны туурайн дунд чулуу шиг шидэгдэн газар өнхрөөд босохдоо хүүхэд ганц ч шалбархайгүй үлддэг. Ихэнх тохиолдолд адуу яаж ч давхиж байсан хүүхэд дээр гишгэдэггүй, гэмтээдэггүй. Ийм уралдааныг хүмүүс сонирхохоос ч аргагүй. Монгол үндэсний бөх ч мөн ялгаагүй. 70 кг жинтэй залуу өөрөөсөө хоёр дахин том биетэй эрийн өөдөөс тэмцэлдэнэ. Бүр тэрийгээ уран мэхээр унагаж чадаж байгаа авхаалж самбаа, хурд хүч, бяр тэнхээг үзэхгүй өнгөрч боломгүй.

Сур харвааг монголчуудаас илүүтэй гадныхан шимтэн үздэг. 40 метрийн зайнаас нумаа эвшээлгэн сумаа тавих монгол харваач баатар эр шиг л санагддаг. Энэ бүгд үнэхээр үзүүштэй. Наадамчин олны уухайн дунд тэмцэлдэх монгол наадмаа одоо улам сонирхолтой болгомоор байгаа юм. Нэмж хөгжүүлээд дэлхийд алдаршуулах хэрэгтэй. Монгол төрийн наадмыг үзээгүй бол гадаадад аялахын хэрэггүй болох мэт хэмжээнд аваачмаар байна. Ийм болгохын тулд ямар тэмцээн нэмэх, юугаар хөгжөөх вэ гэдгийг олон нийтийн дунд хэлэлцэх нь зүйтэй. Ингэж улам бүр хөгжүүлэн наадамчин олны сонирхлыг татаж дэлхий нийт монгол наадмыг тэсэн ядан хүлээдэг болгоход хэцүү зүйл үгүй мэт. Түүхтэйгээ холбоод бодохоор хамгийн түрүүнд Чингэсийн цэргийн байлдаан шиг зүйл хиймээр санагддаг. Наадмаас хэдэн сарын өмнө баг гаргаад түүнийгээ аравт, зуутаар нь хувааж байгаад байлдвал сонирхолтой байж мэднэ. Гэхдээ мэдээж хэрэг бие биенийгээ хядалгүйгээр орчин үетэй нийцүүлэн зохиоход буруудахгүй. Хэдэн сарын өмнөөс олон багийн дунд тэмцээн зохион байгуулаад тунасан хүмүүсийг үлдээх хэрэгтэй. Тэд хамгийн сүүлийн тулаанаа наадамчин олны өмнө хийгээд тухайн жилийнхээ баатрыг тодруулдаг байж яагаад болохгүй гэж. Морины давхил дунд цэц мэргэнээ шалган харвах, хоорондоо модон сэлмээр тулалдах зэргээр үзэгчдийн цөсийг хөөргөж болно. Ялагчийн шагналыг театрчилсан хэлбэрээр гардуулах уран сэтгэмж цагаа тулбал зөндөө олдоно. Үгүйдээ л гэхэд хамгийн гоо, үзэсгэлэнтэй охиныг тавцан дээр суулгаад ялагчид үнсэлт бэлэглэж болж байна. Ийм тулаанд эрчүүд ямар дуртай орох бол. Ингэж эрэлхэг Монголын баатарлаг эрсийн сүр хүчийг харуулсан уралдаан, тэмцээн зохион байгуулж наадмаа дэлгэрүүлмээр байгаа юм. Тэмцээнүүд олны сонирхлыг татахын зэрэгцээ монгол туургатны онцлогийг шингээсэн, үндэстний нэгдэлд эерэг нөлөө үзүүлэх ёстой. Үүний хажуугаар урлагийн маш гоё цэнгүүн зохион байгуулж болно. Дэлхийг шуугиулаад байгаа “Хөсөгтөн” хамтлагаас эхлээд Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар наадмаар тоглолт хийвэл ямар олон хүн үзэх бол. Дараа, дараагийн жил тэднийг давсан дуучид гараад л ирнэ. Монгол наадмын үеэр урлагийн алдартнуудаараа гоёсон дэлхийн хэмжээний гайхалтай шоу зохион байгуулдаг болъё. Ингэж наадмаа түшиглэсэн урлагийн цэнгүүн, асар том шоу бизнесийг хөгжүүлэх боломж бидэнд байгаа. Телевизүүд тухайн жилийн наадмыг шууд дамжуулах эрх авахын тулд өндөр технологиор өрсөлдөх хэрэгтэй. Наадмын арга хэмжээг мэргэшсэн хөтлөгчөөр хөтлүүлж, тэдэнд өндөр хөлс төлдөг хэмжээнд очмоор байна. Монгол наадмыг сурвалжлах эрх олимпийн наадмыг сурвалжлахын дайтай үнэ цэнэтэй болтол нь наадмаа хөгжүүлмээр байгаа юм.

Үүний зэрэгцээ монгол наадмыг хилийн чанадад зохион байгуулдгийг болиулъя. Хаа газрын монгол үндэстэн эх орондоо л наадамладаг байх ёстой. Америкт, Японд амьдарч буй монголчуудын наадмыг тэндхийн иргэд дэргэдээсээ үзэх биш Улаанбаатар руу зорин ирдэг байх хэрэгтэй. Туурга тусгаар Монгол Улсын иргэд ингэж нааддаг юм байна гэдгийг харахаар, бидэнтэй хамт баярлахаар дэлхийн аль ч өнцгөөс манайхыг зорин ирдэг болгоё. Наадам гэлтгүй “Алтаргана”, Эв модны наадам зэрэг монгол үндэстэнтэй холбоотой бүх л баярыг эх орондоо зохиохыг дэмжих ёстой. Яагаад гэвэл монгол үндэстний гал голомт нь Монгол Улс юм. Ингэж наадмаа алдаршуулахын зэрэгцээ Монголын өргөн уудам тал нутагт үндэстэн нэгтнээ ирж амьдрахад тус нэмэр болох олон давхар бодлоготой болмоор байна. Төрт ёсны их баяр наадам бидний бахархал болоод зогсохгүй монгол үндэстнийг нэгтгэдэг байх ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *