Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг батлав

Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл
батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж баталлаа.

Засгийн газар хувьчлалаас 170 орчим тэрбум төгрөгийг төсөвт
төвлөрүүлэхээр төлөвлөж байжээ. Хэдий тийм боловч чуулганаар уг асуудлыг
хэлэлцэх явцад нийгмийн салбарын хувьчлал буюу нэгдсэн I, II, III
эмнэлэг, их, дээд сургуулийг хувьчлах асуудлыг тогтоолын төслөөс хассан
байна.

Мөн анхаарал татаж байсан Монголын Хөрөнгийн биржийг хувьчлах
жагсаалтаас хасах саналыг холбогдох байнгын хорооноос гаргасныг УИХ-ын
чуулганаар дэмжсэн байна. Үүнээс гадна харилцаа холбооны салбарт
“Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ” Төрийн өмчит компанийг хувьчлах
жагсаалтаас хасчээ. Учир нь энэ байдал цаашдаа эзэмшлийн хувьд шударга
бус байдлыг бий болгох эрсдэлтэй гэж УИХ-ын гишүүд үзжээ.

Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг Тариалан
эрхлэлтийг дэмжих санг хувьчлах асуудлыг бүхэлд нь хассан бол ХААБ-ийн
технологийн шинэчлэлд хөрөнгө оруулагчид нэмэлт хувьцаа эзэмшүүлэх,
ажиллагсдад нь Төрийн эзэмшлийн хувьцаанаас тав хүртэл хувийг нь үнэгүй
эзэмшүүлэх асуудал дэмжлэг авсангүй.

Энэ ч утгаараа ирэх хоёр жилд явагдах хувьчлалаас төсөвт
төвлөрүүлэхээр Засгийн газраас төлөвлөөд байсан орлого буурахаар
харагдаж байна. Уг тогтоол батлагдсанаар эрчим хүч үйлдвэрлэгчид болон
томоохон нүүрсний чиглэлийн Төрийн өмчит компаниудын эзэмшилд өөрчлөлт
орохоор боллоо.

Тухайлбал Шивээ-Овоо хувьцаат компанийн 90 хувийг Төр эзэмшиж байгааг
51 хувь, 75 хувь байгаа Багануур компани дахь Төрийн эзэмшлийг мөн 51
хувь болгож бууруулснаар компаниудад нэмэлт хөрөнгө оруулалт хийх эх
үүсвэр шийдэгдэнэ гэж Засгийн газраас үзжээ.

Мөн Дулааны цахилгаан станц 2, 3, 4 болон Дархан, Эрдэнэтийн Дулааны
цахилгаан станц ТӨХК-уудын нийт хувьцаанд Төрийн эзэмшил 70 хувь байхаар
тогтоож үлдсэн хувьд нь нэмэлт хувьцаа гарган, Монголын Хөрөнгийн
биржээр арилжих боломж бүрдэж байна.

Харин хувьцааны арилжаанаас олох орлогыг компаниудын өндөр насжилттай
техник, технологийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглүүлэхээр
болжээ.

Төрийн өмчийг хувьчлах замаар өөрчлөн байгуулснаар хувийн хэвшилд
суурилсан эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр
оруулахаас гадна хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих боломжтой гэж
Засгийн газраас үзэж байгаа юм.

Мөн хувьчлалаас орох орлогыг ашиглан тухайн компани, хуулийн
этгээдийн техник, технологийг шинэчлэн сайжруулж, улс орны эдийн засгийн
тогтвортой хөгжлийн суурийг бий болгоход оршино гэж тогтоолын төслийн
танилцуулгад тусгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *