Categories
мэдээ нийгэм

Дорноос мандсан гүн ухааны нар КҮНЗ

Гүн ухаан өрнө дахинд л хөгжөөд байсан уу гэвэл мэдээж үгүй. Дорно дахинд гүн ухаантнууд, их сэтгэгчид төрөн гарч байсны нэг нь Хятадын суу билгийн нэгэн оргил Күнз буюу Кон Фу Зи билээ. Тэрбээр хятадын ард түмний итгэл үнэмшил хийгээд санаа оюуныг нэгтгэж чадсан агуу их сэтгэгч юм. Нийгмийнхээ үзэл суртлын гол тулгуур болж байсан шаминизмийг асар их судалж, боловсруулсан үндсэн дээрээ өөрийн сургааль номлолыг боловсруулсан нь эдүгээ Күнзийн сургааль хэмээгдэн уламжлагдан ирсэн юм.

Күнз НТӨ 551 онд одоогийн Шаньдун буюу хятадын зүүн хэсэгт байсан Лу хэмээх жижигхэн ханлигт мэндэлжээ. Күнз гарал сайтай, язгууртан угсаатай хэдий ч дээд өвөг нь Сүн улсаас дүрвэн Лу улсад дагаар орсон байжээ. Харин Күнзийн аав Шү Лян Хэ цэргийн эрдэмд дориун сайн дайчин байж хэд хэдэн удаагийн дайнд ихэд гавьяа байгуулан бага түшмэлийн зэрэг дэвтэй болон боломжийн алба хашиж явжээ. Шү Лян Хэ өндөр биетэй, их л алиа хөөрүү зантай, цэрэг албаттайгаа элгэмсүү ханддаг, тухайн үедээ бусдаасаа ялгарч чаддаг байсан жанжин байсан тухай түүхийн хуудаснаа бичигдэн үлджээ. Түүнд цэргийн алдар гавьяа байсан ч хувийн амьдрал нь тийм ч аятайхан байгаагүй бололтой. Ер нь Күнзийн эцэг эхний эхнэрээсээ арван охинтой байсан гэдэг. Мэдээж удам залгах хүүтэй болохын хүслэн байсан учир дахин эхнэр авч хүүтэй болсон авч тахир дутуу үр мэндэлжээ. Ийнхүү дал гарсан насандаа дахин эхнэр авахаар болж удам гарвал сайтай, эрүүл чийрэг гурван охинтой айлын бага охин болох Чин Цайг авчээ. Цэргийн хөгшин жанжинтай дэр нэгтгэсэн Чин Цай удалгүй бие давхар болсон нь ирээдүйн хятадын суут ухаантан Күнз байлаа. Домогт өгүүлэхдээ Чин Цайг хүүхдээ төрүүлэхийн өмнө зүүдэнд нь цагаан сахалт таван өвгөн орж “Чамаас хосгүй ухаант нэгэн хөвүүн төрнө. Хаан ширээгүй хаан байх болно” хэмээсэн гэдэг. Ийнхүү НТӨ 511 оны адгаар дорнын их сэтгэгч, гүн ухаантан Күнз хорвоод мэндэлжээ. Харин Күнзийг ердөө гурав орчим ойтой байхад эцэг нь үгүй болж, бэлэвсэн хоцорсон гурван эхнэр арван хоёр хүүхэд үлджээ. Цагийн эрхээр үлдсэн эхнэрүүд болон хүүхдүүдийн эв хагарч байхыг анзаарсан Чин Цай хүүгээ аван гэрээс явснаар ядуу зүдүүхэн амьдралтай нүүр тулсан гэдэг. Хэдий хүнд он жилүүд байсан ч ээж нь тэжээж тэтгэж явсаар хүүгээ 17 нас хүргээд нас баржээ.

“Би хар бага ахуйгаасаа дорд ядуу явсан, амьдралын хатуу хөтүүг дуулсан. Гэвч амьдралаас авч болох зүйлс ихийг сурсан” хэмээн хэлсэн байдаг нь түүнийг ямархуу байдалтай амьдарч байсныг гэрчилдэг. Залуу Күнз амь зогоох, амьд явахын эрхээр ёстой хийж үзээгүй ажил байхгүй гэхэд болно. Оршуулах ёслол дээр бүрээ үлээх, найр наадмын үеэр бараа туруу зөөдөг хар ажилчин, хөрөнгөтэй хүний сангийн нярав гээд хийж болох бүх л ажлыг хийж явжээ. Хэдийгээр түүний бага балчир насных нь тухай сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн зүйл маруухан боловч “Эхээс төрөхдөө эрдэм мэдлэг, чадвар төгс төрөөгүй. Харин эрдэм соёлд шамдан хичээж тэрхүү их эрдмийг гагцхүү эрлээс л олсон билээ” хэмээн хэлснээс нь харвал хүүхэд байхдаа их л мэриймтгий, хичээнгүй хүү байсан нь харагдана. Күнз хувь хүнийхээ хувьд санаа бодлоо ил цагаан хэлчихдэг, туйлын шударга зантай нэгэн байсан гэж бичигддэг. Амьдралын хар ухаантай, төлөв байдал нь бусдын хүндэтгэл хайрыг татдаг байсан биз. Күнзийн номлол сургааль нь хүний эрх гэхээс илүү үүрэг хэмээгч зүйлд илүүтэй анхаарал хандуулсан байдаг. Мөн хорвоо дэлхий, амьдралын тухай хувь хүнийг үзэл бодлоо эрс өөрчил гэж хэзээ ч шууд тулгаагүй. Харин уламжилж ирсэн үзэл санааг шинээр тун ойлгомжтой гаргалгаагаар томъёолж өгсөн юм. Тэрбээр залуу насандаа төрийн албанд ажиллаж. Бас 15 жил орчим багшилсан гэдэг бөгөөд багшилж байх хугацаандаа өөрийн гүн ухааны үзэлдээ олон хүнийг сурган итгүүлсэн гэж түүхнээ үлджээ. Нас нэлээд хэвийсэн хойноо төрийн сайдын суудалд суусан боловч өрсөлдөгч дайснууд нь буулгаж дөнгөснөөр барахгүй эзэнт улсаас хөөн явуулжээ. Ийнхүү арав гаран жил хэсүүчлэн тэнүүчлэхдээ багшийн ажил л хийж яваад төрөлх нутагтаа ирсэн ажээ. Түүний үзэл санаа хятадын соёл, ард түмний ахуй амьдрал, амьдралыг үзэх үзэл, улстөрийн ёс суртахуунд жинтэй хувь нэмэр үзүүлэх болсон юм. Судлаач эрдэмтдийн зарим нь түүнийг шинэ шашин бий болгосон гэх нь ч бий. Гэвч тэрбээр бурхнаас ишлэл татаж байсангүй. Үхэл болон үхлийн дараах амьдрал бий эсэх тухай зэргээс аль болох зайлсхийдэг, бусадтай маргалдахаас эвтэйхэн мултардаг байсан гэдэг. Тиймээс тэрээр улстөрийн ёс суртахуун болоод хувь хүний зан чанарын асуудлыг гүнзгий судалсан хүн төрөлхтний ховорхон гүн ухаантны нэг байсан билээ.

Сайхан сэтгэлтэй хүн амьдралдаа хоёр сайн үйлийг чандлан мөрдлөг болгоно гэж Күнз үзсэн байдаг. Тэр нь “жэнь” буюу хайр энхрийлэл, ойрын хүндээ ихэд сайнаар хандах. Нөгөөх нь “ли” буюу зан заншил, биеэ авч явах, зан чанарын цогц байдал. Күнзээс өмнөх хятадын гол үзэл баримтлал, шашны ухагдахуун нь өвөг дээдсээ шүтэн бишрэх үзэл номлол байсан юм. Күнз ч гэсэн эмэгтэйчүүд нөхөртөө албат ард нь эзэн удирдагчдаа гүн хүндэтгэлтэй хандах ёстой гэсэн баримтлалтай байлаа. Гэхдээ хүчирхийлэл гэгчийг огтоос хүлээн зөвшөөрдөггүй байсан ба төр засаг гэгч тогтолцоо нь гагцхүү ард иргэд, түмэн олон харьяатынхаа амар амгалан сайн сайхан бүхний төлөө оршин байдаг гэж сургаж байв. Удирдагч, манлайлагч бээр эрх мэдэл, хүч чадлаараа түрэмгийлж бус харин ёс суртахууны өндөр жишгээр харьяат албатаа удирдах ёстой гэж сургаж байлаа. Энэ сургаалиа ч тэрбээр ямагт давтан өгүүлдэг байсан тухай судар бичгүүдэд үлдсэн юм. “Өөрийн эс хүссэнээ бусдаар хүчээр бүү хийлгэ” гэсэн зарчмыг ямагт баримтлагтун гэж Күнз хэлдэг байж. Күнзийн үед Цжо удмынхан хаанчилж байсан бөгөөд тухайн үеийн удирдагчид түүний сургааль номлолыг төдийлөн ойшоож үздэггүй байсан ч үзэл баримтлал нь ихэд өргөн дэлгэр нутагт таржээ. Тэр бүү хэл НТӨ 221 орчим онд Цинь удмынхан хаанчилснаар Күнзийн сургаалийг бүрэн хорьж, бүх л ном судрыг шатаан устгаж ч байсан. Гэсэн хэдий ч НТӨ 220 он хавьд Хань угсааныхан төрийн эрхийг авснаар Күнзийн сургаалийг албан ёсны шашин хэмээн өргөмжилжээ. Тухайн цаг үетэй давхцан төрийн албан хаагчид, түшмэдийг сонгон авахдаа шалгалт авдаг болсон бөгөөд явцын дунд шалгалтын гол үндэс суурь нь Күнзийн сургааль болон хувирсан байна. Хятадын хаант улсад төрийн алба хаших нь асар нэр төрийн хэрэг төдийгүй нийгэмд эзлэх байр суурь ихэд нэмэгдэн хангалуун тансаг амьдрахад тун чухал байсан тул шалгалтын гол ноён нуруу болсон Күнзийн сургаалийг гүнзгий судлагсад асар олноор бий болж, төрд ажиллах гэсэн залуусын дунд хүчтэй тэмцэл өрнөдөг байжээ. Ийн Күнзийн сургаальд нэвтэрхий боловсорсон төрийн түшээдийн залгамж явсаар өнөөг хүртэл хятадыг удирдсаар байгаа нь түүхэн үнэн билээ.

Күнз зөвхөн их сэтгэгч, соён гэгээрүүлэгч байгаагүй. Тухайн үеийнхээ эзэнт улсуудаар хэрэн бэдэрч соёл, ёс заншлын үнэт өвийг бүтээсэн юм. Утга зохиол, түүх, гүн ухаан, ёс суртахуун зэргийг тал бүрээс нь шинжлэн судалж, тэрхүү судалгаандаа суурилсан номлолоо хэлж үлдээж явсаар сонгодог сургаалиа бий болгосон аж. Түүний шавь тэргүүтнүүдийн эмхэтгэсэн дөрвөн ном, таван бичиг хэмээгч нь Күнзийн суртлын язгуур суурь болдог. Тэртээх хоёр мянганы цаанатай зохиогдон, түмэн саад мянган бэрхийг даван туулсаар өнөөг хүрсэн, гүн ухаан сэтгэлгээний томоохон дурсгал бол өмнө цухас дурдсан дөрвөн ном, таван бичигт байдаг Шүүмжлэл өгүүлэл хэмээх бэсрэг зохиол. Энэхүү шүүмжлэл өгүүлэл нь асуулт хариулт, цэцэн мэргэнээ сорих, тунгаах болгоох, дүгнэлт гэх мэт хэлбэрээр бичигдсэн хорин бүлэг бүхий зохиол билээ. “Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд зүйлийн тухай хүүрнэлдэж болно. Харин дунджаас доор хүнтэй дээд зүйлийн тухай ярьж эс болно” гэх агуулга уг бүтээлд буй.

Күнз 19 насандаа Цы Гуан гэгч бүсгүйг эхнэрээ болгон авч удалгүй хүүтэй болж түүндээ Пи Юү Ли хэмээх нэр хайрласан байдаг. Күнз 30 орчим насандаа сургууль байгуулж, шавь нар болон дагагчид нь даруй 3000 хүрсэн гэдэг ба тэдэн дунд нь эрдэм мэдлэгт төгс гэгээрч чадсан 72 шавь байсан хэмээн түүхэнд үлджээ. Эдүгээ цагт хүн төрөлхтний суут арван сэтгэгчийн нэгэнд зүй ёсоор тооцогддог Күнз бүх л амьдралдаа эрдэм боловсролыг нэн тэргүүнд тооцон сурч мэдэхийн гайхамшиг, ёс зүйт нэгэн байхын талаар түгээн дэлгэрүүлсээр байсан юм. Хэв журмыг чанд сахидаг байсан тэрээр хаалга үүд нь хэмхэрсэн айлд огтхон ч ордоггүй байсан гэдэг. Тэрбээр амьдралдаа дөрвөн үндсэн зүйлийг мөрдлөг болгосон байдаг. Үүнд:

-Хий хоосон мөрөөдөлд автахгүй байх

-Өөрийн байр суурин дээр эрс шийдэмгий байх

-Зөрүүд занг тэвчих

-Хувиа хичээсэн өөдгүй зан гаргахгүй байх дөрөв ажээ.

Хүний амьдрал мөнх бусыг баталсан гэнэтийн зүйл болсон нь түүнийг 69 насны орчим байхад нь хүү Ли нь нас барж, улмаар шавь нар нь ч гэсэн цагийн эрхээр үгүй болсон эмгэнэлт явдлууд Күнзэд их л нөлөөлсөн гэдэг. Орчлонгийн жам, цагийн эрхээр өтөл болсон Күнз НТӨ 479 онд 73 насандаа төрсөн нутагтаа ирж насан эцэс болжээ. “Би бээр 15 наснаас эхлэн эрдэм ном хичээнгүйлэн шимтэж 30 хүрэх насандаа эрийн цээнд хүрч, 40 өнгөрөх насандаа төөрөлдөн гуйвалгүй зогсож, 50 хүрэхдээ тэнгэрийн зарлигийг таньж, 60 эргэм насандаа сонссон зүйлсээ ялгаж салгахтайгаа болж, 70 хүрээд харин хүсэл зоргоороо байвч хэв ёсны хүрээнээс хальж эс чадав” хэмээсэн нь өөрийн амьдралын зураглалаа тэр чигээр нь гарган хэлсэн үгс болсон юм. Хэдийгээр түүнд нэг ч хаан шавь ороогүй боловч зөнтэй зүүд биеллээ олж хаан ширээгүй хаан болон хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн билээ. Түүний шарилын чулуун дээр “Хамгаас ариун гэгээн, мэргэн Күнзийн сүнс амирлангуйг олсон газар энэ болой” хэмээсэн бичээс бий. Тэнд байх булгийн усыг Күнзийн сурталт орнууд ариун дээд рашаан хэмээн үздэг бөгөөд тэрхүү булгаас уувал нэгэн насны онцгой явдал хэмээн бэлгэшээн үздэг.

Их сэтгэгч, гүн ухаантан Күнзийн хэлж, бичиж үлдээсэн үгсээс дурдвал:

-Мэдэж буй хүмүүн хэзээ ч эс эргэлзмой. Хүнлэг хүмүүн бээр сэтгэл чилдэггүй. Зоригт хүмүүн айж эмээхийг үл мэднэ.

-Хэрэвзээ чи биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаалгүйгээр дагалдана. Харин биеийг буруу авч явбал тушааж албадсан ч эс тоомой.

-Анхааруулан хэлсэн зүй ёсны үгийг хүлээн авахгүй байж яахин болох. Харин тэр дагуу өөрөө засрах нь чухал.

-Төгөлдөр мэргэн хүмүүнтэй учран уулзана хэмээн бодохоо огт больсон. Гагцхүү буянт сайхан хүнтэй учирваас болох нь тэр бололтой.

-Хүн яахаараа хэнэггүй, худалч, ичих нүүргүй, шударга бус байж чадаад байдгийг би огтхон ч ойлгохгүй юм.

-Өөртөө хатуу чанд, өрөөл бусдад энэрэнгүй зөөлөн байвал өс хонзон хэзээ ч үүсэхгүй.

-Шударга ёсны талаар ярихгүйгээр өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох.

-Ухаан сийрэг хүмүүн бээр өөрийн төгс бусдаа санаа чилэхээс биш олноо алдаршсангүй гэж харамсан гомдоллодоггүй юм.

-Яруу тод байх нь харилцан ярианд байх ёстой гол шаардлага.

-Хүнд хөнөөлт гурван найз, туст гурван найз буй. Худал хэлэгч найз, хоёр нүүр гаргагч найз, хэт уран яригч найз гурав хөнөөлтэй. Харин шударга нөхөр, цагаан сэтгэлт нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав туст найз болой.

-Хамгаас дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдөнө.

-Худал цуурхал тараагч хүн сайн үйлийг гээсэн байдаг.

-Муу хүнтэй хамт эзэнд зүтгэж яахин болох. Муу хүн зорилгодоо хүрээгүй байхдаа л зөвхөн түүндээ хүрэх гэж зовж шаналдаг. Зорьсондоо хүрмэгцээ тэндээ тэсч байх гэж зовдог. Олсноо алдчихгүй гэхдээ ямар ч муу үйлийг хийхэд ямагт бэлэн байдаг.

-Ялихгүй өчүүхэн хүн алдаа гаргалаа гэхэд ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж зүтгэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *