Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д хийсэн айлчлалаа дүгнэн хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өглөө. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд эхлээд ОХУ-д айлчилсан. Хоёр хөршийнхөө нэгэнд айлчлал хийсний дараа манай гадаад бодлогын том тулгуур, гуравдагч хөрш АНУ-д ажлын айлчлалаа амжилттай хийж дуусгалаа. Та бүгд сонирхож байгаа байх, аяны богц ямар байв гэж. Аяны богцоо хоёр хувааж ярья гэж бодож байна.
JP Morgan компани манай Хөгжлийн банктай хамтраад 400 сая америк долларын дүрмийн сантай хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулахаар тохиролцлоо. Хоёрдугаарт, Дэлхийн банкинд айлчилж, гүйцэтгэх захирал хатагтай Индраватитай уулзах үеэр манай төсвийн алдагдлыг нөхөхөд 100 сая долларын дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасныг нотоллоо. Айлчлалын үр дүн мөнгөн дүнгээр шууд илэрхийлэгдэх боломж гарч байна.
Мөн Дэлхийн банкны групп байгууллагууд болох IPS, Mega байгууллагуудын удирдлагуудтай албан ёсны уулзалтууд хийлээ. Mega бол олон улс, дэлхий даяар хөрөнгө оруулалтын баталгаа гаргадаг сан. IPS бол хөрөнгө оруулалтын чиглэлийг хариуцан ажилладаг Дэлхийн банкны том байгууллага. Эдгээр чиглэлээр Монгол Улсад тав орчим төсөл дээр хамтарч ажиллаж, хөрөнгө оруулалтыг гаргая гэж тохирч чадсан. Эхний ээлжинд Ерөнхий сайдын хувьд би Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотойгоор Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын Монголын төр эзэмших 51 хувь дээр Монголын Засгийн газрын өмнөөс Mega-г баталгаа гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийг нааштайгаар шийдлээ.
Мянганы сорилын сангийн удирдлагуудтай уулзсан. Монголын эрчим хүчний салбарт тодорхой нэг том төслийг тус сангийн хоёр дахь компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлье гэдэг саналаа тодорхой хэмжээнд ярилцаж, үргэлжлүүлж ажиллахаар тохирлоо.
Миний айлчлалын бас нэг гол зорилго бол хөрөнгө оруулах сангууд, хөрөнгө оруулалтын байгууллагууд, компаниудтай хийх уулзалт байсан. Энэ хүрээнд АНУ-ын Худалдааны танхим томоохон арга хэмжээ зохион байгуулсан. 120 орчим компани ирэх болов уу гэсэн таамаг байсан ч 160 давсан төлөөлөл ирлээ гэж зохион байгуулагчид хэлж байсан. Америкийн хөрөнгө оруулагч, компаниуд, хөрөнгө оруулалтын сангуудад “Оюутолгойн гэрээ зурагдлаа. Үүний араас Монгол Улс удахгүй Тавантолгойн орд газрын асуудлуудыг шийднэ. Бид нар бизнест эргэн ирж байна. Тийм учраас Монгол Улс руу хөрөнгө оруулаарай” гэдэг асуудлыг байнга ярьж явсан.
Зөвхөн дэд бүтэц, уул уурхайн том төслүүдээс гадна жижиг дунд үйлдвэрийн түвшинд асуудал нааштайгаар хөдлөх бололцоо нөхцөлүүд харагдаж байна. Улаанбаатар хотод хог боловсруулах үйлдвэр дээр хойд Каролино мужийн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани орж ирж ажиллахаар тохирч, ажлууд нь эхлэхээр боллоо. Стэнфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсад компани байгуулж, элэгний С вирус, бусад халдварт өвчнүүдийн эсрэг эм бэлдмэлүүд бэлдье, Монгол Улстай хамтарч ажиллаад, эргэж АНУ болон бусад томоохон зах зээл рүү гаргая. Энэ процессыг Америкт бэлэн болчихсон компани Монголд эмээ нийлүүлэх биш Монголд энэ компанийн үйл ажиллагааг эрхлээд Америкийн том зах зээл рүү гарч, олон тэрбум долларыг олъё гэдэг ийм хүсэлтийг тавьж байна. Энэ бол бид нар зөвхөн уул уурхай хөөцөлдөх биш бусад салбарт боломжууд гарч ирж байна.
Мөн АНУ-ын OPIC гээд далайн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтыг дэмждэг корпораци, номхон далайн чиглэлээр байгуулагдаж байгаа худалдааны том хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх асуудлуудыг тавьж явлаа.
Нью-Йорк хотын Хөрөнгийн биржээр зочилж, Монголын Хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах, Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаад болон монгол компаниудыг Нью Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй болгох энэ чиглэлээр хамтарч ажиллах саналуудаа солилцлоо.
Хөрөнгө оруулалт, бизнес, худалдааны чиглэлээр ажиллахаас гадна АНУ-ын төр захиргаа, улс төрийнхөнтэй уулзалтууд хийлээ. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Байдэнтэй хийсэн уулзалт ажил хэрэгч, нөхөрсөг, дулаан уур амьсгалд болсон. Энэ үеэр АНУ-аас орох хөрөнгө оруулалт, компаниудаа дэмжиж ажиллах чиглэлээр тодорхой санал санаачилга гарган ажиллая гэдгээ хэлж байсан. Конгрессын гишүүн, Сенатын гишүүдтэй ч хөрөнгө оруулалтын чиглэлээр уулзалтуудыг хийсэн. Мөн АНУ-ын Худалдааны төлөөлөгч, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын байгууллагын удирдлагуудтай уулзаж, Монголд хийх хөрөнгө оруулалтын чиглэлээр хэлэлцэж явлаа.
Үүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагууд руу хандах асуудал гурав дахь үндсэн багц асуудал байсан. Энэ хүрээнд Блүүмберг телевизийн төв байранд зочилж, арваад сурвалжлагчтай шууд ярилцлага хийж, Ройтерс агентлагт ярилцлага өглөө. Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд “Нью Йорк Таймс” сонинг Монголд Монгол, Англи хэлээр гаргахаар тохирч чадсан нь энэ айлчлалын бас нэг сонин содон явдал байлаа гэж хэлэхийг хүсч байна.
АНУ-д хийсэн энэ айлчлал маань үр дүнтэй айлчлал боллоо гэж үзэж байна. Айлчлалын мөрөөр тодорхой хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагуудтай ажиллах асуудлуудад анхаарал, ач холбогдол өгч ажиллах юм бол эргээд эдийн засаг сэргэх, Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, зөвхөн том төслүүд төдийгүй жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр ч гэсэн амжилттай ажиллах боломж байгаа нь харагдлаа.
Хөрөнгө оруулалтын хэмжээ нь таван триллион долларт хүрэх сангууд, компаниуд уулзалтуудад ирж байснаас харахад манай улсад хандах хандлага, сонирхол эргэж сэргэж байгаа эерэг уур амьсгал харагдаж байна” гэлээ.
НҮБ 1945 оны 6 сарын 26-ны өдөр Сан Франциско хотод анхны дүрмээ баталсны 70 жилийн ойн өдөр НҮБ-ын төв байранд ажиллалаа. Бан Ги Мүүн дарга Сан Франциско хот руу энэ ажиллагаанд явсан учраас түүний орлогчтой уулзаж, энэ намар болох НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлтэй танилцсан.
Хүний эрхийн комисст Монгол Улс анх удаа өөрийнхөө нэрийг дэвшүүлээд байгаа. Энэ сонгууль намрын дээд ассамблэйн үеэр болно. Үүнтэй холбогдуулж Монгол Улс нэр дэвшсэнийг дэмжих чиглэлээр НҮБ болон Хүний эрхийн комиссын удирдлагуудтай уулзсан.
Айлчлалын үеэр Америк, Монгол гэсэн хоёр талын уулзалтуудаас гадна олон талын, НҮБ-ын ажлуудаа урагшлууллаа. Намрын дээд хэмжээний ассамблэйд оролцоход Монгол Улсын бэлтгэлийг хангах чиглэлд тодорхой ахиц гарсан гэж Ерөнхий сайд хэллээ.