Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Кувейтийн нийслэл Кувейт хотноо өчигдөр 14.00 цагийн үед халдлага үйлдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Халдлагын үеэр 27 хүн амиа алдаж, 15 хүн шархтсан тухай албаныхан мэдэгдэв.
Амиа золиослогч сүмийн гадна өөрийгөө дэлбэлсэн байна. Халдлага гарсан сүмд ойролцоогоор 57 хүн байсан хэмээн гэрчүүд ярьжээ.
Шархтсан хүмүүсийн биеийн байдал тун муу байгаа учир амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүйг албаныхан санууллаа. Халдлага Кувейт хотын зүүн хэсгийн Аль-Савабер дүүрэг дэх Имам Садик сүмд болсон байна. Энэхүү халдлагын дараа “Халифын вант улс” бүлэглэл мэдэгдэл хийж, сүмийн халдлагыг зохион байгуулснаа мэдэгдсэн аж. Кувейт хотын захирагч Табет аль Муханна нийслэл хотноо хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна. Тэрбээр “Хэт даврагчдад заавал хариуг нь барих болно. Харамсалтайгаар амиа алдасан иргэдийнхээ амийг нэхэхээ мэдэгдэж байна” гэж хэлжээ.