Categories
мэдээ улс-төр

Энэтхэгийн монголч эрдэмтэнг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Энэтхэгийн монголч эрдэмтэн Ш.Сониг “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулав. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа болон монгол судлалд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Жавахарлал Неругийн нэрэмжит Их сургуулийн монголч эрдэмтэн Шарад Сониг “Найрамдал” медалиар шагнасугай” гэжээ.

Доктор Шарад Сони нь харьцангуй залуу үеийн монголч эрдэмтэн бөгөөд Дели хот дахь Жавахарлал Неругийн нэрэмжит Их сургуулийн Монгол судлалын тэнхимийн эрхлэгч, судлаач юм.

Тэрээр Монгол Улсын орчин цагийн түүхийг судалдаг, Монгол-Оросын харилцаа, Монгол-Хятадын харилцаагаар мэргэшсэн тогтмол судалгаа хийдэг эрдэмтэн юм. Мөн Монголын эдийн засаг, улс төр, геополитикийн талаар судалгаа хийж, Энэтхэгинй болоод бусад гадаад орны нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлдэг юм байна.

Шарад Сони нь “Монгол-Энэтхэгийн харицаа” сэдвээр мастер, “1921-1958 оны Монгол-ЗХУ-ын харилцаа” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Мөн Жавахарлал Неругийн нэрэмжит Их сургуульд Монголын түүх, эдийн засаг, улс төр, гадаад харилцааны чиглэлээр лекц уншиж Энэтхэгт монгол судлалын залуу үеийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж иржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *