Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ангар: Хөрөнгийн зах зээлээс 10 их наяд төгрөг босгох боломж бий

Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Д.Ангартай ярилцлаа.

-Сүүлийн үед компаниуд бонд гаргахад нээлттэй, даатгалын компаниудтай
хамтраад ажиллавал дажгүй мөнгө босгох боломжтой гэж ирээд ярьдаг боллоо. Компаниуд
бонд гаргах боломж жинхэнэ утгаараа нээгдсэн үү?

-Компанийн бонд гэж ирээд ярихаар бидэнд шинэ юм шиг сонсогдоод байна
л даа. Уг нь хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн эхний бүтээгдэхүүн. Хөрөнгийн
зах зээлийн үүсэл ерөөсөө бондоос улбаатай. Анх Засгийн газар бонд гаргаж байсан. Үүнийхээ дараагаар компаниуд
нь бонд гаргасан. Бондын дараа хувьцааны
арилжаа жинхэнэ утгаараа үүсдэг. Гэтэл бид 1990 онд ягаан, цэнхэр тасалбар гээд
баахан хиймэл хувьцаа үүсгэж хүн бүрт өгсөн. Сонгодог утгаар нь хөрөнгийн зах зээл,
хөрөн гийн бирж гэж үзэхэд хүндрэлтэй л дээ. Тийм учраас бид өнөөдрийг хүртэл бонд
гэдэг асуудлыг ойлгохгүй яваад байна. Бонд гэдэг бол хүн төрөлхтний урт хугацааны
хэрэглээг хангаад ирсэн зүйл. Ер нь аж ахуйн нэгжүүд урт хугацаатай, бүтээн байгуулалтын,
хөгжлийн төслүүдээ бондоор л санхүүжүүлдэг. Тоглоомын дүрэм нь тийм. Яагаад гэвэл
урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилтийг бондоор л босгож болдог. Гэтэл өнөөдөр
эдийн засаг санхүүгийн хувьд маш том гажуудалтай болчихсон. 1990 онд үүссэн гажуудал
өнөөдрийг хүртэл засагдахгүй яваад ирсэн. Тэр нь эдийн засгаа барьчихаад байна л
даа. Банкны систем дангаараа нийт санхүүгийн салбарын 95 хувийг эзэмшиж байгаа.

-Ингэхэд зүй жамаараа бол банкны салбар санхүү­гийн салбарын хичнээн
хувийг эзлэх учиртай вэ?

-Солонгорсон эдийн засгийн хувьд санхүүгийн салбарын 40 хувь нь хөрөнгийн
зах зээл, 30 хувь нь банк, 30 хувь нь банк бус бусад салбар тодруулбал даатгал,
хөрөнгө оруулалтын зөвлөх гэх мэтээр явдаг.
Гэтэл манайд 30 байх ёстой хувь нь 95 болчихоор
санхүүгийн том гажуудал болчихдог. Энэ рүүгээ
бид компаниудаа чихэж оруулаад байгаа юм. Зөвхөн банкнаас зээл авахаас аргагүй гэчихдэг.
Нэгэнт хөрөнгийн зах зээл, даатгал, бичил санхүү нь байхгүй зах зээлд банкинд хандахаас аргагүй
болчихож байна л даа. Банкнаас авдаг зээл нь богино хугацаатай, өндөр хүүтэй. Дунджаар
2-3 жил, хүү нь 20-30 хувь. Ийм зээл рүү иргэд, аж ахуйн нэгжээ чихээд оруулчихаар
улсаараа гажуудчихаж байна. Үүнийг засах ганц арга нь хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх.
Хөрөнгийн биржийн удирдлага мундагтаа хийгээд байгаа юм биш л дээ, угаасаа дэлхий
нийтийн жишиг. Санхүүгийн салбарын тулгын гурван чулуу нь хөрөн­гийн зах зээл, даатгал,
банк. Гэтэл манайх банк гэдэг нэг шон дээр дэнжигнэж бай­гаа. Унавал улсаа доош
нь унагах эрсдэлтэй. Тэгэхээр санхүүгийн салбарыг либералч лаад харьцааг нь зөв
тогтоох ёстой. Үүний тулд хөрөн гийн зах зээл нь хөгжих ёстой. Аж ахуйн нэгжүүд
маань зөвхөн банк­ны зээлээр биш, 200, 300 жилийн өмнөөс хэрэглэж ирсэн, нотлогдсон
санхүүгийн хэрэгслийг ашиглах ёстой. Энэ нь компанийн бонд.

-Компанийн бондыг хөрөнгийн зах дээр яаж гаргах вэ гэдэг мөн л шинэ
асуудал гэж бодож байна?

-Бонд гаргана гэдэг хүнээс мөнгийг нь зээлж байгаатай л агаар нэг.
Таны гаргасан бондыг би худалдаж аваад оронд нь мөнгөө өгнө. Та миний өгсөн мөнгийг
арви­жуулаад буцааж өгөх учиртай. Тэгэхээр би таны зээлжих зэрэглэлийг тогтооно
гэсэн үг. Олон улсад бол зээлжих зэрэглэлийн ком паниуд үүсчихсэн. ”Стандарт энд
пүүрс”, “Мүүдис”, “Фитч” гээд гур ван том компани бий. Тэд бонд гаргаж байгаа компаниудыг
судлаад зэрэг­лэл тогтоогоод өгчихдөг юм. AAА, АА, А ч гэдэг юм уу, ВВВ, ВВ, В гэх
мэтээр. Хөрөнгө оруулагчид таныг судлах шаардлагагүйгээр
эдний үнэлгээг хардаг. AAA бол эрсдэлгүй
юм байна, таван хувьтай өгчихье гэнэ. С ангилалтай бол эрсдэлтэй юм байна, 10 хувиар мөнгө зээлье
гэсэн шийдвэр гаргачихдаг. Ингэж хүүгээ тогтоодог. Манай улсын хувьд санхүүгийн
систем нь хөгжөөгүй учраас зээлжих зэрэглэл тогтоодог функц нь дотооддоо байхгүй. Гадны том байгууллагуудын
хөлсийг дотоодын компаниуд нь дийлдэггүй. Засгийн газрын хувьд тэднээр зэрэглэлээ тогтоолгочихож байна л даа.
Тийм учраас бид хөрөнгийн зах зээлийнхээ хөгжлийн үе шаттай уялдуулаад орлуулах
бүтээгдэхүүн гаргаж ирсэн. Даатгалтай уяад өгчихөж байгаа. Хөрөнгө оруулагч бүр
санхүүч байх албагүй. Хэрэглээнээсээ илүү гарсан мөнгөөр бонд гаргаж хүүг нь авч
болно. Зээлжих зэрэглэл байхгүй учраас тэрийг нь даатгалын компаниудаар оруулаад
даатгаад өгчихөж байгаа хэрэг л дээ. Энэ хүн мөнгөө төлж чадахгүй бол даатгалын
компани өмнөөс нь үндсэн болон хүүгийн төл­бөрийг хийнэ гэчихэж байгаа юм.

-Тэгэхээр даатгалын ком­паниуд зээлжих зэрэглэл тогтоодог компаниудын
үүргийг өөр дээрээ авчихаж байгаа юм байна. Ингэж ойлгож болох уу?

-Зарим талаар тэгж ойлгож болно. Бид өнгөрсөн долоо хоногт Даатгалын
холбоотой хамтраад даатгагдсан бонд гэдэг асуудлыг ярьсан. Энэ бол зөвхөн гарах
нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа юм.

-Компаниуд хэр сонир­хож байна?

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд сонирхол нь өндөр байна. Ямар бүтээгдэхүүн
гараад ирэв, бид яаж оролцвол боломжтой вэ гэж асууж эхэллээ.

-Тэгээд хамгийн боломж­той салбар нь тодорхой болж байна уу?

-Хамгийн боломжтой нь барилгын салбар байна. Өнөөдөр (өчигдөр) гэхэд
л Барилга хот байгуулалтын сайдтай санамж бичигт гарын үсэг зурлаа. Барилгын компаниудын
хувьд заавал даатгалтай байх албагүй. Үндэсний хэмжээний хүлээн зөвшөөрөгдсөн компани
бол даатгал төлж нэг, хоёр хувийн зардал гаргахгүй байж болно. Хөрөнгө оруулагч
нь хүлээн зөвшөөрвөл асуудалгүй. Барилгын компаниудын бонд гаргах асуудлыг нээгээд
өгчихөж байгаа хэрэг.

-Ойрын хугацаанд бонд гаргахаар компани байна уу?

-Ойрын нэг сарын хугацаанд нэг компани бонд гаргах нь тодорхой болсон.
Энэ жилдээ багтаж дахиад гурваас таван компани бонд гаргах асуудал яригдаж байна.
Гэхдээ ганц барилга биш л дээ.

-Хамгийн ихдээ хэчнээн төгрөгийн бонд гаргах боломж компаниудад байна?

-Арав орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх бонд гаргахаар ярьж буй компани
ч байна. Дажгүй явчихаар ажил гэж харагдаж байгаа. Яагаад гэхээр хөрөнгийн зах зээл
дээр боломж бий.

-Хөрөнгийн зах зээлээс нийт хичнээн төгрөг босгох боломж бий гэж
та харж байгаа вэ?

-Хөрөнгийн зах зээл дэх нийт эх үүсвэрийг 10 их наяд төгрөг гэж харж
байгаа. Төсөл рүү оролцох бололцоотой 3-5 их наяд төгрөгийн боломж бий. Үүнийг татах
өртөг нь хэд байх вэ гэсэн асуудал гарна. Санхүүжилтийн дундаж өртөг нь 12 хувийн
хүүтэй. Энэ өртөг банкаар дамжихаар өөр. Эцсийн хэрэглэгч хүртэл ашиг нь нэмэгдээд
25-30 болчихож байгаа юм. Бонд гаргавал банкаар дамжихгүй. 12 хувийн эх үүсвэртэй
шууд холбогддог. Дунд нь брокерийн шимтгэл гээд 0.01 хувь, даатгалын хураамж нэг
хувь ч юм уу бий. Гэхдээ л 13 хувиас хэтрэхгүй. Тэгэхээр компаниудаар 13 хувийн
хүүтэй, богино, дунд, урт хугацаатай бонд гаргах боломж нь нээлттэй гэсэн үг. Энэ
нь бас нотлогдсон. Саяхан Засгийн газрын үнэт цаасны арилжаа маш амжилттай болсон.
Засгийн газрын үнэт цаасны арилжаа аль ч улсын хувьд эрсдэлгүй учраас эрэлт өндөртэй
байдаг. Гэтэл өнгөрсөн жил намайг ажлаа авахад зарагддаггүй, дөрөвхөн банк авч ядсан,
хүү нь байнга өссөн дүр зурагтай байсан. Хөрөнгийн бирж арилжаанд ороод ирэхээр
эрэлт нь нэмэгдчихэж байгаа юм. Зохиомлоор
өсгөөд байсан болов уу гэсэн сэрдэлт бий. Засгийн газрын үнэт цаас өнгөрсөн оны
арваннэгдүгээр сард орж ирсэн. Тэр цагаас хойш хүү тогтмол буурсан. Бодитойгоор
хоёр хувиар буурчихаад байна. Цаашдаа ч буурна гэсэн үг.

-Анх 16 хувиар гарсан гэхээр 14 хувь болсон гэсэн үг үү?

-Тийм. Уг нь намайг анх ажил авахад есөн хувь байсан юм. Эргээд есөн
хувь руу орох боломжтой. Дөрөвхөн сарын дотор 16 хувь болж өсч байсан. Иргэд, компаниудад
шууд хамааралгүй учраас тоогоогүй. Гэтэл цаад утгаараа аж ахуйн нэгжүүдийн бонд гаргах боломжийг хаачихаж
байгаа юм.

-Засгийн газрын үнэт цаасны хувь ес рүү ороход ямар боломж нээгдэх
вэ?

-Компаниуд 11 юмуу 12 хувиар санхүүжилт босгох боломж нээгдэж байгаа
юм.

-Засгийн газрын үнэт цаасны хүү хэзээ ингэж буурах боломжтой вэ?

-Мэдээж хүчээр бууруулна гэж байхгүй. Зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтийн
зарчмаар буурна. Өмнө нь дөрөвхөн банк аваад ямар ч хяналтгүй өсч байсан. Одоо хүн
бүр орох эрхтэй болсон. Мэдээлэл нь ил тод. Тэгэхээр шууд өсгөх боломжгүй болсон.
Тийм учраас буураад байна л даа. Сүүлдээ буурахаас гадна бонд олдохоо болилоо.

-Тэгэхээр Засгийн газрын бондын арилжаа эрэлттэй болжээ. Сүүлийн
арилжаа гэхэд ямар байв?

-Сүүлийн дөрөв, таван арилжаан дээр Хөрөнгийн бирж дээр 200 тэрбум
төг­рөгийн захиалга ирлээ. 70 тэрбумд нь л нийлүүлэлт хийлээ. Тэгэхээр 130-150 тэрбум
төгрөгийн эрэлт байна. Энэ хэмжээний бэлэн мөнгө байгаа гэсэн үг.

-Цаашдаа хичнээн төг­рөгийн эрэлт байна гэж та харж байгаа вэ?

-Таван их наяд.

-Тэгэхээр Засгийн газрын бонд эрэлтээ дийлэхгүй байгаа юм чинь компани
бонд гаргавал зах зээл байгаа гэсэн үг үү?

-Зах зээл шингээгээд авчихна.

-Манай даатгалын компа­ниуд баталгаа өгч байна гэхээр нэлээд боломжийн
болжээ дээ?

-Даатгалын компаниудын хувьд хөгжлийн шат нь Хөрөнгийн биржтэйгээ
адил шатанд яваа. Банк 95 хувиар давамгайлсан. Үлдсэн таван хувийг нь бид хувааж байгаа. Мэдээж шууд
том хөрөнгө оруулалт боломжгүй. Эхний ээлжинд 500 сая, нэг тэрбум гээд үе шаттайгаар
нэмэгдэнэ. Даатгалтай 10 тэрбумын бонд гаргах болоогүй. Тэрбумаар эхэлж таарна.
Бонд эргэж төлөгдөөд итгэл үүсвэл 80 хувьд нь даатгаад явах боломжтой. Ингээд бодохоор зах зээл дээр зөвхөн бондоор
500 тэрбумаас нэг их наяд төгрөгийн бонд гаргах өргөн боломж бий гэж харж байгаа.
Цаашлаад таван их наяд. Санхүүжилтийн эх үүсвэр банкны хадгаламжийн хүүтэй тэнцэнэ.
Одоо банкны хадгаламжийн хүү дунджаар 12 байгаа. Цаашдаа буурна.

-Яагаад буурна гэж?

-Банкууд 12-15 хувийн хүүг өгч чадаж байгаа нь цаанаа учиртай. Нөгөө талдаа Засгийн газраас 16 хувийн
хүү авчихаж байгаа юм. Засгийн газрын хүү буурвал хадгаламжийн хүүгээ өгч чадахаа
болино. Хадгаламжийн хүү өндөр байгаа нь нэг талд иргэдэд ашигтай. Нөгөө талдаа
эдийн зас гаа боомилж бай-гаа хэрэг. Хожиж байгаа нь ганц хан банк. Засгийн газрын
үнэт цаасны хүү болом­жит хэмжээндээ очвол банкууд хадгаламжийнхаа хүүг бууруулна.
Ингэснээр аж ахуйн нэгжийн санхүүжилт авах өртөг нь буурч байгаа юм.

-Нээрээ л компаниудын толгойн өвчин нь санхүүжилт шүү?

-Яг тийм, санхүүжилт нь олдлоо гэхэд өндөр хүүтэй, богино хугацаатай.
Бөөн юм болж зээл авдаг. Эхний жилээсээ л хүүгийн төлбөр, хоёр дахь жилээс үндсэн
төлбөр нэхэгдэж, гурав дахь жилээс төлж чадахаа больдог. Өнөөдөр гэхэд л банкны
системд муу зээл толгойны өвчин болж эхэлж байна. Аж ахуйн нэгж, эдийн засаг муудаа
биш. Сайн аж ахуйн нэгжүүдийг муу зээл рүү шахаад оруулчихаар хэцүү байдал үүсчихэж
байгаа юм.

-Мөнгөтэй иргэдийн хувьд найдвартай гэсэн компанийнхаа бондыг худалдаж
авах боломжтой болж байгаа юм байна?

-Тэгэх бүрэн боломжтой. Тодорхой хугацааны дараа хүүг нь компани
төлнө гэсэн үг. Хадгаламжтай адилхан. Засгийн
газрын зээл дунджаар 15 хувийн хүүтэй байгаа. Компани хоёр хувийн нэмэлт хүү өгч
байж таныг татна. Засгийн газрын өнөөдрийн хүү хөөсөрсөн, байж боломгүй хүү. Засгийн
газрын хүү нь нэг оронтой тоо буюу есөн хувь руу орж байж аж ахуйн нэгж хоёр хувиа нэмээд 11 хувиар бонд
гаргах боломжтой. Одоо бол Засгийн газар 15, аж ахуйн нэгж 17 хувиар гаргаж болно. Цаашдаа жамаараа аль аль
нь буураад явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *