Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Заавал хууль хүлээлгүй редакциуд рекламныхаа цаг, талбайг зохицуулцгаая

Манай улсын анхны ардчилсан, чөлөөт хэвлэлүүд өнөөдөр нийгмийн нэг хэсэг, нэгэн өнгө нь болж бойжжээ. Тухайлбал, анхны чөлөөт хэвлэл 25 дугаар суваг телевиз, ТВ-5 гэх мэтээр хэвлэл мэдээллийн салбарын ноён нуруу болж яваа нэг хэсэг байна. Орон даяар ганцхан Монголын үндэсний телевиз цацагддаг байхад “Улаанбаатар” суваг гэж тусдаа байлаа. Сүүлд хувьд шилжиж одоо Монгол Улсын тулхтай хэвлэлийн байгууллага хэмээгдэн олны талархлыг хүлээн ажиллах болжээ. Мөн барууны стандартыг анх нэвтрүүлсэн “Ийгл” телевизийг энд дурдалгүй өнгөрч болохгүй. “Ийгл” телевизийн нэвтрүүлсэн технологийн шинэчлэл, стандарт Монголын хэвлэл мэдээллийн салбарт шинийг авчирсан нь саяхан мэт ч нэгэнт салбарын түүх болон үлджээ. Бас ТВ-9 телевиз байна. Монголдоо мэдээ, мэдээллийг чанартай хүргэж ирсэн салбарын тэргүүлэгч байгууллагын нэг хэвээр байгаа. Бүгд л ардчилсан, чөлөөт хэвлэлийн хөгжилд гол тулгуур нь болж явна. Салбарын түүчээ, акулууд гэж хэлсэн ч хилсдэхээргүй хэмжээнд хүрч хийж бүтээсэн, бас ирээдүйтэй байгууллагууд. Ер нь өнөөдөр Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг эдгээр телевизүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй болчихоод байгаа.

Гэхдээ “Хүн сайн ч хэлэхээс нааш ухаарахгүй, цаас нимгэн ч чичихээс нааш цоорохгүй” гэдэг. Та бүхний нэг дутагдлыг энд шүүмжилмээр байгааг минь өршөөнө үү. Яагаад гэвэл чөлөөт, ардчилсан хэвлэлийн салбарын хөгжилд хор болох хамгийн их магадлалтай асуудал байгаа юм. Тиймээс та бүхний төлөө үүнийг хэллээ. Та бүхний төлөө хэлнэ гэдэг салбарынхаа сайн сайхны төлөө дуугарч байгаа хэрэг юм шүү. Манай байгууллага ч хувийн, ардчилсан чөлөөт хэвлэлийн нэг мөн.

Гол асуудал нь нэг нэвтрүүлэг доторх реклам, зар сурталчилгааны тухай. Нэвтрүүлгийн цагаас арай л их хугацааг зар, сурталчилгаа, реклам эзэлж байна. Нэгэн алдартай кино гарлаа гэж бодоход гуравны хоёрт нь реклам, сурталчилгаа гардаг жишиг тогтчихоод багагүй хугацааг ардаа орхижээ. Жишээ нь “Том эгч” гэдэг солонгос кино сүүлийн үед үзэгчдийг хамгийн ихээр татаж байгаа. Тэгтэл кино гарахыг сануулсан шторк явж, бүтээлийн гарчгийг дөнгөж гаргаад л дуусдаггүй реклам эхэлнэ.

Реклам дуусахыг хүлээж цөхсөн хүмүүс эцэстээ хэвлэлийн салбарыг зүхэх болжээ. Зөвхөн кино үзэхийн тулд иргэд хамаг л муу муухай үгээ энэ салбар руу шидэлж байгаа нь худлаа биш. Киноны хэсгээс аравхан минут гаргаад араас нь арван минут реклам явуулаад байхаар аргагүй биз. Үүнээс улбаалаад “рекламны дундаас кино олж үзэх гэж зовох боллоо” гэсэн шог гэмээр яриаг ч хүмүүс гаргаад амжсан. Энэ нь нэг ёсны шүүмжлэл байх. Уг нь уран бүтээлчид иргэдийн телевиз үзэх хэвшилд зориулан зөвхөн нэг цаг гарахаар тооцоолж бүтээсэн киног Монголын телевизүүдээр үзэж дуусгахад бүтэн оройг зарцуулж байна. Иргэд ч хэвлэлийг яаядаа гэтэл нь муулж, муу үгээр зүхэн байж киногоо үзэж дуусгадаг болсоор удлаа. Иргэд дуртай киногоо үзэхийн төлөө орой бүрийг телевизийн өмнө барж байгааг юу гэх вэ.

Та бүхнээс энэ асуудалд ухаалаг хандаж асуудлыг авч үзэж хэлэлцэн шийдвэрлээч гэж хүсэх байна. Асуудал үнэхээр хүндэрч, төвөгтэй болчихоод байгаа нь үнэн. Даамжирсаар бүр сүүлдээ рекламдуулагчдад ч муугаар тусч эхлэх хандлага ажиглагдаж эхэлснийг нуух аргагүй. Иргэд аливаа нэвтрүүлгийг хөтөлбөрийн цаг өнгөрсний хойно гүйлгэж үзэх болсон нь үүний нотолгоо. Бас интернетийг түлхүү сонгож хэрэглэх болсон нь ч хамааралтай л байх. Салбарт учирч болох хамгийн муу нөлөөлөл гэвэл үүнийг нэрлэнэ. Иргэд реклам үзэхээ байчихвал рекламдуулагч гэж байгаад яах билээ. Мөн асуудлыг шийдэхгүй бол ард түмнийг төлөөлөн төрд суугаа нөхдүүд нэг мэдэхэд л Зар сурталчилгаа, рекламны хуулийг гаргаад ирнэ гэдэгт мөрийцсөн ч алдахгүй байх. Ингээд л “… нэг нэвтрүүлгийн гуравны нэгээс илүүгүй хугацаанд реклам цацна” гэдэг ч юм уу нэг заалт оруулаад та, бидний гал тогоонд оролцоод эхэлбэл яана. Үнэхээр хохиролтой асуудал энэ байх болно.

Манай сониныг ч их рекламтай, унших материал бага нийтэлдэг гэж иргэд уншигчид шүүмжилдэг тал бий. Гэхдээ бид асуудлыг аль болох ухаалгаар шийдэж хэдий хохиролтой байсан ч нийтлэлийн нүүр талбайгаа нэмж, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээдлэх болсон. Тэгэхээр та бүхэн реклам сурталчилгааныхаа тарифыг нэмээд ч хамаагүй асуудлыг цэгцлээч. Шууд хэлбэл зарынхаа цагийг багасгаач. Нэгэнт хууль гарчихвал хэзээ ч засч, залруулшгүй зүйл тэр байх болно. Хичнээн гуйсан ч төрд нөлөөлж болдоггүйг та, бид мэдэх. Ямар сонгууль угтсан нэг жилийн настай телевизүүд биш дээ. Үүрд байж, Монголын түүхийн нэг хэсэг бас ирээдүйн эзэд байсаар байх нь гарцаагүй учраас энэ мэт асуудалд анхаарч байх хэрэгтэй байна.

Тэгэхээр хэдүүлээ өөрсдөө яриад асуудлаа шийддэг байя. Ингэж үзэгчдээ бодох хэрэгтэй байна. Бид ч бас уншигчдаа бодъё. Заавал хууль гарахыг хүлээлгүйгээр, асуудлыг хуульчлуулалгүйгээр редакц бүр үзэгчдийн сэтгэл ханамжийг судалж, зөвхөн энэ л асуудлыг дотооддоо ярилцдаг, шийддэг болмоор байна. Нийтэд тустай, редакцид ашигтай зам нь энэ мэт харагдаад байгаа юм.

Ингэж байж л ардчилсан чөлөөт хэвлэл цаашид оршин тогтнох билээ. Хэрвээ хуулиар асуудлыг шийднэ гэвэл үр дүнд нь редакциуд дампуурах өндөр магадлалтай. Адаглаад мөнгө, санхүүгийн хомсдол нүүрлэж үүнийг дагаад редакцийн чадвар суларна гэх мэтээр өч төчнөөн асуудал босох нь дамжиггүй. Тэгэхээр асуудалд эртнээс ухаалгаар хандаж өөрсдөө, дотооддоо ярилцаад бэрхшээлээ шийдчихвэл хэвлэл мэдээллийн байгууллага, рекламдуулагч, үзэгчид бүгд сэтгэл ханамжтай үлдэх бус уу. Заавал хууль хүлээлгүй редакциуд рекламныхаа цаг, талбайг зохицуулцгаая.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *