Манай сурвалжлах баг шөнийн сурвалжлагаараа залуус чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгааг сонирхлоо. Зуны аагим халуун өдрүүд эхэлж, өдөр нь хэт халж байгаа учраас хэн хүнгүй нар буухыг хүлээх болжээ. Бид нар буухыг хүлээж байгаад орой 22.30 цагийн үед “Ku Damm” сүлжээ ресторанд оров. Бараг дүүрэн хүнтэй байв. Ширээнүүдийг ажиглахад гэрээрээ хоол идэж байгаа хүмүүс, вино шимэх хосууд, найзуудаараа уулзаж буй залуус задгай пиво тулгацгааж харагдав. Зөөгчийг нь дуудаж хоол захиалах гэсэн гал тогоо нь 22.00 цагаас хаачихдаг юм байна. Тогооч явсан гэх хариу өглөө. Тэд 22.00 цагаас хойш бэлэн байгаа самар, чипс зэргийг зардаг ажээ. Уг нь тэндхийн стейкийг идэх гэж зорьж очсон миний хүсэл биелсэнгүй. Ингээд уух юм захиалан хэсэг суулаа. Цагийн дараа л гэхэд зөөгч ирж “Манай сүүлийн захиалга. Та нэмж юм захиалах уу, тооцоогоо авах уу” гэж асууж байна. “Нэмж юм захиаллаа гэхэд танайх хэдээс хаах юм бэ” гэхэд “Одоо хааж байна. 00.00 цаг гэхэд манайх хаалга барина” гэв. Ресторанд хосоороо сууж байсан хоёр тооцоогоо төлчихөөд хаачихаа ярьж байна. “Гадаа дулаахан гоё байгаа юм чинь хоёулаа цэцэрлэгт хүрээлэн орох уу” гэж залуу асуухад бүсгүй дуртай зөвшөөрөв. Бид ч ресторанаас гарлаа.
Гадаа дулаахан байгаа учраас гудамжинд хөл хөдөлгөөн ихтэй байв. Гэхдээ 23.00 цагаас хойш орох газаргүй болж залуус гудамжаар дэмий л сэлгүүцдэг болжээ. Гудамжаар жаахан алхлаа. Дунд сургуулийн гэмээр дөрвөн хөвгүүн “Бүгдээрээ зүгээр байж байхаар баар орох уу” гэж ярилцах нь содон сонстов. Тэд хоорондоо тохиролцсон бололтой “Доргио орцгооё” гэж хашгиралдан алхацгаав. 00.00 цагаас хойш баарнаас өөр орох газаргүй, ер нь ямар ч сонголтгүй болчихож. Ресторанд хосуудын ярилцаж байсныг санаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орохоор хөдлөв. Цэцэрлэгт хүрээлэнгийн машины зогсоол цагийн 1000 төгрөгийн төлбөртэй юм байна. Энд харин наадам болж буй мэт хөл хөдөлгөөн их байв. Дулаарснаас хойш Цэцэрлэгт хүрээлэнг зорих хүмүүс ихэсчээ.
Цэцэрлэгт хүрээлэн 22 төрлийн 110 мянга гаруй мод буттай, зүлэг, цэцэг, унадаг дугуйн зам, 40 метрийн голчтой, 360 градус эргэн оргилдог усан оргилуур, 24 метр өргөн, 230 метр урт боржин чулуун талбай, 30 уран баримал, хүүхдийн болон спортын талбай, 2.5 км гүйлт, цанын зам болон 40х40 хэмжээтэй мөсөн гулгуурын задгай талбайтай гээд магтах зүйл их юм. Хаа сайгүй хүүхэд цангинаж орилолдох дуу, машинаа байрлуулж байхад сонстож байв. Цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалга руу ороход үүднээс нь эхлээд л худалдаа, наймаа эхэлжээ. Тэнд хөгшин залуу, хүүхэд гээд нийслэлийн бүх л хүн цугласан байна. Удирдлагатай машиныг хүүхдүүдэд таван минутыг нь хоёр мянган төгрөгөөр унуулж байна. Тэнд ирсэн хүүхэд болгон л сонирхон тоглож байгаа харагдав. Залуус хоорондоо бооцоотой дартс шидэн тоглох ажээ. Хажууханд нь хөөсөн чихэр, бөмбөлөг зарж байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирснийх хөдөлгөөн хийхээр дугуйн прокат руу очлоо. Таван хүний том дугуй нэг тойроход 10 мянган төгрөг бол дөрвөн хүнийх нь долоон мянган төгрөг аж. Дугуйг олуулаа жийх боломжтой учраас хөл цуцах зовлонгүй юм билээ. Хоёр болоод гурван цуваа дугуй, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гээд олон сонголт байгаа аж. Тэнд дугуйгаа хүлээн таван минут байхад зогсоо зайгүй хүмүүс дугуй прокатлаж харагдав. Тэндхийн ажилчдаас хэр их хүн үйлчлүүлдэг талаар асуухад өдөр халуунд мэр сэр хүн байна. Гэхдээ л хүн ерөөсөө тасардаггүй юм. Орой 20.00 цагаас хойш үйлчлүүлэгч ихтэй болдог хэмээж байв. Дугуй унахаар ирсэн Л.Сондор “Амралт чөлөөт цагаа хөгжилтэй, зөв боловсон өнгөрөөе гэвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд л ирэх байх. Энд ирэх болгондоо дугуй унадаг. Бас усан оргилуурыг хараад суух сайхан байдаг шүү” хэмээж байна. Тус дугуйн зам дээр хүмүүс өөрсдийн дугуйгаа авчирч унадаг бөгөөд өөрийнхөө дугуйтайгаа ирсэн залуус харагдав. Дугуйтайгаа жийж байхад гүйлтийн замаар мөн л олон хүн гүйж харагдав. Гэхдээ голдуу хөгшин хүмүүс ажээ. Тэд хөдөлгөөн хийхээр энд ирж гүйдэг юм байна.
Цэцэрлэгт хүрээлэнд хоол, зууш, хүүхдийн тоглоом, худалдаа, үйлчилгээ гарсан байв. Усан оргилуурын доорх гэрлийн доорх сандал дээр хүмүүс овоороод байхаар нь очлоо. Тэнд дүрслэх урлагаар суралцдаг гэх хоёр оюутан хүмүүсийг суулгаж байгаад хөрөг нь зурж өгч байна. Тэр хоёрын зурахыг хүмүүс сонирхон ийн тойрч зогсчээ. Тэд нэг хөргийг 5000 төгрөг зурж өгдөг юм байна. Нэг зургийг 15 минут зурж байна. Өөрсдийгөө зуруулах гэсэн хүмүүсийн дараалал нэлээд урт болжээ.
Баянзүрх дүүргийн VIII хорооны иргэн Г.Ганзориг “Хүүхдүүдтэйгээ салхилах гээд ирсэн юм. Одоо л агаар салхи нь таараад сайхан байна. Залуучууд болоод гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг ганц газар нь энэ болж байх шиг. Үүнд сэтгэгдэл өндөр байгаа. Залуус, хүүхдүүд их ирдэг учир орчин нөхцөлийг нь сайжруулж, үйлчилгээний газрыг ганц нэгээр нэмэгдүүлбэл зүгээр юм шиг санагдаж байна. Агаар, мод бут, зүлэгний үнэр, төв талбайн хажуугаар суурилуулсан түшлэгтэй сандлууд, гэрэл, цэцэгс сайхан юм. Үзэж харах зүйл олонтой, зугаалах талбай нь ч том болохоор олон цагаар саатчихаад буцдаг юм” гэж ярив.
Улаанбаатар хотод 22.00 цагаас хойш хоол идэх газар олдохгүй бөгөөд 00.00 цагаас хойш орох газаргүй байна. Уг нь хэт их халж байгаа энэ үед л шөнийн худалдаа наймааг нэмэгдүүлмээр юм. Наад зах нь ресторан, coffee shopыг ядахдаа л 02.00 цаг хүртэл ажиллуулчихаж болдоггүй юм байхдаа гэсэн бодол төрж байв. Биднийг 01.00 цагийн үед явахад цэцэрлэгт хүрээлэнгийн хөл хөдөлгөөн татрах шинжгүй л байсан юм. Харин хотын төв рүү хөдөлгөөн эрс багасчээ.