Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой,
Үндэсний их баяр наадмын соёл урлагийн арга хэмжээ долдугаар сарын
1-15-ны хооронд болно. Соёл урлагийн чиглэлээр үндсэн 16 арга хэмжээ
байгаа бөгөөд үүний нэг нь долдугаар сарын 10-ны өдрийн 21.00 цагаас
Чингисийн талбайд “Учиртай гурван толгой” дуулалт жүжиг тоглогдох юм.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр болон Нийслэлийн Засаг даргын тамгын
газар хамтран “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд зохион байгуулж буй
“Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн жүжигчдийн дунд сонгон
шалгаруулалтыг хийсэн байна.
Тус дуурийн гол дүр болох Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дүрд
13 дуучин өрсөлдсөнөөс ДБЭТ-ын гоцлол дуучид шалгарчээ. Тодруулбал,
Юндэнд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Нансалмаад Соёлын тэргүүний
ажилтан Ш.Наранчимэг, Балганд Ж.Бямбажав, Хоролмаад Гавьяат жүжигчин
С.Мөнгөнцэцэг нар багтсан байна. Эдгээр гол дөрвөн дүрд шалгарсан дуучин
тус бүрийг НЗДТГ-аас 10 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнах юм байна.
Монголын үндэсний ууган сонгодог бүтээл Б.Дамдинсүрэнгийн “Учиртай
гурван толгой” дуулалт жүжгийг дуурь болгон тавьсны 65 жилийн ой энэ онд
тохиож байна. Энэхүү түүхэн жилд тус дуурийг анх удаа задгай талбайд
буюу долдугаар сарын 10-ны өдрийн 21.00 цагаас Чингисийн талбайд
тоглохоор болсон юм.