Ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шаардлагатай дэд бүтцийг бий болгоход Эрчим хүчний яамны зүгээс онцгой анхаарч Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдыг төвийн эрчим хүчний системтэй холбож хямд үнэтэй эрчим хүчээр хангахаар боллоо.
Ханбогд, Баян-Овоо сумыг төвийн эрчим хүчний системд холбох ажлын хүрээнд нийтдээ 35 кВ-ын 5.1 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хамт олон 20 хоногт хийж гүйцэтгэн 2015 оны зургадугаар сарын 25-ны өдөр ашиглалтад орууллаа.
Энэхүү барилга угсралтын ажилд шаардлагатай хөрөнгө болох 270.0 сая төгрөгийг Рио тинто групп, “Оюу толгой” ХХК санхүүжүүлж, хамтран ажилласан юм.
“Оюу толгой” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдын ард иргэдийг байнгын цахилгаан эрчим хүчээр хангахад үнэтэй хувь нэмэр оруулж өнгөрсөн хугацаанд нийтдээ 7.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн юм.
Энэхүү төслийн ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэж, амжилттай дуусгасан “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Рио тинто групп, “Оюу толгой” ХХК, “Энержи интернейшл” ХХК-ийн хамт олонд ЭХЯ, орон нутгийн иргэд талархал илэрхийллээ.