УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, С.Ганбаатар нар Эрүүгийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүд мэдээлэлдээ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, Монголын татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдээс УИХ-ын гишүүдэд мэдэгдэл ирүүлсэн тухай дуулгаад, Засгийн газраас боловсруулан УИХ-д өргөн барьсан Эрүүгийн тухай хуулийн төсөлд бизнес эрхлэгчид, ажил олгогч эзэд, аж ахуйн нэгж хуулийн этгээдийг 48 зүйл заалтаар эрүүгийн хэрэгт татаж, торгох, эрх хасах, татан буулгах, ял оногдуулах тэр ч байтугай хуулийн этгээдийн хувьцаа, хөрөнгө орлогыг хураах заалт оруулж, Үндсэн хууль, хүний эрхийн олон улсын болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих оролдлого хийж байгааг эсэргүүцэж байна гэдгээ илэрхийлсэн юм.
Мөн УИХ-ын гишүүдийн ихэнх нь аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байсан, бэрхшээл зовлонг нь мэддэг, бизнесийн эрх чөлөө, хүний эрхийн зохих ойлголттой гэж найдан энэхүү 48 зүйл заалтыг эргэн хянаж, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг эрүүгийн хуулиар далайлгах явдлыг таслан зогсоохыг шаардаж байна гэсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.