Categories
мэдээ улс-төр

Улсад хохирол учруулсан Урт нэртэй хуулийг санаачлагчдад нь хариуцлага тооцъё

Гадныхныг айдаст автуулан болгоомжлолд оруулж, яаран хамаг юмаа ачаад
явахад нөлөөлсөн, дотоод, гадаадын олон компанийг
зогсолт хийлгэсэн хууль бол Урт нэртэй гэгдэх хууль. Хангай, Хэнтий, Хөвс­гөлийн
ой мод, голын ай сав газарт алтны уурхайтай компаниуд бүгд зогссон. Үнэн хэрэгтээ хууль нь хэрэгжээгүй
ч шинэ зууны дэвшилтэт технологитой, лицензийн эрхтэй компаниудын ажлыг зогсоосноос өөр гавьтай
гавьяагүй энэ хуулийн гай нь харин их байлаа.
Компаниуд хуулиа дагаж ажлаа зогсоомогц нинжа нар нь замбараагаа алдсан. Тэднийг хэн ч
дийлдэггүй. Хууль үйлчилдэггүй нинжа нарыг уул уурхайг дураараа сэндийчихэд зориулсан, гадныхныг нүүр буруулахад хамгийн их хувь нэмэр оруулсан,
эдийн засгийн хямралын эхний шанг тавьсан энэ хууль нь санаачлагч хэдэн гишүүний эх орончийн дүрд тоглосноос болж
төрсөн.

Муу сайнаараа хэлэгддэг
Мян­ганбаярын Орхоны хөн­дийд байгаа “Монгол газар” үйл ажиллагаагаа хуулийн дагуу
зогсоолоо. Зөрөөд нинжа нар шуудайгаа үүрээд
хувингаа бариад тийшээ бөөнөөр орчихсон. Хамгийн сүүлийн жишээ Ноён уул. Түүхийн
дурсгал ихтэй уулыг ухаж төнхөх гэлээ гээд зүүсэн алтаа дийлэхгүй болтлоо гоёсон
хэдэн хүн эсэргүүцэж тэмцээд хэвлэлийн хурал
хийгээд сүйд болсон. Одоо нинжа нар Ноён уулаар нэг дүүрчихээд байна. Энэ хуулийн үр дагавар ердөө л энэ. Хууль үйлчилдэггүй
гар аргаар олборлогч нөхдөд боломж олгосон, гадны хөрөнгө оруулагчдыг нүүр буруулахад
хувь нэмэр оруулсан, Монголын эдийн засгийг унагахад, доллар хаданд авирахад нөлөөллөө.

Урт нэртэй хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхний
газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох
тухай хуулийг санаачлагчид нь Б.Бат-Эрдэнэ, Г.Баяр­сайхан, Д.Ганхуяг, Ц.Сэд­ваан­чиг,
С.Одонтуяа, Ц.Даваа­­сүрэн, Ц.Мөнх-Оргил, С.Сайхансамбуу, Д.Энх­­бат нарын гишүүд. Уг балагтай хуулийг
2009 онд санаачилсан.

Хуульд олон компанийн эрх ашиг хөндөгдөж, лиценз нь цуцлагдсан. Хуулийн
үйлч­лэлд 1782 лиценз хамрагдсан бөгөөд зөвхөн алтны л 128 компанийн 240 лицензийн
талбай хамрагдсан байдаг. Энэ нь нийт дүнгээр
130 тонн алт буюу таван тэрбум 600 сая ам.доллартай тэнцэнэ. Ийм хэмжээний мөнгөнд
хаалт тавьчихаар, ийм олон компани үйл ажиллагаагаа
зогсоохоор эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь
ойлгомжтой. Хичнээн өрх айлын амьдрал орлогогүй болсон нь тодорхой. Монголын эдийн
засгийг 17.5 хувийн үсрэнгүй өсөлтөд хүргэсэн гэж үздэг Оюу толгойн таван тэрбум
доллартай тэнцэхүйц хөрөнгийг энэхүү урт нэртэй хууль санаачлагчид үгүй хийжээ.
Эдний устгасан таван тэрбум долларыг Оюу толгой нөхсөн байна. Оюу толгойг хөдөлгөхөөр Ч.Сайханбилэг Дубайд очиж
далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурахад Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нарын нөхөд өнөөх Оюу толгойг гарын үсэг цуглуулж чагтлахаар
хурал зарлаад эхлэв. Ингэж Монголын эдийн засгийг сүйрүүлж дууслаа.

Урт нэртэй хуульд
лиценз эзэмшигч компаниудад төрөөс нөхөн олговор олгоно гэсэн ч өдийг хүртэл өнөөх
нөхөн олговрыг авсан нэг ч компани байхгүй зургаан жилийн нүүр үзлээ. Хууль төрснөөр жилд хорин тонн алт тушаадаг байсан компаниуд
ердөө л таван тонныг тушаах болов. Уул уурхайгаа дагаж эдийн засаг ч овоо болж байтал Урт нэршилтэй урагшгүй энэ хуулиас болж
хамаг юм орвонгоороо эргэлээ. 2009 онд батлагдсан уг хуулийн хэрэгжилт хангалтгүй,
хэрэг­жүүлэхэд зарим бэрхшээл тулгарч байна гэж үзэн 2011 оны нэгдүгээр сард хэсэг гишүүд төсөл санаачилж
бат­луулсан ч дэмжлэг авалгүй анх хуулийг санаачилсан гишүүд болон одоо уул уурхай,
Оюу толгой, Таван толгойг эсэргүүцээд байгаа популист гэгдэх гишүүдийн зарим нь
хурал хаяж, зарим нь хатуу эсэргүүцэн үг хэлснээр батлагдаагүй буцсан юм.

Ингээд Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-д 2014 оны наймдугаар сард өргөн
барьсан ч хуулийн үйлчлэх талбайг бүрэн тогтоогоогүй,
дахин судлах асуудал олон гэж хойшлуулсаар
Засгийн газраас санаачлан 2015 оны
хоёрдугаар сарын 18-нд цагаан сарын битүүний өдөр УИХ баталсан байдаг. Уул уурхайн
компаниуд нааштай юм болох нь гэж горьдсон ч бүр эсрэгээрээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон хэрэг боллоо
гэлцэв. Учир нь өнөөг хүртэл аваагүй ч авна
гэсэн итгэлээ гээгээгүй байсан өнөөх нөхөн олговрыг өгөхөөсөө бултсан заалтууд ороод ирж. Нэг ёсондоо төрөөс
авлага авах биш харин нэмж төлбөр төлөх дээрээ тулаад байгаа аж. Урьдчилсан байдлаар
компаниудад 659 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох тооцоо байгаа ч төр үүнийг
олгосонгүй. Компаниуд хохирч хуулийг хэрэгжүүлэх
боломжгүй болсон. Мөн хуульд зааснаар нөхөн
олговор олгогдоогүй тохиолдолд компаниуд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхтэй гэсэн
заалт бий ч хэрэгжээгүй. Ингээд Урт нэртэй
хууль хэрэгжихгүй хуульд заасан заалтуудыг төр өөрөө зөрчөөд эхэлсэн. Өнөөдрийн
байдлаар уул уурхайн компаниуд дээшээ тэнгэр хол, хууль тэдний эсрэг болчихсон учраа
мэдэхгүй байцгааж байна. Мөн нэгэнт хэрэгжихгүй, үйлчлэх боломжгүй хуулиас болоод
компаниуд өөрсдөө нинжа болж хувирах дээрээ тулаад байна.

Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулиас нааштай заалтууд хүлээж байсан уул уурхайн компаниуд шинээр батлагдсан хуулийг төрийн зүгээс хийсэн том заль гэцгээж байна. Тухайн
үедээ хуулиндаа нөхөн олговор лиценз эзэм­шигч компаниудад олгоно гэж байсан бол
зөрүүлээд Засгийн газар байгаль орчны хохирол, газар ухсан зэргээр үйл ажиллагааг
нь бүгдийг хохирол гэж тооцоод дааж давшгүй өртэй болгожээ. Ингэхээр нөгөөх нөхөн
олговроос давсан торгууль нэмэгдээд ирэхээр
компаниуд дахиж сэхэхгүй дээрээ тулаад байгаа аж.

Өнгөрсөн онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа
өсөн нэмэгдэх татвар буюу роялтыг 10 хувь байсныг 2.5 болгосноор хэдийгээр хамрах
хүрээ багасчихаад байгаа ч татварын ачаар тав зургаан тонн тушааж байсан алтны хэмжээ
13.8 болж өсссөн. Алт гэдэг нь дотоод эх үүсвэрээс цорын ганц валют болж байдаг
зүйл. Гэтэл ийм их хэмжээний валютаа хуулиар хориод байхаар яаж эдийн засаг өөдлөх
билээ.

“Монголд хөрөнгө оруулаад хэрэггүй ээ, улстөрчдөд нь хөрөнгө оруулбал
гадныхныг ивээн тэтгэсэн хууль санаа­чилна, тэрнээс улсад нь хөрөнгө оруулбал өөрсдөө
л хохирно” гэж гадныхан ярьж байсан тухай уул уурхайн салбарынхан хэлж байна лээ.
Энэ мэтээр уршиг ихтэй Урт нэртэй хуулийг санаачлагчид эх орон газар нутаг гэж цээжээ
дэлдэхдээ үр дүнг нь огт тооцсонгүй юу. Тооцсон ч тоолгүй өнгөрөв үү. Улсад хохирол
учруулсан Урт нэртэй хуулийг санаачлагчдад хариуцлага тооцъё.

Украйны Ерөнхий сайд байсан Ю.Тимошенко Оросоос хий авахдаа эх орондоо
ашиггүй гэрээ хийсэн гэж ял эдэлж, шоронд суусан. Тайландын Ерөнхий сайд асан Й.Чинават
цагаан будаа худалдах улсад хохиролтой хууль батлах гэснийхээ төлөө баригдаж хоригдсон. Төр барьж байгаа эрхмүүд эх орондоо ашиггүй гэрээ хийж, хууль баталсныхаа төлөө ял уншуулж байна. Манайд ийм уршигтай хууль санаачилсныхаа төлөө улсад хичнээн их хохирол учруулсныг тооцож
гаргавал том тоо гарна. Гэхдээ гаргаагүй
байна. Гаргаж ирсэн тохиолдолд энэ хуулийг санаачлагчид улс орондоо эдийн засгийн
асар их хохирол учруулсан гэж ял унших хэмжээнд хүрсэн шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Улсад хохирол учруулсан урт нэртэй хуулийг санаачлагчдад нь хариуцлага тооцъё” нийтлэл “Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

“Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч” манай сонины 2015.06.19-ний дугаар 20 нүүрээр хэвлэгдэн уншигчдын гарт очлоо. Эл дугаарын нэгдүгээр нүүрээс арвандолдугаар нүүрт Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээнээс бэлтгэсэн “Өдрийн сурвалжлага” багтлаа. Наадмын өдрүүд хаяанд ирээд байгаа энэ үед Говь-Алтайн бөхчүүдийн бэлтгэл хэр байгаа талаарх сурвалжлагыг өнөөдрийн дугаараас тольдоорой.

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр мэдээлэл хийсэн. Тэрбээр Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, Байнгын хороо хэлэлцэхийг дэмжсэн. Гэтэл өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааны жагсаалтад хэлэлцэхээр оруулсан байсан уг хуулийн төслийг хойшлуулах болсон талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр АТГ ҮАБЗ-д албан бичиг хүргүүлсэн. ҮАБЗ гэтэл УИХ-аар хэлэлцэх гэж байсан хуулийн төслийг үүнээс болж саатуулсан нь АТГ УИХ-ын үйл ажиллагаанд хүртэл нөлөөлдөг болсон байна гээд өөрт тохиолдсон зүйлс болон бусад баримтууд дээр жишээ аван ярьсан юм. Уг мэдээллийг нэг, хоёр, тавдугаар нүүрээс унших боломжтой.

Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчид элсэлтийн ерөнхий шалтгалтаа өгч байгаа. Тэгвэл элсэлтийн ерөнхий шалтгалтад 400-гаас дээш оноо авч байж их, дээд сургуульд элсэх эрхтэй талаарх бичвэрийг нэгдүгээр нүүрээс зургадугаар нүүрт хэвлэгдсэн болохыг уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тоймын эхлэл багтсан бөгөөд үргэлжлэл нь тавдугаар нүүрт хэвлэгдсэн. Өчигдрийн чуулганы хуралдаанаар Гацууртын ордыг гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид буцаасан. Мөн Бригадын генерал Д.Давааг ЗХЖШ-ын даргаар томилсон гээд чуулганы хуралдааны тоймыг унших боломжтой.

“Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Мөнгөндалайн “Улсад хохирол учруулсан Урт нэртэй хуулийг санаачлагчдад нь хариуцлага тооцъё” хэмээх нийтлэл багтлаа. Гадныхныг айдаст автуулсан, яаран хамаг юмаа ачаад явахад нөлөөлсөн гол зүйл нь урт нэртэй хууль тул эдийн засаг хүндрэхэд голлох үүрэгтэй оролцсон уг хуулийн төслийг санаачлагчдад хариуцлага тооцох ёстой гэжээ.

Улс төрийн дөрөвдүгээр нүүрт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон талаарх мэдээлэл болон Налайхын захирагчийн сонгууль, Нийслэлийн НАМЗХ-ны хурлын талаарх мэдээллүүд багтлаа.

Долдугаар нүүрт Малайзад буудуулсан бүсгүйн талаарх сурвалжлага багтсан бол үргэлжлэл нь 19 дүгээр нүүрт хэвлэгдсэн байна. Арваннэгдүгээр нүүрт нийтлэлч Э.Энэрэлийн “Шинэ цагийн хүйтэн дайн” хэмээх сонирхолтой нийтлэл багтсаныг унших боломжтой. Харин арвангуравдугаар нүүрт суут сэтгэгч Платоны талаарх сонирхолтой түүхийг унших боломжтой.

Энэ мэтчилэн олон сонирхолтой ярилцлага сурвалжлагыг манай сонины баасан гаригийн дугаараас уншаарай.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *