Түрүүч нь ¹ 143(5095), 144(5096), 146(5098), 150(5102) дугаарт
Италийн Милан хот дэлхийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлогч гэдгээрээ алдартай. Гудамжаар хөлхөх хүмүүсийн хувцаслалт манайхнаас онцгойрч ялгарахааргүй мөртлөө ийн нэрлэгдэх болсон нь Монтенаполеоне гудамжтай холбоотой. Энэ гудамжинд дэлгүүрээ нээгээгүй бол өөрсдийгөө брэнд үйлдвэрлэдэг гэж яриад ч хэрэггүй хэмээн “томчууд” шивнэлддэг гэсэн. Хүссэн болгон дэлгүүрээ нээж чаддаггүй нь “Ла Галерей” гэх дэлгүүрийн байшинтай холбоотой. Зуу гаруй жилийн настай энэхүү байшинд дэлгүүр нээх талбай олно гэдэг тийм ч амар зүйл биш гэсэн. Өнгөрсөн жил л гэхэд “Burberry” брэнд “Ла Галерей” доторх хоёр дахь салбарынхаа талбайг зарах гэж хувцас загварынхныг хооронд нь “дайтуулжээ”. Тус дэлгүүрт бараг хорин жилийн дараа ийн талбайгаа зарах брэнд гарч ирснээс үүдэн “Манго”-гийн боссууд Италийн үндэсний үйлдвэрлэгч брэндтэй шүүхдэлцэх дээрээ тулж байсан гэнэ. “Тулаанд” Манго ялж өдгөө дэлгүүрийн нэгдүгээр давхарт салбараа нээжээ. Энэ хавиас хувцас худалдаж авахгүй бол эмэгтэй хүний заяа гомдох байлгүй гэсээр хэд хэдэн дэлгүүрээр оров. Дэлхийн оддын хэрэглэдэг брэндүүд тэгтлээ үнэрхээд байдаггүй бололтой. Монголдоо бол тэнгэрт хадсан үнээс нь халгаад орж чаддаггүй брэндийн хувцаснууд хямдарсан үедээ 50 евро хүрэх нь ч бий. Дуртай дэлгүүрээсээ сонирхсон өмдийг 100 еврод багтаагаад авчих нь урамтай байлаа. “Ла Галлерей”-г Миланд ирсэн хүн бүр сонирхоно. Худалдаа наймаа хийдэггүй юмаа гэхэд музей шиг тохижилттой дэлгүүрийн гоё сайхныг бахдахаар орж ирдэг. Эгээ л хааны ордон руу ороод ирэв үү гэмээр өндөр тааз, ханан дээгүүрх уран баримал, алдарт зураачдын бүтээлийг эндээс харж болохоор байв. Дэлгүүр бүрийн хооронд жижигхэн сахиусан тэнгэрийн баримал тавьжээ. Харин хоёрдугаар давхарт нь “Georgio Armani”, “Louis Vuitton”, “Dior”-ын эзэд амьдардаг гэсэн. Бас алдарт загвар өмсөгч Миранда Керр, дуучин Риана тэргүүтэй оддынх байдаг ажээ. Улс гүрэн дамжин явсаар хааяахан эндхийн байрандаа ирэхэд нь Италийн төдийгүй алдартай сонин, сэтгүүлийнхэн шавчихдаг гэнэ. Оддыг гэртээ орох, гарахад нь зураг авчих санаатай эргэлдэх хэвлэлийнхэн хотын төвийн амьдралыг хэд хоногтоо л бужигнуулчихдаг юм байна.
Хотын төв талбайд алдарт Миланы сүм бий. Миланы зүрхэн хэсэг болсон сүмийн барилгыг XVI зуунд барьж эхэлжээ. Дэлхийд алдаршсан нь барилгыг 600 жилийн турш барьж буйтай холбоотой юм. Одоог хүртэл сүмийн засварын ажил дуусаагүй байгаа гэсэн. Гадна талын нүүрэн хэсгийг өндөр төмрөөр сараалжлан тусгаарлаж байгаад засвар хийж байсан. Католик шашны сүм рүү биеийн аль нэг хэсгээ ил гаргаагүй хувцастай хүн бүр орж болно. Үүдээр нь буу барьсан цэргүүд, хар хослолтой хамгаалагч нар хамгаалалтад гарчээ. Орж буй хүмүүсийг нэг эгнээгээр эмх цэгцтэй оруулах бөгөөд мэргэжлийн камераар бичлэг хийх, зураг авахыг хоригложээ. Дотор бас л засварын ажил явагдаж байв. Нарийхан үзүүртэй багаж барьсан бүсгүй хананы ирмэг, булан тохойг засаж байна. Чулууны хэлтэрхий бүрийг нүдний цөцгий мэтээр болгоомжлон хэт нарийн хэмжээсээр янзлах ажээ. Сүмийн гол хэсэгт урт урт модон сандлууд тавьсан байх бөгөөд италичууд залбиран суух ажээ. Дотроо сайн сайхныг мөрөөдөв бололтой нүдээ анин хэсэг сууж байгаад бурхан руугаа харан “Амен” хэмээн адислаж байв. Кинон дээр гардаг шиг бурхны ойролцоо харанхуй өрөөнд суугаад санваартантай ярих өрөө байдаг болов уу, тэнд орж юм яривал яах бол гэсээр хайгаад үзвэл баруун хаалганы дэргэд тийм өрөө байна. Хоёр талаасаа ордог хаалгатай, жижигхэн өрөөний дундуур торон хаалт байх бөгөөд түшлэгтэй модон сандал харагдав. Гэхдээ санваартан, нүглээ наминчилж байгаа сүсэгтэн хоёрын аль, аль нь байсангүй.
Готик загвартай, цагаан гантиган сүмийн барилга хамгийн олон архитектур, уран барималчийн гар дамжсан гэдгээрээ дэлхийн уран барилгын түүхэнд бичигддэг юм билээ. Олон урчуудын гар дамжихын зэрэгцээ нэрт математикч Габриэль Сторналоко Миланд урилгаар очиж сүмийн барилгын тооцооллыг гаргасан гэдэг. 158.5 метрийн урттай, 92 метрийн өргөнтэй, 108 метрийн өндөртэй энэхүү сүмд нэг дор 40 мянган хүн багтана гэж байлаа.
Төв талбайд явж байхад өнгөт арьстай хүмүүс бүчиж аваад өнгө өнгийн нарийхан утас бугуйнд зүүж өгөх гээд хүрээд ирэх юм. Хайр дурлалтай учруулна, эд баялаг дуудна гэж тайлбарлаж байв. Тэднээс зугтах гэж хоёр гараа ардаа нуугаад тойрч гүйсэн ч дагаад салах янзгүй. Бүр энийг чамд үнэгүй зүүж өгье гэсээр нэгийг зүүхдээ өөрийг хамт зангидчихав. Ингээд 15 евро нэхээд явуулдаггүй. Хаа газар байх жуулчдын ангууч гэмээр тэднээс хурдан салахыг хүсээд таван евро өгсөн. Сүүлд сонсох нь ээ, тэдний гарыг цайлгаж хэд ч хамаагүй евро өгөхгүй бол яаж ийж байгаад цүнх савыг нь хулгайлах, бичиг баримтыг нь дээрэмдэх зэргээр төвөг учруулдаг гэсэн.
Милан хотыг италиар “Милано” буюу “төв хот” гэдэг. Италийн хоёр дахь том хот бөгөөд Ломбарди мужийн нийслэл гэж явдаг. МЭӨ V зуунаас эхлэн маш олон удаагийн эзлэн түрэмгийлэлд өртөж байсан бөгөөд 1162 онд том тулаан болсноос хойш тогтворжжээ. XVIII зуун гэхэд Миланд дуурийн урлаг хөгжиж эхэлснээр дэлхийн алдартнууд болох Моцарт, Верди нарын эрхмүүд цуглах болсон байна. 1796 онд Милан хотыг Наполеон булаан авч Италийн нийслэл болгожээ. Удалгүй Австрийн эзэн хааны гарт орсон ч 1859 онд Итали улс нэгдэхэд хоёр дахь том хот болж хөгжсөн гэдэг. Гэвч улс төрийн болон эдийн засгийн гол шийдвэрүүдийг Милан хотоос гаргадаг гэсэн. Өдгөө Милан хот улсынхаа аялал жуулчлалын орлогыг тэргүүлж байгаа юм байна.
Милан хотын бас нэгэн бахархал нь үндэсний хөлбөмбөгийн лигийн “АС Милан”, “Интер Милан” багууд. Хотын төвөөс автомашинаар арав гаруй минут яваад “Сан Сиро” цэнгэлдэх хүрээлэнд ирлээ. Хөлбөмбөгийн тоглолтгүй ч гэлээ дотогш орж цэнгэлдэх хүрээлэнтэй танилцаж болдог юм байна. “Сан Сиро”-гийн музейг үзэх, тамирчдын хувцас солих өрөөгөөр ороход 20 евро төлөв. “АС Милан”-ы тамирчдын хувцас солих өрөөнд багийн үндсэн өнгө болох хар, улаан зонхилж байлаа. Өрөөг тойруулаад багийн гишүүдийн тоогоор савхин бүрээстэй сандал байрлуулжээ. Дунд нь “ACM 1899” гэсэн бичигтэй жижигхэн ширээ байв. Цаана нь тамирчдын хувцасны шүүгээтэй усанд орох газар бий гэсэн. Хөлбөмбөгчид тоглолт эхлэхийн өмнө багийн хурлаа хийхийн зэрэгцээ завсарлагаанаар энд орж ирж амардаг ажээ. Өрөөнөөс гараад нарийхан урт хонгилоор явсаар цэнгэлдэх хүрээлэн рүү орлоо. 1926 онд албан ёсны нээлтээ хийсэн, 80018 хүний суудалтай энэхүү талбайг Милан хотын захиргаа эзэмшдэг ажээ. Харин “АС Милан” баг 1926 оноос, “Интер Милан” баг 1947 оноос хойш хамтдаа өнөөдрийг хүртэл түрээсэлж байгаа юм. Миланд ганцхан байх энэхүү цэнгэлдэх хүрээлэнг анх байгуулахдаа 85700 хүний суудалтай барьж байсан ч 1990 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан томоохон засвар хийжээ. Энэ үеэр ОУХХ-ны шинэ дүрэмд нийцүүлэн 5682 үзэгчийн суудлыг хасаж 80018 болгосон гэнэ. Италийн үндэсний лигийн шилдэг багууд талбайг хамтран эзэмшихдээ “АС Милан” нь эзэн багаар тогловол цэнгэлдэхээ “Сан Сиро” гэж нэрлээд “Интер Милан” нь “Стадио Гиүсэппэ Мизза” гэдэг юм байна. Тэгэхээр үндсэндээ нэг цэнгэлдэх хүрээлэнд хоёр өөр нэр өгч байгаад тоглодог ажээ. Гэхдээ дэлхий нийт энэхүү цэнгэлдэх хүрээлэнг түрүүлж байгуулагдсан “АС Милан”-ы нэрээр буюу Сан Сиро гэдгээр сайн мэднэ.
“АС Милан” баг 1899 оны арванхоёрдугаар сарын 16-нд байгуулагдсан түүхтэй. Европын аваргуудын лигийн долоон удаагийн аварга, Европын цомтой багуудын хошой цомын эзэн, Италийн 18 удаагийн аварга, Италийн цомын таван удаагийн эзэн гэхчлэн олон жилийн түүхтэй. Харин “Интер Милан” баг 1908 онд байгуулагдсан. 2009-2010 оны улиралд Италийн аваргаар 15 удаа шалгарснаар улсынхаа хөлбөмбөгийн түүхэнд бичигдэж байжээ. Бас Европын болон дэлхийн цомд аваргалж байсан бөгөөд дотоодын 29, лигийн 18, улсынхаа зургаан удаагийн цомыг хүртэж байсан түүхтэй. Цэнгэлдэх хүрээлэнгийн музейд Италийн домогт хөлбөмбөгчдийн зураг болон лааны тосон баримлыг байрлуулсан байв. Паоло Малдини, Авиер Занетти зэрэг хөлбөмбөгийн түүхэнд домог болон бичигдэх тамирчдын өмсөж байсан гутал, хувцас, түүхэн дурсгалт гэрэл зургуудыг байрлуулжээ.
Милан хот зайрмагаараа алдартай юм байна. Гудамжинд нь тав алхаад л зайрмаг зарж буй мухлаг таарч байлаа. 3-10 еврогийн үнэтэй зайрмагууд төрөл бүрийн жимснийх байв. Жимсийг тэр чигт нь хөлдөөчихөө юу гэмээр гоё амттай болохоор хэдийг ч идсэн уйдахааргүй ажээ. Тав зургаан төрлийг авч идсээр Миланаас хөдлөх болов. Уг нь хонохоор төлөвлөөд байсан ч хотоос 92 км-ийн зайтай хямдралтай барааны төвд очихоор яаран хөдөллөө. Европын хамгийн том аутлет дэлгүүр байх тосгоныг “Серравелли” гэдэг юм байна. Энд 180 брэндийн дэлгүүр бий. Гэхдээ брэнд гэсэн болгон энд байхгүй. Жишээлбэл “Zara”, “H&M”, “Polo” зэрэг хямд үнэтэй, дэлхийд хамгийн олон салбартай дэлгүүрийг хүлээн зөвшөөрдөггүй юм байна. Аль үнэтэй, чанартай болгон байх хэдий ч бусад дэлгүүрийнхээ үнээс 30-70 хувийн хямдралтай байдаг гэдгээрээ ялгардаг. Жилийн дөрвөн улиралд өдөр бүр хямдарч байдаг болохоор Европ тивийнхэн “Серравелли”-гээс хувцасладаг гэсэн. Дэлгүүрийн гадаа очиход хүний хөл хөдөлгөөн багатай байв. Орж байгаа хүмүүст аутлетсийн газрын зургийг өгөх юм. Газрын зураг дээр хаана, ямар брэндийн дэлгүүр байгааг хайж олоод хүссэнээ авах боломжтой ажээ. Мөн эндхийн ихэнх дэлгүүр татваргүй. 150 еврогоос дээш худалдан авалт хийхээр барааны бичиг өгнө. Түүнийгээ ашиглан Францын хилээр гарахдаа татварт өгсөн мөнгөө буцаан авах боломжтой. Зарим дэлгүүрүүд нь Шенгений орныг орхин гарах үедээ нисэх онгоцны буудлаас мөнгөө буцааж авахыг сануулж байв.
Үргэлжлэл бий>>