ОХУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий
сайд Ч.Сайханбилэг өөрийн төгссөн сургууль болох Москвагийн Хүмүүнлэгийн их
сургуульд өчигдөр зочиллоо. Ерөнхий сайдыг тус сургуулийн захирал
И.М.Ильинский, сургуулийн удирдлага, багш, оюутнууд хүлээн авсан юм.
Ерөнхий сайд уулзалтынхаа эхэнд “Төрөлх гэр шиг
минь санагддаг төгссөн сургуульдаа дахин ирж байгаад баяртай байна. ОХУ-ын нэр
хүндтэй их сургуульд суралцан төгссөнөөрөө үргэлж бахархаж явдаг” гээд багш
нартаа талархал илэрхийллээ.
Мөн жил бүр 350 гаруй монгол оюутан ОХУ-ын Засгийн
газрын тэтгэлгээр сурч буйг, 1980 оноос хойш 60 мянга гаруй оюутан тус улсад
сурсныг онцлоод өөрийнх нь төгссөн сургуульд илүү олон монгол залуус
сураасай гэлээ.
Москвагийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн
захирал И.М.Ильинский өндөр дээд хэмжээний зочин хүлээн авсандаа баяртай
байгаагаа илэрхийлж Ч.Сайханбилэг бол манай сургуулийн шилдэг төгсөгчдийн нэг
байсан. Түүний дүнгийн хуудсанд гуравхан сайн бусад нь дандаа онц дүн байна
гэлээ. Тэрээр Ерөнхий сайдад оюутан байсан үеийнх нь дүнгийн хуудсыг дурсгал
болгон өглөө.
Захирал И.М.Ильинский “Монгол Улсын Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг манай сургуулиас төрөн гарсан анхны учир сургуулийн Эрдмийн
зөвлөлөөс Хүндэт доктор цол олгохоор шийдвэрлэсэн” гээд Ерөнхийи сайдад
Хүндэт доктор цол, олгож гэрчилгээ гардууллаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 1991 онд тус
сургуулийг төгссөнөөсөө хойш 24 жилийн дараа сургуульдаа зочиллоо. Тэрээр
Москвагийн Хүмүүнлэгийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хүндэт зочны
дэвтэрт гарын үсэг зурлаа.
Ерөнхий сайд Петербургийн Олон улсын эдийн
засгийн чуулга уулзалтад оролцохоор Санкт-Петербург хотыг зорилоо гэж Засгийн
газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.