УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 05 минутад, 52.6 хувийн ирцтэй эхэлсэн юм. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Хяналтын тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв.
Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Г.Батхүү гишүүн “Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдаад бараг нэг жил болох гэж байна.
Иймээс ажлын хэсгийн ахлагчийн хувьд хуулийн төслийн хэлэлцүүлгийг эхлүүлж зарчмын асуудлуудаа шийдээд явах нь зүйтэй” гэсэн саналтай байгаагаа хэлэв. Харин ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр хуулийн төслийн зарим асуудал дээр нам, эвслийн бүлгүүд байр сууриа нэгтгэж чадаагүй байгаа учраас шууд хэлэлцэх нь зохимжгүй юм. Иймээс ажлын хэсэг асуудлаа ярилцаж ойлголцон саналаа нэгтгэсний дараа хэлэлцэх нь зөв гэдгийг хэлэв. Ингээд ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн хуваарьт оруулаад ойлголцоод явах боломжтой, гол нь нам, эвслийн бүлгүүд хуулийн төслийн зарим заалттай холбоотой шийдлээ гаргаж ажлын хэсэгт ажиллах боломж олгох нь чухал гэдгийг хэлсэн тул уг асуудлыг хойшлуулж, байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болов.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч ажлын хэсгийн саналаар уг асуудлыг бас хойшлуулж, байнгын хорооны ирэх долоо хоногийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй байнгын хорооны ажлын хэсэг төслийн зарим зүйл, заалтын талаар ойлголцож зарчмын зөрүүтэй саналаа бэлтгэсэн ч нэгдсэн ойлголцод хүрээгүй асуудал бас байгаа. Иймээс ажлын хэсэг асуудлаа нэг мөр шийдэж оруулж ирээгүй байхад хэлэлцэх нь зарчмын хувьд зохимжгүй гэдгээ хэлсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин ажлын хэсэг уг хуулийн төслийн нэгээс бусад асуудлаар ойлголцолд хүрч саналаа нэгтгэсэн учраас ажлын хэсгийн хэлэлцүүлгийг нээлттэй үлдээгээд бусад асуудлаа хэлэлцээд явах боломжтой гэж үзэж буйгаа хэлэв.
Байнгын хорооны дарга А.Бакей ч ажлын хэсгийн ахлагчийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Харин Д.Лүндээжанцан, Н.Батцэрэг нар зарчмаа баривал ажлын хэсэг саналаа нэгтгэж оруулж ирсний дараа хэлэлцэх нь зөв гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Иймээс уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулж, ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх, энэ хооронд ажлын хэсэг хуралдаж нэг мөр шийдэж амжаагүй байгаа асуудлаа эцэслэн оруулж ирэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.