Улаанбаатар хотын гудамж, зам талбайн гадна гэрэлтүүлгийг цагийн механизм ашиглаж удирдах үйл ажиллагааг автоматжуулсан “ТУЛГА” систем ашиглах сургалт зохион байгууллаа. Сургалтад Улаанбаатар хотын Захирагчийн алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн дэд бүтэц тохижилтын хэлтсийн мэргэжилтнүүд, дүүргүүдийн гэрэлтүүлэг ашиглалт үйлчилгээ хариуцсан байгууллагуудын инженер, техникийн ажилчид хамрагдав.
Нийслэлийн гэрэлтүүлгийг автоматжуулж нэгдсэн алсын хяналт удирдлагад шилжүүлэх бодлогын хүрээнд Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид “ТУЛГА” нэртэй суурь системийг 2011 онд гаргасан. Уг систем нь гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг интернэт сүлжээнд холбогдсон гар утас болон компьютер ашиглаж алсаас хянаж удирдах зориулалттай юм. Гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг хариуцсан байгууллагууд уг сургалтад хамрагдсанаар “ТУЛГА” системийг дүүргийнхээ гэрэлтүүлгийг алсаас хянаж удирдахад ашиглана. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “ТУЛГА” системийг ашиглаж дүүргүүдийн гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээнд хяналт хийж, гэрэлтүүлгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тооцдог болох зорилт тавин ажиллаж байна.
Улаанбаатар хотод одоогийн байдлаар нийт 800 гаруй цэгт гэрэлтүүлгийн удирдлагын шит байрладаг. Хотын гэрэлтүүлгийг “ТУЛГА” системд холбох ажлыг 2018 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлнэ. “ТУЛГА” системд өнөөгийн байдлаар 340 цэгт байрлуулсан гэрэлтүүлгийн удирдлагын шитийг холбосон. Одоогоор Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул Баянгол дүүргийн гэр хорооллын гэрэлтүүлгийн удирдлагыг уг системд бүрэн холбоод байна. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн 50 цэгт байрлуулсан гэрэлтүүлгийн удирдлагын шитийг “ТУЛГА” системд холбоход бэлэн болоод байгаа юм.
Хотын гэрэлтүүлгийн хяналт, удирдлагыг “ТУЛГА” системдбүрэн холбож ашигласанаар нэг жилд 300 орчим сая төгрөг хэмнэх боломжтой. Гэрэлтүүлгийг автоматаар алсаас удирдаж цахилгаан эрчим хүчний хэрэглээг 15 хувиар багасгаж, хотын гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг автоматаар хянаж хүн хүч, цаг хугацааг хэмнэх давуу талтай гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.