Улсын Их Хурлын гишүүн, Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө
оруулалтын болон дагалдах бусад гэрээг байгуулах асуудлаар дүгнэлт
гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах Улсын Их Хурлын ажлын хэсгийн
ахлагч Л.Эрдэнэчимэг ажлын хэсгийн явцын талаар өнөөдөр /2015.06.16/
сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Ажлын хэсэг томилогдоод 3 долоо хоног өнгөрч байгаа бөгөөд энэ
хугацаанд 3 удаа хуралдаж, ажлын дэд хэсэг нийт 10 гаруй удаа хуралдсан
байна.
Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг хэлэхдээ, нийт 14 зүйл заалтаар
дүгнэлт гаргах ёстой бөгөөд одоогоор 50 гаруй хуудас дүгнэлт бэлэн
болоод байна. Гэрээний англи эхийг хүсэж 2 долоо хоног хүлээсэн. Англи
эхийг хүлээн авснаас хойш 8 хоногт эхийг монгол орчуулгатай тулгалт
хийхэд 10 гаруй хуудас зөрүү байна гэлээ.
Мөн тэрээр Засгийн газрын 2014 оны 268-р тогтоолын хурлын протокол,
Энержи ресурс болон Шинхуа компанийн хооронд хамтарсан компани байгуулах
гэрээ, Сумитомо компанитай Худалдааны компани байгуулах гэрээ, Энержи
ресурс болон Эрдэнэставан толгой хоорондын эрх шилжүүлэх гэрээ зэргийг
ирүүлэхийг хүссэн ч өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байна. Тиймээс эдгээр
гэрээг авсаны дараа ажлын хэсэг үргэлжүүлэн хэлэлцээд дүгнэлтээ гаргаж
өгнө. Зарим гэрээ нууцлалын зэрэгтэй ба компанийн нууцад хамаарна гэсэн
тайлбарыг Засгийн газар өгч байгаа боловч Монгол Улс уул уурхайн ил тод
байдлын дэлхийн сүлжээнд орж үүрэг хүлээсэн учир уул уурхайн чиглэлийн
үйл ажиллагаанд нууцлалд хамаарах зүйл заалт байх ёсгүй гэж үзэж
байгаагаа мэдэгдсэн юм.
Түүнчлэн зургадугаар сарын 14-15 ны өдрүүдэд ажлын дэд хэсэг Эрдэнэс
тавантолгой компани дээр ажилласан байна. Өнөөдрийн байдлаар Эрдэнэс
тавантолгой компанийн агуулахад 2.3 сая тонн, хөрс хуулж олборлоход
бэлэн болсон 2 сая тонн нүүрс бэлэн байгаа бөгөөд нийт 140 сая долларын
үнэлгээ бүхий нүүрсний нөөц нь Чалкогийн 142 сая долларын өрийг дарахад
хүрэлцэхээр байна. Эрдэнэс тавантолгой дээр 1400 гаруй хүн 24 цагаар
ажиллаж байгаа бөгөөд Чалко компани сардаа 600 мянган тонн нүүрс
зөөвөрлөн авч байгаа талаар мэдээллээ.
Мэдээллийн төгсгөлд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.