Categories
мэдээ нийгэм

Тэтгэврийн шинэчлэлийг хийхдээ төр ийм бодлого баримтална

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыгөнгөрсөн долоо хоногт УИХ баталлаа. Тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогобатлах гол шалтгаан нь “baby boom” буюу 1960-1979 оны хоорондох “төрөлтийн оргил үе”-ийн тэтгэврийн харилцааг зохицуулахад оршжээ. Тодруулбал, 1960-1979 оны төрөлтийнхөн 2030 он гэхэд бүгд тэтгэвэрт гарна. Гэтэл тэд өөрсдөө цөөн буюу нэгээс хоёр хүүхэд төрүүлсэн нь 15 жилийн дараагаас Нийгмийн даатгалын санд ачаалал үүсэх шалтгаан болоод байгаа аж. Шууд хэлбэл нийгмийн даатгал төлөгчид хэт цөөн болж тэтгэвэр авагсад огцом нэмэгдэх гэнэ. Хэрвээ тэтгэврийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ 2020 онд ДНБ-ий 4.5, 2030 онд долоо, урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтэй байгаа юм байна. Үүнийг зохицуулах нэг арга нь тэтгэврийн насыг нэмэх бол нөгөө арга нь хүн бүрт байж болох хамгийн бага тэтгэврийг олгох.

Энэ парламент, Засгийн газар 15 жилийн цаадахыг харж бодлогоо тодорхойлохдоо дээрх хоёр зарчмыг хоёуланг нь ашиглахаар тусгажээ. Тиймдээ ч Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын 2.1.4-т “Эрэгтэй, эмэгтэй даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаар ижил байх…” хэмээн тусгасан байна. Энэ нь эрэгтэй хүн эмэгтэйчүүд шиг 55 настайдаа тэтгэвэрт гарна гэсэн үг лав биш. Товчхондоо эмэгтэйчүүд 55 настайдаа тэтгэвэртээ сууж болно. Бас 60 нас хүртлээажилласан ч болно гэсэн үг ажээ. Үүний зэрэгцээ бодлогын 3.4.1-д “Хүн амын дундаж насжилттай уялдуулж, тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаарыг өөрчлөх асуудлыг судлах” гэсэн заалтыг оруулсан байна. Утга нь “2030 оноос тэтгэврийн эмэгтэй насыг 60, эрэгтэй насыг 62 болгох уу гэсэн судалгааг явуулж үр дүнд нь үндэслэн зохицуулалт хийнэ” гэдгийг чуулганы хуралдаан дээр гишүүд ярилцаж байв. Мөн 3.2.7-д “1979 оноос өмнө төрсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн хэмжээ нь ажилласан жил тутамд дундаж цалин хөлсийн хоёр хувиас багагүй байхаар бодож тогтоох” гэжээ. Уг нь өнөөдөр 2.5 хувиар бодож тэтгэвэр тогтоож байгаа ч оргил ачааллын үед зайлшгүй ийм алхам хийх ёстой гэж үзсэн бололтой. Засгийн газраас уг заалтыг тайлбарлахдаа ирэх жилүүдэд дундаж цалингийн хэмжээ нэмэгдэх учраас ямар ч тохиолдолд тэтгэврийн доод хязгаар буурахгүй гэж байгаа. Мөн “эдийн засаг сэргэлттэй, Нийгмийн даатгалын санд ачаалал үүсэхгүй бол өнөөдрийнх шиг жилийн цалингийн 2.5 хувиар бодож тэтгэвэр олгож болох хувилбар ч байгаа” гэсэн. Хамгийн гол нь төрөөс баримтлах бодлогодоо хуулиа нийцүүлэн шинэчлэхдээ л сайтар ярилцах нь зүйтэй гэцгээн уг заалтыг шингээн баталсан нь энэ.

Түүнээс гадна 3.2.8-д “1979 оноос өмнө төрсөн даатгуулагчийн тэтгэвэр тогтооход даатгуулагчийн таван жилийн цалингийн дунджаар тодорхойлж байгааг 2020 оноос нэмэгдүүлж 2025 он гэхэд даатгуулагчийн 10 жилийн цалингийн дундажид үндэслэн тэтгэвэр тогтооно” гэсэн байна. Уг заалт нь асуудлыг өнөөдрийнхөөс хүндрүүлж байгаа мэт харагдаж болох ч иргэдэд ашигтай хэмээх тайлбар мөн гарсан. “Даатгуулагч тэтгэвэр тогтоолгох насны хязгаарт хүрч 10 ба түүнээс дээш жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол өндөр насны тэтгэвэр авах эрхтэй байх” гэсэн заалт орсон нь арваас доош жил шимтгэл төлсөн бол хэзээ ч, ямар ч тэтгэвэр авахгүй гэж ойлгогдож байгаа юм. Харин “Хөдөлмөрийн бүтээмж өндөртэй даатгуулагчийг нэмэлт хуримтлал, хадгаламж үүсгэх замаар тэтгэвэр тогтоолгох үед санхүүгийн олон тэтгэврийн орлоготой болох нөхцөлийг хангаж, орлогын баталгааг нь нэмэгдүүлэх”, “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, албан бус салбарт ажиллагч бага орлоготой иргэнд зориулсан албан журмын тэтгэврийн даатгалын тусгай хөтөлбөр бий болгох”гэх мэтээр бодлогоо тодорхойлжээ.

Бодлогод тусгаснаар ирээдүйд Хувийн тэтгэврийн сан гэж гарч ирэх бололтой. “…Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалыг хувийн хэвшлийн тэтгэврийн сан явуулах ба уг урт хугацааны даатгалын компани эрхлэн гүйцэтгэх бөгөөд эрх бүхий байгууллага зөвшөөрлийг олгож хяналтыг тавина” гэж тусгасан байгаа юм. Мөн эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлж, асарсан хугацааг тэтгэврийн даатгалын шимтгэл төлснөөр тооцдог болох зорилтыг төр бодлогодоо тусгажээ. Түүнээс гадна аж ахуйн нэгжүүдэд халгаатай гэмээр нэг заалт төрийн бодлогод суусан байгаа. Тодруулбал, “Аж ахуйн нэгж, байгууллага даатгуулагчийн тооноос хамаарч орон тооны ба орон тооны бус нийгмийн даатгалын ажилтантай байх” асуудлыг удахгүй төр хуулиар зохицуулах юм байна. Энэ нь хувийн хэвшлийн байгууллагуудад орон тоо нэмж сул хүн цалинжуулахаас эхлээд төвөг чирэгдэл ихтэй байна гэдгийг судлаачид яриад эхэлсэн. Түүнчлэн хувийн хэвшлийн байгууллагад төр нийгмийн даатгалын ажилтнаар дамжуулан хяналт тавих нь гэсэн хардлага ч явж байгаа юм. Сануулахад эдгээр заалтууд нь цаашид төрөөс баримтлах бодлого болохоос амьдрал дээр шууд мөрдөж эхэллээ гэсэн үг биш. Ирэх 15 жилийн хугацаанд энэхүү бодлогыг шат дараатайгаар хууль болгон амьдралд мөрдөж хэвшүүлэх зорилгыг өнөөдөр тавьж байгаа нь энэ. Гэхдээ л манай улсын тэтгэврийн тогтолцоо цаашид энэ бодлогын дагуу явж, дээрх заалтууд хуульд сууна.

Л.Мөнхөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *