Categories
мэдээ спорт

Баянхонгорын бөх улсын наадамд түрүүлбэл 60 сая төгрөг өгнө

Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тавдугаар сарын 13-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор “Олимп, тив, дэлхий, улсын аваргын тэмцээнд оролцож, онцгой амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн шагнал олгох журам” баталсан байна.

Аймаг, орон нутгийн тамирчдын ур чадварын үнэлэмжийг дээшлүүлж, онцгой амжилт гаргах идэвх, сонирхол өрнүүлэх, улмаар дэлхийн хэмжээнд өрсөлдөх тамирчдыг төрүүлэхэд энэ журмын зорилго оршиж байгаа аж. Тус журмаар олимп, тив, дэлхий, улсын аварга, спортын их наадам, Монголын бүх ард түмний спортын их наадамд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж онцгой амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн шагнал олгох юм байна.

Тухайлбал, төрөл хариуцсан дасгалжуулагч нарт тамирчдын шагналын 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгох бол багийн спортод тамирчдын 50 хувь нь тухайн дасгалжуулагчийн шавь байгаа тохиолдолд хариуцсан дасгалжуулагчид аймгийн Биеийн тамир, спортын газрын тодорхойлолтыг үндэслэн шагнал олгох асуудлыг шийдвэрлэх аж.

Харин Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн тус аймгийн харьяат бөхөд 60.0 сая төгрөг, улсын гарьд, заан цол авсан бөхчүүдэд 30.0 сая төгрөг, улсын харцага, начин цол авсан бөхчүүдийг 20.0 сая төгрөгөөр нэг удаа урамшуулах юм байна.

Баянхонгор аймгаас улсын наадмын түрүү хүртсэн тохиолдол ховор аж. Тус аймгийн Богд сумын харъяат олон түмнээ Нисэхийн хэмээн алдаршсан Пагамийн Аюуш арслан 1949 оны улсын наадамд түрүүлсэн ч хожим 1956 онд арслан цолыг нь нөхөн олгосон байдаг. Харин 1991 онд П.Сүхбат гарьд улсын наадамд үзүүрлэж байжээ. Харин одоо Баянхонгор аймгаас улсын харцага Д.Батболд, улсын начин Б.Баянжаргал, Ж.Чулуунбат нар ид барилдаж байна. Мөн Гурванбулаг сумын харъяат улсын начин Б.Сэр-Од байгаа ч сүүлийн үед барилдахаа больсон аж. Харин улсын цолонд ойрхон аймгийн арслан олон бий. Тухайлбал, улсын харцага Батболдын төрсөн дүү аймгийн арслан Д.Энхбат, аймгийн хурц арслан Д.Болдын хүү аймгийн арслан Б.Эрдэнэхүү, аймгийн арслан Н.Золбоо, Б.Бат-Орших, Давж. Батбаяр зэрэг бөхчүүдийг цолоо ахиулна хэмээн нутгийнхан нь итгэл хүлээлгэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *