Categories
мэдээ нийгэм

Японы Санхүүгийн үйлчилгээний байгууллагын дарга манай улсад айлчиллаа

Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяагийн урилгаар Японы Санхүүгийн үйлчилгээний байгууллагын дарга ноён Киёши Хосомизо тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийлээ. Тэрээр айлчлалынхаа эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын тогтолцоог сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хэтийн зорилтын хүрээнд мэдлэг, туршлага солилцоход хамтран ажиллах чиглэлийн талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Хорооны дарга З.Нарантуяа төрийн өмчит компаниудыг болон стратегийн ач холбогдол бүхий ордуудын тодорхой хувийг биржээр дамжуулан хувьчлах талаар Хорооноос хэрэгжүүлж буй бодлогыг танилцууллаа. Мөн тэрээр Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /JICA/-аас санхүүжүүлж буй “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг чадавхжуулах төсөл”-ийн туслалцаатайгаар ирэх онд 3-4 IPO хийхээр төлөвлөж буй талаараа мэдээлэл хүргэв.

Ноён Хосомизо төрийн өмчит компаниудыг хувьчилахад ирээдүйд ард иргэдэд ямар үр өгөөж өгөх талаар сайн ойлгуулж мэдээлэх нь зүйтэйг онцолсон бөгөөд төрийн өмчит компанийн хувьчлалын талаар өөрийн орны туршлагаас хуваалцлаа.

Түүнчлэн уг айлчлалын хүрээнд Японы Санхүүгийн үйлчилгээний байгууллагын дарга ноён Киёши Хосомизо болон албаны төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монголбанкны ерөнхийлөгч ноён М.Золжаргал нартай албан ёсны уулзалт хийнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдэээллийн албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *