Энэ долоо хоногт 30 хэм хүртэл халах юм байна лээ. Зуны халуун өдрүүдэд бүсгүйчүүд гэлтгүй залуус хэрхэн гоё харагдах, энэ зуны хувцас загварт ямар өнгөтэй, ямар загварын хувцас моодонд орохыг танилцуулъя.
ОДРИ ХЭПБУРН МАЛГАЙ МООДОНД ОРЖ БАЙНА
Зуны аагим халуунд малгай өмсөх нь олон талын ач тустай. Нэгдүгээрт, нарны хэт ягаан туяанаас арьсыг тань хамгаална. Нарны тос түрхээгүй байсан ч малгайтай явбал арьс өнгөө алдах нь харьцангуй бага. Хэт халуунд малгайгүй явбал үс амархан хуурайшдаг, хугарамтгай болдог ажээ. Үүний зэрэгцээ халуун наранд малгайгүй явснаар хүзүү борлох талтай. Учир нь ихэнх хүүхнүүд нарны тосыг зөвхөн нүүрэндээ түрхдэгээс болж зуны улиралд хүзүү, нүүрний арьс хоёр өөр өнгөтэй харагдах гээд байдаг байна. Дээрхээс сэргийлж малгай өмсөхийг зөвлөе. Холливудын алдарт жүжигчин Одри Хэпбурн загварын буюу том биш мөртлөө бөөрөнхий саравчтай малгай худалдан аваарай. Хэрэв саравчтай малгай өмсөх дуртай бол богино саравчтайг сонгох хэрэгтэй.
НҮҮР БУДАЛТЫН ЧИГ ХАНДЛАГА
Сүүлийн үед нүүрэндээ гэрэл, сүүдэр тавих моод дэлгэрсэн. Зуны улиралд сүүдрээ бага, гэрлээ илүү тод тавихыг мэргэжилтнүүд сануулж байна лээ. Сүүдэр нүүрийг бараан харагдуулах хандлагатай байдаг болохоор намраас илүү тод тавьж болох юм. Харин зуны нартай өдөр сүүдрээ тод тавьж будвал өнгөлөг харагдах юм. Мэргэжлийн гоо сайханчид энэ зуны нүүр будалтыг bare face буюу огт будаагүй юм шиг байлгахыг хүсчээ. Цэвэрхэн харагдах энэхүү будалтын гол анхаарах зүйл нь теньний уусалт гэсэн. Бүдэг өнгийн тенийг маш бага хэмжээтэй тавихдаа уусалттай будаарай. Ямар ч тод өнгө байхгүй энэхүү будалт нь хүнийг натурал харагдуулдаг онцлогтой. Хэрэв үдэшлэгт явах гэж байгаа бол 1960-аад оны оддын будаж байсан “Cat eyes”-ыг санаарай. Уруулын тухайд бүсгүйчүүдийн хэзээ ч уйдаж байгаагүй час улаан өнгө ноёлсон хэвээр байх гэнэ. Харин хацар өнгөлөгчөө хэдхэн сар мартахыг зөвлөе. Учир нь зуны халуунд хацар өнгөлөгч тийм ч таатай харагдуулдаггүй. Хэрэв хацраа өнгөлөхгүй байж чадахгүй байгаа бол бүдэг ягаан өнгийг сонгоорой.
Хөмсөг гэвэл өтгөн, өргөн хөмсөг моодонд оржээ. Ийм хөмсөг бүсгүйчүүдийг илүү залуухан харагдуулдаг. Хэрэв хөмсөг багатай бол нэг халбага ургамлын тос, хоёр ширхэг нүүр цэвэрлэгч хөвөн ашиглан хөмсгөө ургуулаарай. Хөвөнгөө ургамлын тосонд дүрж хөмсгөн дээрээ хагас цаг хэртэй хугацаанд байлгаснаар ургалт нь түргэсдэг байна.
БҮСГҮЙЧҮҮД УУТАН ЦҮНХЭЭР ГАНГАРААРАЙ
Цүнх бол бүсгүйчүүдийн өдөр тутмын хэрэглээ. Энэ зун 1980-аад оны цүнхний загвар эргэн ирж байгаа гэнэ. Хайрцган хэлбэрийн цүнх зэргийг загварын мэргэжилтнүүд онцолж байгаа юм байна. Өнгөрсөн хавар “Chanel”, “Valentino”, “Louis Vuitton”, “Christian Dior” зэрэг дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч, тэргүүлэгч брэндүүд бүсгүйчүүдийн гар цүнхний чиг хандлагыг тодорхойлохоор шилдэг дизайнеруудынхаа дахин давтагдашгүй, өвөрмөц загваруудаа дэлгэн, Парис хотноо чуулжээ. Энэ үеэр хайрцаг хэлбэрийн дөрвөлжин цүнхнүүд моодонд орсон гэнэ. Бас урт түрийтэй гутал зонхилж байгаатай холбогдуулан уутан цүнхийг санал болгож байгаа юм байна. Тод өнгийн, элдэв чамин зурагтай даавуун уутан цүнх намхан өсгийтэй гуталтай хоршдог. Даавуун цүнхний тухайд гонзгойдуу хэлбэртэй байх ажээ.
УРТ ЦАГААН ДААШИНЗ БҮСГҮЙЧҮҮДИЙН ГОЁО
Цагаан, хар өнгө моодноос гарч байсан эсэхийг мэдэхгүй юм. Энэ зуны тухайд аль ч төрлийн хувцсан дээр цагаан өнгө ноёлох ажээ. Даашинзны тухайд урт, шулуун загвартай цагаан өнгийн даашинзаар гангарахыг бүсгүйчүүдэд зөвлөе. Бас цагаан суурьтай, цэцгэн хээтэй даашинз, цамц өмсөөрэй. Гэхдээ жижиг цэцгэн хээ үеэ өнгөрөөсөн гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүний оронд том цэцгэн хээтэй хувцсыг санал болгож байна. Цэцгэн хээ хүмүүсийг ерөнхийдөө махлаг харагдуулах гээд байдаг хэдий ч хувцасныхаа хэлбэр, материалыг зөв сонгож чадвал биеийн галбирыг төгс харагдуулах гэнэ. Цэцгэн хээ хүч түрэн орж ирж буйтай зэрэгцээд шатрын нүүдэл шиг том шоотой цамц трэнд болжээ. Хэрэв амралт чөлөөт цагаараа гадуур гарах гэж байгаа бол поло поп буюу захтай цамцыг дэрвэгэр хормойтой юбкатай хослуулж болох юм байна. Ингэж хослуулж өмссөнөөр залуухан харагдах ажээ. Даашинз болон цамц, зуны орой өмсөх нимгэн хүрэм дээр унжлагатай зүүлт зүүгээрэй.
ЭНЭ ЗУНЫ ГУТЛЫН ТРЭНДТЭЙ ТАНИЛЦ
Хурц тод өнгөтэй, этгээд сонин хэлбэртэй гутал энэ зун моодонд орох нь. Нарийн, шөвгөр хоншоортой гадсан өсгийтөөс илүүтэй өргөн бүдүүн өсгийтэй болон индүүн ултай гутал худалдаанд зонхилж байгаа. Хэрэв сандаал өмсөх гэж байгаа бол цулгүй биш, элдэв тоног ихтэй, олон өнгийн оруулгатайг өмсөх хэрэгтэй. Зуны халуунд цоглог харагдах ийм төрлийн гутлаа богино өмдтэй хослуулан өмсөж болох юм. Энэ зуны бас нэгэн онцлог бол өвдөг шүргэсэн урт түрийтэй гутал байх нь. Гэхдээ мэдээж хэрэг зуны халуунд өмсөх болохоор нимгэн материалтай, торон байж болно. Хэрээстэй, үдээстэй гутал өмсвөл дээгүүрээ чөлөөт загварын цамц өмсөөрэй.
ӨНДӨГ БОРЛОСОН АРЬСЫГ ХАМГИЙН ХУРДАН ЦАЙРУУЛДАГ
Зун хөдөө явж амраад ирэхээр хамгийн түрүүнд тулгардаг асуудал бол борлосон арьс. Ялангуяа цайвар, шаргал царайтай хүмүүс борлочихоор тийм ч сайхан харагддаггүй. Хэрэв богино хугацаанд хурдан цайрахыг хүсэж байвал юун түрүүнд нүүрээ гуужуулж сураарай. Зориулалтын гуужуулагч бэлэн байхгүй бол гэртээ зөгийн бал, бор сахар хоёрыг ижил хэмжээтэй холин сайтар хутгаж байгаад борлосон арьсаа гуужуулж болно. Гуужуулахдаа долоо хоногт хоёроос илүү хэрэглээд хэрэггүй. Учир нь нүүрний арьс дөрвөөс тав хоногт төлждөг гэнэ. Гуужуулж цэвэрлэсэн нүүрэн дээрээ өндөгний цагаан, шарыг тусад нь аваад маск тавьж болно. Бас өглөө бүр лимонтой ус уувал арьс мэдэгдэхүйц цайрдаг. Мөн лимоны хальсыг хуулаад хөргөгчнийхөө мөс хөлдөөдөг хэсэгт дэвсэн буцалсан ус хийж хөлдөөгөөрэй. Түүгээрээ оройд нүүрээ арчвал арьс цайрахаас гадна чангардаг юм байна.
С.АЛТАНЦЭЦЭГ