Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь
шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг
зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана
явагдсныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн
дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч
гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг
эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Гомдлыг
шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна” гэж
заасныг “… Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн
шийдвэр байна.” гэсэн хэсэг нь “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд
заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл … шүүхийн шийдвэрийг
давж заалдах … эрхтэй.”, “… Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр
нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, “давж заалдах
болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, “Улсын
дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх …” гэсэн Үндсэн
хуулийн заалтыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц өмнө
нь гаргасан билээ.
Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.
Тиймээс Үндсэн хуулийн цэц 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр болох Их
суудлын хуралдаанаараа энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн
шийдвэрлэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.