Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Харцага, начин цолтнуудын халз барилдааныг магнайлсан Баатархүүгийн Пүрэвсайхан

“Өдрийн зочин” буланд энэ удаа Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Баатархүүгийн Пүрэвсайханыг онцолж байна. Тэрээр өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Монгол бөхийн өргөөнд болсон харцага, начин цолтой бөхчүүдийн халз барилдаанд нэг ч уналгүй найм давж түрүүлсэн. Уг барилдаанд өнөө цагийн бөхийн өнгө болсон Ц.Содномдорж, Э.Оюунболд, Ө.Бат-Орших нарын харцага, Э.Энхбат, Р.Пүрэвдагва нарын шилдэг начингууд зодоглосон. Үндсэндээ харцага цолтой зургаан бөх, начин цолтой зургаан бөх халз барилдсан гэсэн үг л дээ. Пүрэвсайханы хувьд зургаан начныг дараалж хаяад өөрийн багийн гишүүн, харцага Оюунболдын оронд дахин хоёр барилдаан гаргасан. Мөнхийн өрсөлдөгч Пүрэвдагва начинтай хоёр барилдаж хоёуланд нь өвдөг шороодуулсан юм. Харцага, начингуудын барилдаан өнөө жилийн наадмын өмнө болж буй томоохон барилдааны нэг гэдгээрээ онцлог байсан.

Одоо бол бөхчүүд аймаг аймгийнхаа галд харьяалагдаад бэлтгэлдээ гарч байгаа. Наадмын өмнө их сорилго барилдааныг эс тооцвол томоохон барилдаан болохгүй. Пүрэвсайхан харцага өнгөтэй байгаагаа ийнхүү харууллаа.

Тэрээр 2012 оны наа­дамд Ж.Бат-Эрдэнэ гарьд, Д.Баасандорж заан нарыг өвдөглүүлж улсын начин цо­лонд хүрсэн. Дараа жилийнх нь наадамд түүнийг цолоо ахиулна гэж бөх сонирхогч олон таамаглаж байсан. Гэвч залуу начин тавын даваанд Завханы Б.Гончигдамбатай тунаж барилдаад өвдөг шороодсон. Гончигдамба тэр жил аварга С.Мөнхбатыг их шөвгийн дөрөвт хутгаж даваад үзүүр булааж байлаа. Өнгөрөгч жилийн наадамд Пүрэвсайхан Говь-Алтайн Ж.Амартүвшин, Төв аймгийн Ө.Даваабаатар, Хөвсгөлийн Ц.Содномдорж нарынхарцагуудаар 3-5 давж, зургаагийн даваанд Д.Азжаргал арсланг давснаар харцага цолны болзол ханга­сан. Залуу харцагын хувьд заал танхимын барилдаанд тун сайн барилдаж байгаа. Тухайлбал, эрх чөлөө, тус­гаар тогтнолоо сэргээн ман­дуулсны түүхт ойн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэм­­жит цомын барилдаанд Г.Эрхэмбаяр аваргатай үл­­дэж түрүүлж байлаа. Уг барил­даанд энэ цагийн бө­хийн өнгө сор нь болсон чансаагаараа тэргүүлж буй шилдэг 128 хүчтэн зодоглодог юм.

Түүний хувьд бөхийн удам­тай. Бөх сонирхогч олны хайртай бөхчүүдийн нэгэн улсын заан Чогсомын Батзориг Пүрэвсайхан харцагын аавынх нь төрсөн дүү. Бөхийн ертөнцөд хөтөлсөн багш нь. “Би хотод орж ирээд Батзориг ахындаа таван жил амьдарсан. Ах сүүлийн ганц хоёр жилд бэлтгэл хийхгүй байгаа. Түүнээс өмнө байнга хамт бэлтгэл хийдэг байлаа. Ах бэлтгэл дээр их ширүүн. Тэр ширүүн бэлтгэлийн ачааллыг даасны хүчинд өнөөдөр ийм хэмжээнд барилдаж байна. Тэгэхээр миний үзүүлж буй амжилт ахтай салшгүй холбоотой. Барилдаан тараад л би ахынд очдог. Тэгээд бид хоёр баахан барилдана, ярилцана. Анх “Нарантуул” захаас нэг хар монгол гутал авч байсан. Тэр гуталтайгаа барилдаад аймгийн заан болсон. Аймгийн арслан болоход Батзориг ах заан болохдоо өмсч байсан монгол гутлаа “Ах нь энэ гутлаар олон бөх хавирч давж байлаа” гээд өгсөн. Би улыг нь солиулаад өмссөн. Одоо болтол өмсдөг” хэмээн тэрээр Батзориг зааны тухай өгүүлсэн юм.

Нэгэн үед “Залуу зургаан заан” хэмээн Өсөхөө аварга, Цэрэнпунцаг, Гантогтох гарьд нарын хүчтэнүүдийг хэлдэг байлаа. Тэдний барилдааныг үзэх гэж бөхдөө хайртай түмэн тэсэн ядан хүлээдэг байсан. Тэдгээр хүчтэнүүдийг монгол бөхийн барилдааныг урлагийн түвшинд аваачсан гэж үзэх хүмүүс ч бий. Үнэхээр тэдний хооронд “гал гарсан” барилдаан болдог байлаа. Ялангуяа 2000 оны наадмыг ард түмэн санаж байгаа болов уу.Долоогийн даваанд Бат-Эрдэнэ аварга Мөнх-Эрдэнийгээ амлаад өнөө зургаа чинь хоорондоо тунаж байсан. Яагаав, Сүхбатын Сумъяабазарыг нисэлттэй гар ачдаг наадам шүү дээ. Үүн шиг Ц.Содномдорж, Ч.Санжаадамба, Б.Гончиг­дамба, Б.Пүрэвсайхан, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд нарын залуу хүчтэнүүд байна. Тэд ихэвчлэн хоорондоо тунаж байна.

Ялангуяа Пүрэвсайхан Пүрэвдагва хоёр байнга тунаж барилддаг мөнхийн өрсөлдөгчид. Пүрэвдагва нь тэсрэлттэй барилддаг болоод тэр үү, хоёр Пүрэвийн барилдаан жинхэнэ гал гарна. Тэр жил яалаа, ардчиллын ой билүү нэгэн барилдаанд манай хоёр ана мана үзээд, арай л зодоон цохиондоо хүрээгүй. Олны өмнө соёлгүй байдал гаргасан гэж Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид ард түмнээс уучлал гуйлган, тэргүүнийг нь гудайлгуулж байсан удаа бий. Ингэж л хоорондоо шаралхаж, эрмэг зоримог яс барилддаг сайхан залуу. Өнөө жилийн наадамд тавын даваанд туначихаад зогсож байхыг үгүй гэхгүй л байх. Б.Пүрэвсайханы бүтэн жилийн барилдааныг эргэн харахад өнөө жилийн наадмаар өндөр амжилт үзүүлэх магадлал тун өндөр байгаа юм.

Н.ГАНТУЛГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *