Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд сэтгэл хоргодсон есөн жил

Иосеф Гелетаг хэмээх мажаар эр дэлхийн нэгдүгээр дайны үед Оросын цэрэгт олзлогдон Саяаны нуруунд цөллөгдөж нэгэн цахилгаан станцад гурван жил ажиллажээ. Эх орон, гэр орноо санан мөрөөдсөн тэрээр наймаачдын тусламжтайгаар Монгол руу нэвтэрч Хятадаар дамжин төрсөн нутаг Унгар руу буцахаар сэтгэл шулуудан замд гарсан байна. Арай гэж Монголд ирсэн боловч улс төрийн байдлын улмаас цааш явж чадалгүй 1920-1929 оны зун хүртэл саатсан юм. Тэрээр Монголд бараг арван жил ажиллаж амьдрахдаа өдрийн тэмдэглэл хөтөлж түүнийгээ ашиглан хожим нь Унгарын сэтгүүлч Лааслуу Фурбаттай хамтран “Монголд сэтгэл хоргодсон есөн жил” номоо бичсэнийг монгол хэлнээ хөрвүүлжээ.

Орос, Хятадын дунд орших Монгол нь газар нутгийн хувьд тус хоёр гүрний сонирхлыг үргэлж татсаар ирсэн гэдгийг номын эхэнд дурдсан байдаг. 1920 онд Гелета Иосефийг ирэх үед Япон Монголд санаархаж эхэлснийг онцолжээ. Саяаны нуруугаар дамжин арай гэж манайд ирээд хамгийн түрүүн Хүрээ орох улааны зар бичиг авахаар Маа сайд буюу Хатанбаатар Магсаржавтай уулзжээ. Гэвч эхний уулзалтаар түүний хэрэг бүтсэнгүй. Нэгэн монгол цэргээр ёс заншлыг сайтар заалгаж Маа сайдад дахин бараалхахдаа хадаг барьж зөвшөөрлөө авч Хүрээг зорьсон байна. Улиастай, Вангийн хүрээгээр дамжин цааш явахад нь тохиолдсон сонирхолтой түүхүүдийг өгүүл­жээ. Ингэж явахдаа Мон­голын өвөрмөц ёс заншил, сэтгэхүйг маш сайн ойлгож мэдэрсэн байна. Тиймээс ч ирсэн гадныхан нүүдэлчдийн онцлогийг төдий­лөн ойлгодог­гүй, ойлгохыг ч хичээ­дэггүй байсныг шүүмж­лэн бичжээ. Төөрч будилж явсаар Богд Гэгээний өргөөлөн залардаг Хүрээнд ирэхэд Хятадын гамин цэргүүд ороод ирчихсэн алтан оройт сум дуганы дэргэдүүр алхаж байв. Амьд гарч, амь зуухын эрхээр хятадуудтай хамтарч тэсрэх бөмбөг хийхэд нь хүртэл тусалсан байна. Гелета Иосефийн цааш Хятадыг зорих төлөвлөгөө биеллээ олсонгүй. Түүнийг Хүрээнд ирээд удаагүй байтал Барон Унгер Штернберг Хүрээг эзлэн авч, хятадуудыг хөөн гаргаж Богд Гэгээнтнийг эргүүлэн хаан ширээнд зал­жээ. Барон Унгерн чухам ямар төлөвлөгөөтэй байсан, Монголд хэрхэж байсныгуг номондоо нэлээд хэд хэдэн баримтаар дурдсан байдаг. Тухайн үед Хүрээнд Барон Унгерентэй танилцаж нөхөрлөсөн М.Оссендовский “Хүн, араатан, бурхад” номондоо түүний талаар төдийгүй Монголын тухай нэлээд ташаа өгүүлснийг ч Гелета Иосеф хэд хэдэн хэсэгт онцлон дурдаж, баталгаа болох баримтыг дурджээ. Штернбергийг Хүрээнд радио станц барьсан хэмээн бич­сэн нь худал гэдгийг онц­лоод бүр 1918 онд Хятадын Засгийн газрын санаа­чилгаар барьсан бо­лохыг бичжээ.

Гелета Иосеф нөхцөл байдлын ул­маас аргагүй эрхэнд Орос руу буцаж өнөө­гийн Хиаг­тад очиж нэгэн худалдаачны охинтой гэр бүл болсон ажээ. Нөх­цөл байдлын улмаас Өргөөнд эргэн очжээ. Тэнд амьдарч байсан герман найзаараа дамжуулан Сангийн сайд Дорж мээрэнтэй уулзаж анхны цахилгааны станцын зураг төслийг гаргаж, барих ажилд гол үүрэг гүйцэтгэсэн байна. 1912-1914 онд Ерөнхий сайд О.Намнансүрэн, Гадаад хэргийн тэргүүн сайд Чинван Ханддорж нар Оросын хаант улсаас таван сая гаруй рублийн зээл авч уг станцыг барьсан гэдэг. Харин 1926 онд тэрээр хоёр дахь цахилгаан станцыг бариулах ажлыг хийлгүүлжээ. Үүний дараа Иосеф Гелета нь парламентын байр барих шалгаруулалтад оролцож түрүүлсэн тухайгаа уг номондоо бичсэн байна. Энэ нь бидний мэдэх Бөм­бөгөр ногоон театр аж. Ийн­хүү Монголын бүтээн бай­гуулалтын ажилд идэвх­тэй оролцож байсан түүний захисан тоног төхөөрөмж нь саатаж, Иосеф Гелета ч нутаг буцсан байна. 1920-иод оны эхээр Монголд арваад жил амьдарсан энэхүү герман эрийн нэн сонирхолтой амьдралын түүхийг “Монголд сэтгэл хоргодсон есөн жил” номоос та уншаарай.

Ю.ДЭЛГЭРМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *