Categories
булангууд мэдээ цаг-үе эрэн-сурвалжлах

ХӨСҮТ-ийн эмч нар буруу оношилсноос зургаан сартай охин амиа алдсан гэв

-УЛААН БУРХАН ӨВЧНИЙ ШИНЖТЭЙ ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН ОХИН ӨЧИГДӨР АМИА АЛДЖЭЭ-

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д эмчлүүлж байсан зургаан сартай охин өчигдөр амиа алджээ. Охины биеэр улаан тууралт гарсан учраас өнгөрсөн сарын дундуур ХӨСҮТ-д үзүүлж, эмчлүү­лэхээр хэвтсэн аж. Тус төвийн эмч нар охиныг улаан бурхны халдвар авсан гэж оношилсон байна. Эмнэлэгт хэвтсэнээс хойш охины бие улам бүр хүндэрсээр байжээ. Эмчилгээ хийж эхэлснээс хойш хэд хоногийн дараа дахин шинжилгээ авсан эмч нар “Улаан бурхан биш байсан байна. Гэхдээ өөрчлөлттэй гарсан” гэсэн талаар талийгаачийн ар гэрийнхэн ярьсан. Эмчлэгч эмч нь “Хатгаагүй. Бие нь дээрдэж байна” гэж байсан ч охины бие улам бүр муудаж, таталт өгч, цусаар хүндэрч эхэлсэн гэнэ. Ингээд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмч дуудаж үзүүлэхэд “Энэ хүүхэд чинь хоёр уушгиндаа битүү хатгаатай байна” гээд ХӨСҮТ-ийн эмч нарыг загнасан талаар мэдээлэл өгсөн эх сурвалж хэлсэн. Охины бие улам бүр муудаж, цус алдаж эхлэхэд эмч нар “Ходоод нь цоорсон байж болзошгүй” гээд эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлжээ. Тухайн үед эмчлэгч эмч нь “Өнөө шөнийг давчихвал маргааш мэс засал хийнэ” гэж охины ээжид хэлжээ. Гэвч маргааш нь “Ходоод нь цоороогүй юм шиг байна. Нарийн гэдэс нь цоорсон байж магадгүй. Дотуур цус алдаад байна” гэжээ. Энэ мэтээр оношилж чадаагүй гэж ар гэрийнхэн нь гомдолтой байгаа аж. Охиныг эрчимт эмчилгээний тасагт байхад нь “Танай охиноос муу хүүхэд ирлээ” гээд энгийн тасаг руу шилжүүлсэн гэнэ. Энгийн тасагт ирсэн оройгоо охины даралт нь унаж, бие нь муудсан учир дахиад эрчимт эмчилгээний тасагт шилжүүлжээ. Охин эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байхдаа амиа алдсан аж.

Хохирогчдын өгсөн мэдээллээр охин улаан бурхан өвчнийг эмчлэх тасагт байхдаа байнга шахам ханиалгаж, 38.5 хэм хүртэл халуурдаг байжээ. Тэр бүрт тайвшруулах тариа хийж унтуулдаг байсан гэнэ. “Охин минь эмнэлэгт тийм хүнд ирээгүй. Буруу оношилж, буруу эмчилж сэхээнд орсных нь дараа ХӨСҮТ-ийн эмч “Манайх бүх эмчилгээг хийсэн. Улаан бурхны халдварлах хугацаа нь ч дууссан. Тиймээс дүүргийн эмнэлэг рүү юм уу, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв рүү шилжиж болно. Та нарын сонголт” гэж хэлсэн. Эрүүл саруул хүүхэд төрүүлчихээд эмч нарын буруугаас алдсандаа харамсалтай байна. Олон хүн ийм хагацал бүү үзээсэй” гэж талийгаач охины ар гэрийнхэн хэлсэн.

М.ТУНСАГ: ЗУРГААН МЯНГА ГАРУЙ ХҮНИЙ ДУНД ИЙМ ГОМДОЛ ГАРГАХ НЬ БАЙЛГҮЙ Л ЯАХАВ

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс өчигдөр үдээс хойш ХӨСҮТ-д очлоо. Тус эмнэлгийн удирдлагууд салбар яамныхаа хуралд явсан учраас албан ёсоор хариулт өгөх хүн байхгүйг жижүүр нь учирлаж байв. Хэвлэл мэдээллийн албанаас өгсөн мэдээллээр энэ сарын 2-ны байдлаар улаан бурхан өвчний 12458 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур, Налайх дүүрэг болонӨвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт улаан бурхан өвчин бүртгэгджээ. Тэднээс540 хүн лабораторийн шинжилгээгээр улаан бурхан өвчин туссан нь батлагджээ. Мөн 1984 хүн тархвар судлалынхолбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр улаан бурхнаар өвчилсөн нь тогтоогдсон байна.

Уржигдрын байдлаар ХӨСҮТ-д 549 хүн улаан бурхны хүнд, хүндэвтэр хэлбэр гэсэн оноштой эмчлэгдэж байна. Хүүхдийн баяраар төвийн хүлээн авах тасагт хоногтоо 600 гаруй хүн хандаж үйлчлүүлснээс 100 гаруй нь эмнэлэгт хэвтсэн байна. Зургаан сартайгаас таван настай хүүхдэд улаан бурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын вакцин хийж байгаа. Дээрх насны хүүхдийн 90 орчим хувь нь вакцин хийлгэжээ. Дархлаажуулалт маргааш дуусах юм байна.

Ийм албан мэдээлэл авсны дараа ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсагтай утсаар холбогдож ярилцлаа.

-Танай эмнэлэгт эмчлүүлж байсан зургаан сартай охин өнөө өглөө (өчигдөр) амиа алдсан гэдэг мэдээллийн дагуу холбогдож байна.

-Зургаан сартай охин эрчимт эмчилгээний тасагт амиа алдсан нь үнэн. Бидний зүгээс боломжтой гэх бүх эмчилгээг хийж, авах ёстой арга хэмжээг авсан.

-Охин улаан бурхнаар өвдөөгүй. Хатгаатай байсан гэх юм.

-Улаан бурхан биш бол энд юу гэж байлгах вэ дээ. Харъяа эмнэлэг рүү нь шилжүүлнэ шүү дээ. Гэхдээ одоо улаан бурхнаар өвдсөн эсвэл хатгаатай байсан гэж ярих боломж алга. Задлан шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна. Тэгэхээр бүх зүйл тодорхой болно.

-Охины бие өдөр ирэх бүр муудаж, таталт өгч, өндөр хэмтэй халуурсан талаар эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн. Тэр бүрт тайвшруулах тариа хийгээд унтуулдаг байсан. Жижүүр эмч нь хэдэн цагаар тасгаа орхиод явчихдаг гэсэн. Үнэн үү?

-Манай эмч нар өдөр шөнөгүй маш их ачаалалтай ажиллаж байна. Улаан бурхны шинжтэй зургаан мянган хүн хүлээж авсан. Хоногт 700 гаруй хүн хүлээн авч байна. Зургаан мянга гаруй хүний дунд ийм гомдол гаргах нь байлгүй л яахав. Охины аав ээж гомдолтой байгааг сонссон. Хэрвээ гомдолтой байгаа бол манай эмнэлгийн захиргаанд бичгээр, албан ёсоор гомдол гаргах эрхтэй. Тэгж байж бид албан ёсоор хариу өгнө. Яаманд ч хандах эрх нь бий. Одоогоор надад албан ёсоор гомдол ирээгүй байна.

-Охиныг хариуцсан эмч Болормаа улаан бурхны халдварлах хугацаа дууссан. Өөр эмнэлэгт шилжиж болно гэсэн. Мөн давтан шинжилгээгээр улаан бурхнаар өвдсөн гэдэг нь нотлогдоогүй талаар ар гэрийнхэн нь мэдээлэл өгсөн. Анхнаасаа буруу оношилсон юм биш биз?

-Болормаа эмчид гомдолтой байгаа бол албан ёсоор эмнэлгийн захиргаанд хандах ёстой. Тэгж байж бид шалгана шүү дээ.

-Талийгаачийн ходоод нь цоорсон, нарийн гэдэс нь цоорсон гээд хоёр өөр онош тавьсан ч арга хэмжээ авч чадаагүй юм уу?

-Бид байж болох бүхий л арга хэмжээг авсан. Охин гэнэт цус алдсан. Аврах боломж байгаагүй. Эмч нар нойргүй хонож. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс ч эмч нар ирсэн. Чухам яагаад цус алдсан нь задлан шинжилгээний хариугаар тодорхой болно. Хүүхдээ алдсан хүмүүс гомдолтой байлгүй яах вэ. Гэхдээ албан ёсны дүгнэлт гарсны дараа ярих асуудал. Түүнээс өмнө дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга гэв.

Ц.ӨРНӨХ

Б.Хүрэлцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *