Categories
мэдээ улс-төр

Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн
анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, байнгын хорооноос гаргасан зарчмын
зөрүүтэй 40 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав. Санал
хураах явцад гишүүд зарим зарчмын зөрүүтэй саналын талаар хэлэлцүүлэгт
бэлдсэн ажлын хэсгийн гишүүдээс тодруулга авч, байрь сууриа илэрхийлж
байсан. Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дууссаны дараа
хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн
байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хууль санаачлагчийн
илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
С.Баярцогт, байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн
Су.Батболд нар танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэлд, Монгол
Улсын эдийн засгийн хөгжил нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбар тэр
дундаа дэд бүтцийн хувьд манай орон дэлхийн жишигт нийцсэн байх
шаардлагыг бий болгож, улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын үйл
ажиллагаа явуулах, бүс нутгийг хамарсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх,
олон улсын нисэх онгоцны буудал, аймаг, хотыг холбосон шинэ зам, шугам
сүлжээ барих, дагуул хот байгуулахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын
эзэмшил, өмчлөлд байгаа, эсхүл Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад
зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд эргүүлэн авах, солих, гаргах,
түүний хэмжээ, заагийг тогтоох хэрэгцээ бий болж байна.

Иймд нийгэм, эдийн засгийн хөгжилд үр
дүнтэй нөлөө үзүүлэх олон улсын чанартай дэд бүтцийн бүтээн байгуулалт,
төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинээр суурьшлын бүс бий болгох хэрэгцээ
шаардлагаас үүдэн зарим газрыг тусгай хэрэгцээнд авах эрх зүйн орчныг
бүрдүүлэх чиглэлээр Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн
төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Засгийн
газраас зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд эргүүлэн авах буюу солих
тухай шийдвэрийг нэгдсэн журмаар гаргаж асуудлыг шуурхай шийдвэрлэж,
бүтээн байгуулалтын үйл ажиллагааг богино хугацаанд бүрэн хэрэгжүүлэх,
суурьшлын бүсийг нэмэгдүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулж, аж
үйлдвэр, аялал жуучлал, худалдаа үйлчилгээ хөгжсөн, өрсөлдөх чадвартай,
хот, сууринг шинээр байгуулж, дэд бүтцийг хөгжүүлэх нөхцөл, боломж
бүрдэнэ хэмээн тооцоолж байгаа аж.

Хууль санаачлагчийн илтгэл болон
байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн
Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг, О.Баасанхүү, Ё.Отгонбаяр,
А.Бакей, Ж.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар, Д.Батцогт, Р.Бурмаа,
С.Оюун, Я.Содбаатар нар асуулт асууж хариулт авлаа.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн
О.Баасанхүү, яаралтай горимоор хэлэлцэхээр орж ирж байгаа, тэгэхээр
эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгийн асуудал нь шийдэгдчихсэн,
хуулийн зохицуулалт л дутаад байгаа юм уу. Хөрөнгө оруулалтыг хэрхэн
шийдэхээр төлөвлөж байгаа вэ, Ё.Отгонбаяр гишүүн танилцуулга маш
ерөнхий, найруулга муутай хийгдсэн байна. Үндэсний болон томоохон бүтээн
байгуулалт гэж байгаагийн ялгаа нь юунд байгааг ч эргэж харах хэрэгтэй.
Хэлэлцүүлгийн шатанд улам сайжруулах шаардлагатай гэв.

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг,
Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг зайлшгүй
хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна. Эдгээр төслүүд хэрэгжээд эхэлбэл
олон аж ахуйн нэгж, зам, барилгын компаниуд ажилтай болно. Гол нь ажил
эхлэх гэхээр газрын асуудал дээр маш их гацаатай байдаг учир тусгай
хамгаалалтад газруудаа яаралтай авч бүтээн байгуулалтын ажлуудаа
түргэвчлэх шаардлагатай байна. Иймд энэ асуудалд анхаарал хандуулж
хуулийн төслийг яаралтай батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа
илэрхийлэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Оюун үндэсний хэмжээний томоохон төслүүд гэдэгт ямар төсөл орох талаар асуугаад, төслүүдийг жагсаалт байдлаар гаргаж Улсын Их Хурлын тогтоолоор байталж байвал зүйтэй гэсэн саналыг хэлж байсан.

С.Баярцогт сайд гишүүдийн асуултад
хариулахдаа, хуулийн төслийг боловсруулахдаа хууль батлагдсан тохиолдолд
хэрэгжүүлэхээр тооцсон төслүүдийн талаар танилцуулав. Үүнд:

1/Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүдийн Азийн хурдны зам /АНЗ/,

2/Рашаант Маань чиглэлийн Богдхан төмөр зам,

3/Богдхан уулыг тойрсон хурдны зам,

4/Майдар эко хот байгуулах,

5/Төв аймгийн Хөшгийн хөндийд барьж байгаа Олон улсын нисэх онгоцны буудал барих,

6/Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах дагуул хот байгуулах,

7/Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж
байгаа олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах холимог
тээврийн ложистик төв байгуулах,

8/Шинээр барих олон улсын нисэх буудлын
дэргэд Хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болох эдийн
засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг төслүүдийн урьдчилсан ажлууд хийгдсэн
бөгөөд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц болохуйц бүтээн
байгуулалтын үйл ажиллагааг богино хугацаанд бүрэн хэрэгжүүлэхээр ажлын
хэсэг байгуулагдан ажилласан хэмээв. Харин санхүүжилтийн талаар тэрээр,
хөрөнгө оруулалтыг концессийн гэрээгээр, Дэлхийн банк зэрэг хөрөнгө
оруулагчдын зээлээр санхүүлж байгаа. Түүнчлэн зарим төслүүдийн хувьд
ААН, байгууллагууд өөрсдөө хөрөнгө босгоод хийж байгаа төсөл ч байгаа
хэмээн хариулсан.

Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсний
дараа байнгын хорооны саналаар тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй
гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 77,7 хувийн саналаар
дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс хөдөө
аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Хуралдааны төгсгөлд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн
хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдээс хуулийн
төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал
хурааж гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр
Төсвийн байнгын хороонд шилжүүлж өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв
гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *